Эрдэнэт үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн Монос, Түмэн шувуут компанийн хувьцаа эзэмшигч гэдгээ Хөрөнгө орлогын мэдүүлэгт бөглөсөн байгаа.

Тэрбээр эдгээр компаниуддаа үргэлж давуу эрх олгосоор ирсэн нь түүнийг энэ үйлдвэрээс даруй явуулах цаг болсныг гэрчилнэ.

Эрдэнэт үйлдвэр байсхийгээд Түмэн шувуут компаниас 5, 10, 20 саяар нь өндөг худалдан авдаг бол үүнээс хэд давж нугалсан мөнгөөр эм тариа авдаг бололтой юм. Үүнийг нь “Монос Орхон фарм” компани руу

  • 2021.10.04-нд 5.4 сая
  • 2021.08.19-нд 12.2 сая
  • 2021.05.03-нд 80.7 сая
  • 2021.01.07-нд 99.9 сая гэхчлэн шилжүүлсэн дүнгээс харж болно.

Х.Бадамсүрэн Газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга бөгөөд тус холбоо нь Соёлын төв өргөөний В корпус дахь Сод Монгол группийн үндсэн оффист байрладаг талаарх мэдээллийг 3.Энxбoлдын төрсөн дүү З.Хишигтогтox Ц.Aнандбaзapын Сод Монгол газаас хувь эзэмшдэг гэх мэдээлэлтэй хамтатган өмнөх нийтлэлээр хүргэсэн.

Тэгэхээр З.Хишигтогтох гэгчийн “Болдсофт” компани Эрдэнэт үйлдвэрийн технологийн холбоог шинэчлэх нэрээр хэдэн тэрбумыг халааслан хэл ул болж байсан асуудлыг энд дурьдахаас аргагүй. Тус компани 2011 онд Эрдэнэт үйлдвэрт технологийн холбооны тоног төхөөрөмжүүд нийлүүлсэн.

Тэд үүнээс ч өмнө буюу 2008 оноос хойш Эрдэнэт үйлдвэрт интернэт үйлчилгээ үзүүлж, жил бүр 5 сая ам.доллар халааслаж байсан бөгөөд З.Хишигтогтохыг хууль зөрчин шахаа хийсэн хэргээр саатуулж байсан ч үйлдвэрийн удирдлагуудыг оролдож байгаагүй юм. Зүй нь шахаа хийх боломжийг олгосон үйлдвэрийн удирдлагууд нэн түрүүнд шалгагдах ёстой байв. Гэвч барьж хорьж, шалгаж саатуулах ажил Болдсофт руу чиглэж байсан нь улстөрийн өнцгөөс тайлбарлагдаж, Ц.Элбэгдоржийн хийсэн санаатай үйлдэл хэмээн буруутгагдаад өнгөрсөн. Үнэхээр ч З.Энхболд, Ц.Элбэгдорж нарын харьцаа таатай байгаагүйгээс гадна Ачит Ихт компанийн эзэн гэгддэг Ц.Элбэгдоржийн зүгээс хоноц хоноцдоо дургүйн үлгэрийг үзүүлсэн жижиг чулуу мэт харагдсан нь үнэн.

Нөгөөтэйгүүр Тавантолгойг булаалдан ашиг сонирхол нь зөрчилдөж байсантай холбон тайлбарлаж ч болно. Учир нь З.Энхболд “Ц.Элбэгдорж, М.Энхсайхан, Ч.Сайханбилэг нар 6.7 тэрбум тоннын нөөцтэй “Эрдэнэс Тавантолгой”-г 100 хувь үнэгүй, зуун жилээр өгөх гэж байсан” хэмээн хашгирсны дараахан дүү нь саатуулах төв рүү ачигдсан үйл явдлыг хол орхигдуулж болохгүй юм.

Улмаар хулгайч хулгайчийг бариарай гэдэг шиг З.Энхболд УИХ-ын даргаар ажиллаж байхдаа, 2014.05.08-нд Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх тухай 34 дүгээр тогтоол баталсан. Тогтоолын хавсралтад “Тавантолгойн орд газраас олборлож байгаа бүтээгдэхүүнй өрсөлдөх чадварыг сайжруулан нэмүү өртөг шингээж экспортын нэг цонхны бодлогын хүрээнд олон улсын зах зээлд борлуулах, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоог хангах зарчмаар цогцоор нь шийдвэрлэх” гэсэн арга хэмжээг Засгийн газарт хариуцуулсан нь чухамдаа би авна, чи авна хэмээн талцаад эцэстээ халааслах хувиасаа болж муудалцсан нь энэ гэдгийг нотолсон хэрэг болсон.

З.Энхболд, З.Хишигтогтох нарын талаар сэтгүүлч Б.Галаарид “Би 2011 оны 12-р сард шинжлэх ухаан, танин мэдэхүйн “Цалиг” кабелийн сувгийг Улаанбаатарт 1 жил ажиллуулах зөвшөөрөл авч үйл ажиллагааг эхэлсэн. Гэтэл стандартын шаардлага хангасан мэргэжлийн студитэй (6м өндөртэй) болохгүй бол эфир хаана гэж Харилцаа холбооны зохицуулах хорооноос шаардсан. Мөн тусгай зөвшөөрлийн хугацааг энэ шалтгаанаар сунгуулж чадаагүй. Тэр үед Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга нь Б.Балгансүрэн байсан. Би асуудлыг шийдэхэд туслах хүн эрж байгаад Зандаахүүгийн Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтохыг олсон. Тэрбээр тусалж болно, гэхдээ 50 хувиа өг, сувгийн төрлийг мэдээ мэдээллийнх болго, “Цалиг” гэдэг нэр таалагдахгүй байна, өөрчил гэсэн. Надад гарц байхгүй учраас зөвшөөрсөн. Гэтэл Б.Балгансүрэн, З.Хишигтогтох хоёр дундаа Болдсофт гэдэг компанитай бизнес хамтрагчид байсныг олж мэдсэн.

Улмаар 2012.12.07-нд хамтарсан компаниа “Гал нар сар медиа” нэртэйгээр байгуулж мөн сарынхаа 17-нд бүртгүүлж байлаа. Тэгэхэд нөгөө талын 50 хувийн эзэмшигч гэж 2 хүн бүртгүүлсний нэг нь тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболдын зөвлөх Ц.Буянцогтоо байв. Үүнээс гурван жилийн дараа буюу 2015.04.10-нд “Эн Си Пи” компанийн 2 давхарт байрлах “И код” ХХК “Молор” тв-ийн тоног төхөөрөмжийг худалдан авах гэрээ байгуулж захирал Д.Сангибат гэж гарын үсэг зурж, тамга дарсан. Үнийн дүн 120 сая төгрөг болж байв.

Ингээд гурван сарын дараа “И код” ХХК-д мэдээ мэдээллийн МТВ буюу “Молор” кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг Б.Балгансүрэн 2015.07.29-ний өдөр олгодог юм. Гэхдээ Тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд сунгалт, өөрчлөлт хийсэн огноо 2015.07.29-ний өдөр гэсэн байгаа. Эзэмшигч нь 100 хувь Т.Батдэлгэр. Тв-ийн хаяг нь СХД, 18-р хороо, Интер компанийн байрны 806 тоот. Интер бол З.Энхболдын компани.

Улмаар 2018.7.24-нд буюу Молор тв-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахын өмнөхөн өөрчлөлт оруулж “Малчин телевиз” ХХК-ийн нэр дээр кабелийн тв-ийн үйлчилгээ эрхлэх гэрчилгээ олгочихсон. Хаяг нь мөнөөх Интер ХХК.

Ингээд Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2018.11.13-ны өдөр “Молор” сувгийн сунгалтыг хийж өгөхдөө 2021.12.27 хүртэл хугацаагаар “Малчин телевиз” ХХК гэдгээр хийгээд өгчихөж байгаа юм. “Малчин телевиз” болон “СКОД” компанийг 2018.06.15-нд хувьцаа эзэмшигч Т.Батдэлгэр аль алийг нь гадаад худалдаа, мэдээлэл технологийн үйл ажиллагаа эрхлэх чиглэлтэйгээр нэг өдөр байгуулсан. Аль аль нь “Интер” компанийн 806 тоотод үйл ажиллагаа явуулна гэсэн хаягтай” гэх маш нарийн мэдээллийг олон нийтэд хүргэж байв.

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгчөөр 10 шахам жил ажилласан хүн гоомой, бусдыг гүтгэсэн мэдээлэл өгөөгүй нь ойлгомжтой. Заргач, гомдоллогчоороо алдартай З.Энхболд ч энэ талаар чимээгүй өнгөрсөн нь уг мэдээллийг хүлээн зөвшөөрсний илэрхийлэл биз.

Тэгэхээр тухайн үеийн Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Б.Балгансүрэн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан маш ноцтой үйлдлийг хийчихээд зугтах шахам ажлаа өгсөн байж таарах нь. Тэрбээр бизнесийн хамтрагч З.Хишигтогтохынхоо төрсөн ах З.Энхболдын хамаарал бүхий компанид, тэр дундаа байгуулагдаад 4-хөн сар болж байсан телевизэд сувгийн зөвшөөрөл өгч байж.

Б.Балгансүрэнг тус хорооны даргаар Ч.Сайханбилэг томилж байсан гэхээр З.Энхболдын “Ц.Элбэгдорж, М.Энхсайхан, Ч.Сайханбилэг нар 6.7 тэрбум тоннын нөөцтэй “Эрдэнэс Тавантолгой”-г 100 хувь үнэгүй, зуун жилээр өгөх гэж байсан” хэмээн зүхэж байсан хашгиралт хий хоосон хашгираан байгаагүйг харуулж байгаа юм.  

Х.Баттулга Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан Зандаахүүгийн Энхболдын нэр дээр “Интер” гэх компаниас өөр зүйл байдаггүй.

Харин дүү Зандаахүүгийн Хишигтогтохын нэр дээр Ховосино трак, Браунрок, Инфра-Инженеринг, Эм Пи Өү, Болд секьюрити, Грей рок, Сод монгол газ зэрэг баргийн ширээний шургуулгад багтахааргүй олон компани бүртгэлтэй.

Тэрбээр Ардчилсан хүчний холбоонд харьяалагддагийг ч орхигдуулж болохгүй.

Түүний Инфра-Инженеринг компани ахынхаа нэр дээрх Интер ХХК-ийн байр, 8-806 тоот хаягт байрладаг бол эл хаягт Робот хөгжил гэх компани давхар бүртгэлтэй. Харин хажуу өрөөнд нь Нэгүн-Очир, программ хангамжийн Метроком компаниуд суудаг.

Нэгүн-Очир компанийн захирал Б.Очирмаагийн өөр нэг компани болох Смарт лифт нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарын гэгддэг Шинэ дэлхий оффист байрлах нь анхаарал татсан мессэж. Я.Содбаатарт холбогдох мэдээллийг дараагийн дугаарт дэлгэрэнгүй хүргэх тул энд түр орхиё…

З.Хишигтогтохын Инфра-Инженеринг компанийн захирлаар Дэлэгдоржийн Амгаланбаатар гэгч ажилладаг бөгөөд түүний нэр дээрх Монголын каратэ догийн холбоо, Тэнүүн-Огоо компаниуд биднийг сонирхолтой жим рүү хөтөлж байгаа юм.

Тэнүүн-Огоогийн захирал нь А.Ганхуяг, хамтрагч нь А.Баттүшиг бий. А.Баттүшиг гэх эрийг “Страто”-гийн гэх тодотголоор нь хэлбэл уншигчид илүүтэй мэдэх биз.

Харин А.Ганхуягийн нэр дээрх “Монголын нийтийн зорчигч тээврийн хөгжлийн консорциум” бүртгэлтэй бөгөөд уг консорциумд НИТХ-ын төлөөлөгч асан, УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүргээс нэр дэвшээд ялагдал хүлээсэн Ц.Одонтунгалаг бас бий.

Зандаахүүгийн Хишигтогтохтой нэг өрөөнд сууж Браунрок компанийн үйл ажиллагааг явуулж байсан, Стратогийн одоогийн захирал, Тэнүүн-Огоо компанийн хамтрагч А.Баттүшиг Стратогийн 37 хувь, Г.Эрдэнэбилэг 10 хувь, Э.Сэржмядаг 3 хувь, Хятадын Шандун Шенхан Жиеэ гэх эдийн засгийн худалдааны компани 50 хувь тус тус эзэмшдэг.

Страто нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг хэрхэн цөлмөж байгааг эдийн засагч Л.Наранбаатарын удаа дараагийн мэдээлэл, мэдэгдлүүдээс хангалттай авчих тул мөн энд түр орхиё.

З.Хишигтогтохын хувьцааг нь эзэмшдэг “Эм Пи Өү” компани Өдрийн сонины байранд байрладаг бөгөөд захирал Л.Мөнхтөр medee.mn сайтыг эрхлэн гаргахын зэрэгцээ Сод-Монгол группийн эзэн, УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай хамт “Мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалах монголын нийгэмлэг”-т бүртгэлтэй нөхөд. Тэрбээр Ц.Анандбазарын төрсөн дүү Ц.Пүрэврэнчингийн хамт “Дэлхийн дуу хоолой” төрийн бус байгууллагын үйл ажиллагааг эрхэлдгээс нь үзвэл анхаарлын гадна тэгс ингэсгээд үлдээх нөхөр биш юм.

Ийм сэжимт, хэлхээ холбоост нөхдийн Эрдэнэт үйлдвэрт интернэт үйлчилгээ үзүүлж,  технологийн холбооны тоног төхөөрөмжүүд нийлүүлж байсан “Болдсофт” компани дуулиан шуугиан, хэл амны дараахан татан буугдсан.

Гэхдээ тус компанийг Софт ментор нэрээр дүрээ өөрчилсөн гэх мэдээллийг эх сурвалжаас өгч байгаа.

Үгүйсгэх аргагүй. Софт ментор гэгч 2020.03.02-нд байгуулагдсан атлаа Эрдэнэт үйлдвэрт программ хангамжийн үйлчилгээ үзүүлдэг хачин туршлагатай, супер компани гэгдэж 2021.05.05-ны өдөр 15.7 сая төгрөг шилжүүлэн авсан байдаг. ГОК гэдэг баргийн шинэ компаниудын давж, нэвтэрч чадахгүй Монгол Улсын саалийн үнээ шүү дээ,…

Тэрчлэн өөр нэгэн сонирхолтой мэдээллийг эх сурвалжаас өгсөн нь ГОК руу интернэт, программ хангамжийн үйлчилгээ үзүүлэгч “Би Эм Жи дижитал” гэх бас нэгэн компани бий бөгөөд энэ нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарын хамааралтай байж болзошгүй гэж байгаа юм.

Тус компани 2020.10.11-нд байгуулагдаад ердөө сарын дараа буюу 2020.11.23-нд 6.7 сая төгрөгийг Эрдэнэт үйлдвэрээс шилжүүлэн авсан байдаг. Эл баримт шилэн дансанд нь бүртгэгдсэн байх бөгөөд холбогдох мэдээллийн дэлгэрэнгүйг дараагийн дугаараар хүргэнэ. 

Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн НАЖ МОГОЙ үндэсний холбоо

Орчуулах »