Нэг сумаар хоёр туулай буюу Хөгжлийн банкаар халхавчилсан УЛСТӨР

Эрх баригчид өнчин ишигний ч гарзгүйгээр өр шир, өгөө авааны луйврын ард гарах нь. Улс орныг хөгжүүлэх үүрэгтэйгээр байгуулагдсан Хөгжлийн банкийг өөрийг нь хөгжлийн бэрхшээлтэй болтол бүлэглэн цөлмөсөн 73 чанаргүй зээлдэгчийг ард нь хярах гишүүдийнхээ нэрстэй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ил гаргасан ч энэ нь хусмаа чамлахдаа нэг нэгэндээ сануулга өгөх төдий новшийн үйлдэл мэт харагдаж эхлэв.

Үнэндээ Хөгжлийн банкнаас барьцаагүй, баримжаагүй зээл авсаар, гаргасаар ирснийг өдий хүртэл Засгийн эрхэнд суусаар ирсэн МАН мэдээгүй байгаад гэнэт сая мэдсэн гэдэгт итгэвэл эргүү тэнэг хаадын үлгэр мэт болох биз.

Намын даргынхаа үлээсэн шүглийн хошууг ээлжгүй долоож, үндэсний бүтээн байгуулагчдаа чичлэн зүхэхээс өөр өнцөг, шийдэл олоогүй Д.Амарбаясгалан энэ удаад зүгээр л алиа салбадайн үүрэг гүйцэтгэчих шиг боллоо.

Олон нийтэд л ил болоогүй байснаас бус өөрсдөө мэдэхийн дээдээр мэдэж байсан Хөгжлийн банкны хэргийг ингэж гэнэт бужигнуулах ямар шаардлага тэдэнд үүсэв?!

УИХ-ын гишүүн Сү.Батболд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Хөгжлийн банкийг “сэдсэн” ч 2012 оны сонгуулиар АН Засгийн эрхэнд гарснаар байгуулсан банкныхаа шимийг хүртэж чадаагүй.

Харин саваа бэлдээгүй байж сааль авсан нь Н.Алтанхуягийн Засгийн газар.

Чингис, Самурай бондын хөрөнгө Хөгжлийн банкны дансанд төвлөрч, фортуна гэх Н.Батбаярын гараар хяналтгүй, төлөвлөлтгүйгээр урсаж байв. Түүний араас МАН засаглаж “Хуралдай”, “Гэрэгэ” бонд гарган хөрөнгө татан төвлөрүүлсэн.

Энэ үед Хөгжлийн банк хэдийнэ эрх мэдэлтнүүдийн хулгайн уут болон хувирч, улс орныг хөгжүүлэх бус хэзээ нэгэн өдөр ая эвийг нь тааруулан дампууруулах сценари бичигдэж эхэлсэн гээд хардчихад хол зөрөхгүй.

МАН Засгийн эрхэнд гарсныхаа дараахан өдгөөгийн УИХ-ын гишүүн Б.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг гарган тус банкинд шалгалт хийлгээд улмаар АН-ынхныг хомроглон баривчлуулж байсан ч өөрийн намын гишүүдийн хэргийг хав дараад өнгөрсөн байсныг өнөөгийн үйл явдлууд гэрчилж байна.

Одоогоос гурван жилийн өмнө, 2018 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Л.Оюун-Эрдэнэ мөн л Хөгжлийн банкийг шалгаж байв. Уг нь тэр үед Хөгжлийн банк хэдийнэ хөгцөрч, өт батгануудын хоол нэгэнт болчихсон байсныг мөн л өдгөөгийн үйл явдал, баримтууд харуулж байна..

Тийм атал мань эр тэр үедээ яагаад өнөөдрийнх шиг шүгэл үлээсэнгүй вэ…

2018 оны эцсээр Хөгжлийн банкны чанаргүй зээл 10 хувь байх үед Л.Оюун-Эрдэнэ гуай шүглээ үлээчихсэн бол өнөөдрийн ийм байдалд хүрэхгүй, чанаргүй зээл 50 хувь болтол өсөхгүй байх байлаа.

Хөгжлийн банк дампуурлаа зарлаад, хаалгаа гаднаас нь хаахад бэлэн болчихсон байсныг гурван жилийн өмнө мэдсэн хэрнээ яагаад юу ч хийсэнгүй өнөөг хүрэв!!!

Ажин түжин, бүлх залгисан мэт нам сууж байсан тэр өнөөдөр энэ хэргийг яагаад задлахад хүрэв…

Бид буруу санаагүй бол Л.Оюун-Эрдэнийг огцруулах акц намрын чуулган хаагдахын өмнөхөн нам дотор өрнөж эхэлсэн.

УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу оны өмнөөс л хэвлэлүүдэд ярилцлага өгч “Л.Оюун-Эрдэнэ ийм зөвлөхүүдтэй хол явахгүй, Х.Баттулга зөвлөхүүдээсээ болж хүнд байдалд орсон, түүнийг хална, солино, огцруулна гэж бужигнасаар намрын чуулган завсарлалаа” гэж байсан бол МАН-ын генсэк Д.Амарбаясгалан “Бүх эрх мэдлийг 76 авна гэж байхгүй” хэмээн бухимдсан нь санаандгүй үг биш байсан байх нь.

Тэгэхээр хаврын чуулган эхлэхэд Л.Оюун-Эрдэнийг огцруулах асуудал хөндөгдөх байсан. Үүнээс тэр өрссөн нь 2018 оноос эхлэн хав дарж суусан Хөгжлийн банкны хэрэг болж таарлаа. ЖДҮ сангийн хэрэг дээр ашигласан технологи.

У.Хүрэлсүх “Хулгай хийнэ, хүн амины хэрэг, хүчингийн хэрэгт холбогдоно, концесстоно, ЖДҮ-днэ. Ийм төр байж болохгүй. Цаашдаа Монголын төрд олигархи, хулгайч нар сонгогдох ёсгүй. Хэн нь хулгайч вэ гэдгийг ард түмэн мэддэг болсон. ЖДҮ-гийн хэрэгт холбогдсон хүмүүсийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй” гэж попорч байсан улстөрийн сүржин драм Д.Амарбаясгалангийн найруулга дор тавигдаад өнгөрснийг бид мэднэ.

Баахан хүн хөөчих юм болоод байсан эл сүржигнэл М.Энхболд тэргүүтэй нөхдөд мандат өгөөгүй төдийхөн хошин үзэгдлээр хаагдаж байв.

Яг энэ сценарийн толгойг Хөгжлийн банк ба Л.Оюун-Эрдэнэ гэж солиод мөн л генсэкийн удирдлага дор пижигнүүлчих шиг боллоо, МАНь эрс…

Л.Оюун-Эрдэнэ “Миний хувьд хариуцлага тооцоод явна. Хэлсэн үгийнхээ хойноос харин ч нэг заналтай явна даа” гэсэн нь хаврын чуулган эхлэхээс урьтаж эсрэг хөдөлж болзошгүй нөхдийн зүг шидсэн томоос том чулуу болж харагдаад байгаа.

Гэхдээ тэр энэ удаад Д.Амарбаясгалангийн цаанаас У.Хүрэлсүх шиг тод, том харагдаж чадсангүй.

Тэртэй тэргүй карьер нь дуусч, дахин өндийхөөргүй болоод байсан УИХ-ын гишүүн асан Г.Солтан, Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Б.Батзориг, Д.Хаянхярваа нарыг хөөж, Э.Эрдэнэжамъяан, Э.Цасчихэр, Д.Батсайхан, н.Дуламсүрэн, н.Даваасамбуу нарыг Бага хурлын гишүүнээс хасах төдийхөн попорсон нь шөнийн саранд хуцах нялх гөлөг мэт хөөрхийлэлтэй үзэгдэл болов.

Эцэст нь эрх баригчдын өөрсдөө найруулсан эл цуврал драм С.Бямбацогт, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Х.Дамдинням, Н.Билэгт, А.Сүхбат, Ш.Лхамсүрэн, Ш.Үнэнбат тэргүүтэй найман хүнээс тайлбар авах нэрийдлээр төгсч хөшгөө хааснаар тайзны гэрэл сүргүйхэн унтарлаа.

Гэхдээ эв хавгүйхэн зохиомжилсон энэ үзэгдэл нь Хөгжлийн банк дампуурсан гэх дардастайгаар, өртэй зээлтэйгээ хамтдаа хэн нэгний ёроолгүй халаас руу шилжих цаг нэгэнт болчихжээ гэдгийг дохиолсон “цан цохилт” болов.

Тэгэхээр зохиомжийг бичигч нөхөр нэг сумаар хоёр туулай буудсан бөгөөд тун удахгүй Улаанбаатар банкийг замхруулан залгисан шиг явдал Хөгжлийн банкин дээр болно оо гэсэн үг юм…

Бадарчин явсан газар балагтай, батгана суусан газар өттэй гэдэг.! Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч О.Банзрагч гэдэг нөхрийн очсон газар бүр хаалгаа барьж, сахал хочит Д.Эрдэнэбилэгийн халаас руу ордог гэчихэд тэгтэл хилсдүүлсэн болохгүй.

О.Банзрагч нь Улаанбаатар санг Улаанбаатар банк болж дүрээ өөрчилтөл ажиллаж байгаад Тэргүүн дэд захирал болсон, улмаар Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр давхар сонгогдон ажиллаж байсныг холбогдох бичиг баримтууд нотолно.

Түүнийг Д.Эрдэнэбилэгийнхээ зараалаар “томилолт” өвөртлөн, суусан сан, очсон банк бүрээ амжилттайгаар “дампууруулаад” буцдаг гэдэг.

Тэгэхээр Хөгжлийн банкны хувь заяа хэрхэх нь, хэний гаргасан жимээр уруудан одож буй нь бараг л тодорхой болж байна. О.Банзрагч нь Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр тогтохгүй, тус банкны нэр дээр нийгмийн даатгалаа төлөн, бодлогын гүнд нь орж ажилладаг нэгэн байсан гэдгийг эх сурвалжаас баталж байгаа юм.

Энэ талаарх мэдээллийн дэлгэрэнгүйг холбогдох баримт фактын хамт дараагийн дугаараар хүргэх болно.

Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн НАЖ МОГОЙ үндэсний холбоо

Орчуулах »