Монголбанкны бие даасан, хараат бус байдлын үзүүлэлтийн түвшинг 80 хувьд хүрнэ

0
33

Монголбанкны Хууль, эрх зүйн газрын Эрх зүйн бодлогын хэлтсийн захирал Б.Эрдэнэхуягтай ярилцлаа.

Монголбанкнаас Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судалж, хуулийн төслийг боловсруулаад байгаа. Хуулийн төслийн голлох үзэл баримтлалын талаар ярилцлагаа эхэлье?

Төв банкны бие даасан хараат бус байдал тухайн улс орны эдийн засгийн тогвортой өсөлт, санхүүгийн тогтвортой байдалд голлох үүрэг гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хөгжил нь нэгдүгээрт, бодлого, хоёрдугаарт бодлогыг хэрэгжүүлэгч механизм, гуравдугаарт бодлогыг хүлээж авч байгаа дэд бүтэц гэсэн гурван тулгууртай гэж үзвэл нэг, хоёрдугаар хэсэгт нь байгаа бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх институци нь төв банк юм. Тэгэхээр энэ байгууллагын бие даасан, хараат бус байдал маш чухал. Хараат бус, бие даасан байдлыг сайжруулах явдал 1970-аад оноос хойш дэлхий даяарх төв банкуудын үйл ажиллагааны чухлаар тавигдах болсон. Төв банкны бие даасан, хараат бус байдал нь гурван үндсэн зүйлээс бүрддэг. Нэгдүгээрт, байгууллагын бие даасан байдал буюу бусдаас хараат бус, нөлөөгүйгээр шийдвэр гаргах, үйл ажиллагаагаа явуулах. Хоёрдугаарт, хариуцлагатай байдал. Гуравдугаарт ил тод байдал юм. Хуулийн төслийн үзэл баримтлалыг тодорхойлох зорилгоор хийсэн Судалгаагаар Монгол Улсын төв банкны хувьд байгууллагын хараат бус байдал сул байна гэх үр дүн гарсан. Үүнийг хууль, эрх зүйн үүднээс засч, сайжруулах явдал нь Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үндсэн үзэл баримтлал болсон юм.

Тэгвэл энэ үзэл баримтлалын хүрээнд Төв банкны хуульд голлох ямар өөрчлөлтүүд оруулж байгаа вэ?

Нэгдүгээрт Монголбанкны  зорилтыг тодорхой болгох. Өөрөөр хэлбэл, үнийн түвшний тогтвортой байдлыг хангах замаар төгрөгийн худалдан авах чадварыг хамгаалах  зорилтыг тодорхой болгож байна. Мөн санхүүгийн тогтвортой байдлыг хангах чиглэлийн зорилтыг  тодорхой болгож, энэ хүрээнд хэрэгжүүлэх макро зохистой бодлого, банкны бүтцийн өөрчлөлтйн арга хэмжээг хэрэгжүүлэх зэрэг үйл ажиллагааны чиглэл, чиг үүргийг нэмэгдүүлнг тусгаж байна. Хоёрдугаарт, Төв банкны удирдлагын хараат бус байдал Төв банкны удирдлагыг албан тушаалд томилох, чөлөөлөх шалгуурыг тодорхой болгох шаардлага юм. Өөрөөр хэлбэл, хуульд тусгайлан заагаагүй аль нэгэн ашиг сонирхолыг төлөөлсөн  бусад этгээдээс шалтгаалахгүйгээр чөлөөлөх, томилох харилцаа нь маш тодорхой, объектив байдлаар ханддаг болгож, хуульчилна. Дараагийн асуудал нь Монгол Улс бусад дэлхийн улс орнуудын төв банкуудын жишгийн дагуу бодлогын шийдвэр гаргах тогтолцоо, шийдвэрийг хэрэгжүүлэх механизмыг ялгаатай авч үзэж, хуульчлах юм. Ямар нэгэн шийдвэр гарахад хамтын удирдлагын зарчмыг нэвтрүүлэх буюу олонхийн саналаар гаргадаг байх механизм руу шилжинэ. Одоогийн хуулиар бол Монголбанкны Ерөнхийлөгч Монголбанкийг толгойлон удирдаж, бодлого боловсруулах болон хэрэгжүүлэхтэй холбоотой бүх шийдвэрийг гаргадаг. Үүнтэй холбогдуулаад, Мөнгөний бодлогын хороо, Хяналт шалгалтын зөвлөл болон Монголбанкны бусад асуудлыг шийддэг Удирдах зөвлөлтэй байх бүтцийн өөрчлөлт хийх юм. Дараагийн нэг асуудал бол Засгийн газраас хараат бус байх талын зохицуулалтууд. Ялангуяа төсвийн шинжтэй үйл ажиллагааг хязгаарлах, Монголбанкны үндсэн үйл ажиллагааг тодорхой болгохыг хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд зорьж байна. Эцэст нь нэмж хэлэхэд 1996 онд батлагдсан Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн зарим зохицуулалтыг нь өнөө цагийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх, шинээр томьёолох шаардлагатайболсон.

Хуульд өөрчлөлт оруулснаар Төв банкны хараат бус байдлын төвшин хэрхэн өөрчлөгдөнө гэж харж байгаа вэ. Тооцоо, судалгаа бий юу?

Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл боловсруулах ажлын хэсгийн судалгааны ажил, ОУВС-гаас хийсэн судалгаа, бусад дотоодын судалгаануудаас үзэхэд Монгол Улсын Төв банкны бие даасан, хараат бус байдлын түвшин бусад улс оронтой харьцуулахад 100 хувь гэж үзвэл 50-60 орчим хувьтай байна. Хуульд өөрчлөлт оруулснаар бие даасан, хараат бус байдлын түвшин 80 орчим хувьд хүрнэ гэсэн зорилт, төсөөлөлтэй байна.

Төв банкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх асуудлыг тодорхой болгоно гэж байна. Үүнийг дэлгэрэнгүй тодруулна уу?

Одоогийн хуулиар бол жишээ нь Монголбанкны Ерөнхийлөгч ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн бол чөлөөлөх нэг үндэслэл болохоор байгаа. Гэтэл ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн гэдгийг хэн тодорхойлох вэ, ямар тохиолдолд хангалтгүй гэж үзэх вэ гэдэг асуудал  тодорхойгүй. Түүнчлэн “Эрүүл мэндийн шалтгаанаас үүдэн ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон” гэдэг өргөдөл гаргасан бол гэж байгаа. Гэтэл энэ нь эдгэшгүй өвчин тусах юм уу, эсвэл бие нь бага зэрэг өвдөхөөрөө ажлаасаа чөлөөлөгдөх ч юм уу. Үүнийг бас л тодорхой тусгаж өгөөгүй. Тэгэхээр хуулийн өөрчлөлтөөр ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн гэж байгаа бол тэрнээс нь болж улс оронд, Монголбанкинд бодит хохирол учирсан, тэр хохирлыг нь шүүхээс тогтоосон, энэ нь тухайн хүний санаатай, гэм буруутай үйл ажиллагаанаас болсон гэж үзсэн тохиолдолд чөлөөлөх үндэслэл болно. Түүнчлэн эрүүл мэндийн шалтгаанаас гэж байгаа бол тухайн хүний бие, эрүүл мэндийн байдлыг эмнэлгийн байгууллагаас тогтоосон гэх зэргээр нотлох баримт, факттай үед чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэж байхаар хуулийн өөрчлөлтөд тусгаж өгч байгаа.

Одоогийн хуулиар Төв банкны Ерөнхийлөгчийг чөлөөлөх саналыг зөвхөн УИХ-ын дарга санаачилсан үед УИХ-аар хэлэлцэж, шийдвэрлэдэг. Энэ нөхцөл байдал тэгвэл өөрчлөгдөх үү?

Чөлөөлөх саналыг хэн нэгэн хүн, албан тушаалтны үзэмжээр бус тодорхой бодит нөхцөл, үндэслэлбүрдсэн үед чөлөөлөх бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэхээр хуулийн төсөлд тусгаад байна.

Мөнгөний бодлогын зөвлөлийн үйл ажиллагаа хуульчилна гэж байна. Мөнгөний бодлогын зөвлөл одоогийн хуулийн хүрээнд ч бас ажиллаж байгаа. Нэмж, хуульчилснаар ямар давуу тал бий болох вэ?

Мөнгөний бодлогын зөвлөл Төв банкны тухай хуулийн 27-д “Монголбанкны Ерөнхийлөгчийн дэргэд зөвлөх эрхтэй зөвлөл байж болно” гэсний дагуу ажиллаж, мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх талаар гол шийдвэрүүд гаргаад явж байгаа. Гэвч хуулийн дагуу бол энэ зөвлөл нь эцсийн шийдвэр гаргадаггүй , харин Монголбанкны Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ дагуу эцсийн шийдвэр гаргадаг. Тэгэхээр энэхүү зөвлөх эрхтэй институцийн эрх зүйн байдлыг хуулиар тодорхойлж хамтын удирдлагын зарчимд суурилсан, олонхийн саналаар санал хурааж, шийдвэр гаргадагинституци болгохоор тусгасан. . Өөрөөр хэлбэл, Мөнгөний бодлогын хорооноос тогтоол хэлбэртэй шийдвэр гардаг, түүнийгээ олон нийтэд мэдээлдэг  болно.

Хуулийн төсөл батлагдах хугацааны талаар тодорхой хүлээлт байна уу. Намрын чуулганаар өргөн баригдах байх?

УИХ-ын тогтоол, түүнийг хэрэгжүүлэх талаарх Монголбанкны төлөвлөгөөнд заасны дагуу хуулийн төслийг УИХ-ын энэ намрын чуулганаар хэлэлцүүлж батлуулахаар ажиллаж байна. МөнОУВС-тай тохиролцсон хөтөлбөрт 2017 оны 11-р сард багтаан хуулийн төслийг өргөн барьж  2018 оны гуравдугаар сар гэхэд батлагдсан байх талаар бодлогын баримт бичигт туссан. Гэхдээ бид энэ хугацаанаас өмнө батлуулах зорилттой байна.

Ярилцсанд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!