Эрх баригчдыг жонхууруулж яваа түүнийг хүлээж ав, АН!!!

Х.Баттулга эргэн ирэхээ мэдэгдэж хаврын улстөрийг эхлүүллээ. Эргэн ирэх гэхээс ил гарч тоглохоо зарлалаа гэвэл зохих биз. Тэр Ерөнхийлөгчийн суудлаас буусан ч улс төрийн тавцангаас буугаагүй. МАН-ын даргын арын өрөөнөөс АН-ыг бужигнуулж, эрх баригчдын дунд Л.Оюун-Эрдэнийн нөлөөг тэлэхэд анхаарсаар ирэв.

Хуулиар Х.Баттулга АН-ын даргад өрсөлдөх эрхтэй.

Ялалт байгуулах боломж ч өндөр гэдгийг www.niigmiintoli.mn сайтын Мониторингийн албанаас хийсэн судалгаа харуулж байна. Тус алба өнгөрсөн өдрүүдийн нийгмийн сүлжээний их өгөгдөл дээр дүн шинжилгээ хийхэд 91.76 хувь нь Х.Баттулгын ил гарч тоглохыг дэмжжээ.

Тэр дундаа жендэрийн хувьд эмэгтэйчүүд илүүтэй дэмжсэн нь сонирхолтой дүн юм.

Өгөгдсөн контент буюу “Х.Баттулга Ардчилсан намын даргад өрсөлдөнө” гэх мэдээллийг үзэгсдийг цаг минутаар нь шүүвэл дийлэнх хувь нь гадаадад буй монголчууд, бусад нь Монголын цагаар өдөр 13-14:00 болон оройн 20:00 цагаас хойш хандсан байгаа нь төр, төсвийн албан хаагчид, нам улстөрийн амьдралд ойр байгсад гээд дүгнэчихэд хол зөрөхгүй биз.

Тэрчлэн Х.Баттулгын пиарын баг хэсэгтээ намжмал байгаад, эсэргүүцэгчдээс үзүүлж болох сөрөг бүгдийг гаргуулсны эцэст төгсгөл дээр нь жинтэйхэн контент шидэх төлөв судалгаагаар гарчээ. Ингэхдээ зөв ажиллавал дэмжигчдийн тоогоо 600 мянга хүртэл өсгөх, буруутвал 100 мянгаас доош ортол унагаж мэдэх төлөв ч ажиглагдаж байна.

Мониторингийн дэлгэрэнгүйг дараахь линкээс үзээрэй…

Мөнгө, эрх мэдэл түүний гарт төвлөрсөн байгаа нь үнэн.

Үнэндээ С.Эрдэнийг тойрсон шүлсээ үсчүүлэгчдээс өөр эсэргүүцэх чадалтан ч АН-д үлдээгүй биз. АН-ын даргын сунгаанд өмнө нь өрсөлдөөд газар аваагүй Ж.Батсуурь үзэмж төдий, чи идэхгүй бол нохойд өгчих гэдэг хаягдал хоол шиг үнэ цэнэгүй өрсөлдөгч.

МАН-д түг түмэн сул талаа атгуулж, МАН-ын батлах өвөртлөхөөс наагуур болтлоо сүр сүлдгүй болж арга нь барагдан яваа С.Эрдэнийн баадууг өнөөг хүртэл чангалсаар ирсэн хүн нь Эбэ (Ц.Элбэгдорж).

АН хуваагдах болсон эхлэл Х.Баттулга Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Улсын ерөнхий прокурорын газрын Удирдах ажилтнуудын зөвлөгөөн дээр “Ц.Элбэгдоржийг шалга” гэснээс эхэлсэн гэлцдэг. Тэрчлэн Х.Баттулга Тавантолгойн орд тойрсон асуудлаар 178 хуудас материалыг Улсын ерөнхий прокурорт өгч, Ц.Элбэгдоржийг шалгуулах хүсэлт гаргаж байв. Гомдлын дагуу Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Авлигатай тэмцэх газраас дуудан мэдүүлэг авч байсан үзэгдлийг уншигчид мартаагүй биз.

Үүний хариуд Эбэ С.Эрдэнэд АН-ын тамгыг атгуулснаар ангал үүсч, эл эвдрэл дээр эрх баригчид тоглолт хийж балбасаар ирэв.

Уг нь женко (Х.Баттулга)-г хөтөлж улс төрд оруулсан хүн Ц.Элбэгдорж. Гэвч Өмнөговь дахь ордуудыг ашиглах, тэндээс улсын хил рүү төмөр зам тавихтай холбоотойгоор эрх ашгийн зөрчил үүсч тангараг тасарчихаад байгаа “нөхөд” юм.

Х.Баттулга баараггүй ялалт байгуулна.

АН-д намаа нам шиг аваад явчих лидер алга. Яг одоо л Х.Баттулгад өгдөггүй юм бол энэ нам улстөрийн тавцангаас арчигдаж, архивын тоостой тавиурт үүрд мартагдах биз.  

Сөрөг хүчин байтугай сөрөх хэвлэл ч үгүй болж, ганц нам дангаараа эрх барин танц эргэж буй огиудас хүрэм байдал нь өөрөө Х.Баттулгыг ил гарч тоглоход хамгийн том суурь, дэмжлэг болно. Тэрбээр нусаа ч хүчтэйхэн татчихаж чадахгүй нөхрийн зөвлөх нэртэйгээр тэгтэл удаан чимээгүй орших дүр биш…

Эрх баригч намын хойморт гарч, бодлогыг нь чиглүүлж суугаа тэр улстөрийн томоохон тоглогч болсон гэдгээ дотоодод төдийгүй гадныханд хангалттай харуулж байна.

Төмөр замаас эхлэлтэй хавтаст хэргийн материал У.Хүрэлсүхийн гарт байгаа цагт Х.Баттулга хол явж чадахгүй гэдэг ч энэ нь эрх баригчдын өөрсдийгөө хуурсан зайрмаг төдий юм.

АН-ыг хаяж ИЗНН-ыг худалдаж авах шахсан өдрүүд түүнд бий. ИЗНН-ын дэд даргаар эхнэр Ц.Энхтуяа нь ажилладаг болохоор ойлголцоход ч хялбар байдаг биз. ИЗНН нэрээр нь МоАХ-оо нам болгож, нэгтгэх санаатайгаар гишүүдээ бөөгнүүлж байсан ч энэ нь МАН-д гэхээсээ Л.Оюун-Эрдэнэд халгаатай байсан тул жолоо татсан гэдэг.

Л.Оюун-Эрдэнийн улстөрийг 2050 он хүртэл байхаар зурсан тэрбээр өчүүхэн ч алдаа гаргах эрхгүй болсон. Зүүн зүгээс өндийсөн галч хүүд бурантаглуулсан МАН багадаа л 30 жилийн турш түүний халаасанд байх ёстой.

Түүний хүчийг харуулсан УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Н.Ганибал нарын Үндсэн хуулийн Цэцэд давхар дээлийн асуудлаар хандсан асуудал нь гэхэд он дамнан сунжирч, эрх баригч хүчнийг хангалттай залхааж байна. Одоо бол хуулийн хугацаа дуусч, хаврын чуулганы эхэнд хэлэлцэгдэх нь тодорхой болсон.

Х.Баттулгын гарт дахь дохиурын үзүүрт өлгөөтэй явдаг эрхэм гишүүдийн барьж гүйсэн эл асуудал Л.Оюун-Эрдэнийн нам доторх байр суурийг бататгах гол хөзөр.

Түүний дохиураас уяатай өөр нэг нөхөр болох УИХ-ын дарга Г.Занданшатар парламентын гишүүдийн тоог 108 болгож, Засгийн газрын гишүүдийг давхар дээлтнээс бүрдүүлэх нь хамгийн ончтой шийдвэр хэмээн түмний тархийг “угааж”, түмпэн сав тачигнуулсаар явааг улстөр сонирхогчид хэдийнэ анзаарсан биз.  

Өмнөх парламентаар Үндсэн хуульдаа гар дүрсэн МАН дахин ханцуй шамлавал олны хүчтэй эсэргүүцэлтэй тулах нь тодорхой тул АН-аар манлайлуулж, араас нь кноптчихъё гэсэн зальжин арга…

Улмаар дахин Ерөнхийлөгчөөр сонгогдож болох заалтыг Үндсэн хуульд шургуулчих боломж Х.Баттулгад олдож, нэг сумаар хоёр туулай намначих мэргэн хувилбар болно.

Тэгэхээр У.Хүрэлсүх 6 жилийн дараа тахимаа өгөхөд АН-аа агсаад босчих супер нүүдэл хийн эрх баригчдыг жонхууруулж яваа Х.Баттулгаа хүлээн зөвшөөрч хадаг сүүтэй угтах нь АН-д “амьд үлдэх”, архивын тоосонд даруулж арчаагүйгээр мөнхрөхөөс аврагдах сүүлчийн боломж байж мэдэх юм.

Орчуулах »