Нийслэл удирдлагагүй болоод бүтэн сарын хугацаа өнгөрч байна. МАН-ын ноёдын дотоод тэмцэл хурцдаж, үүнээс нь болж МАНАН-г бүрдүүлэгч хос баганын нэг АН самруулж, улмаар фракциудын наймаалцлын чухал суудлууд болох Улаанбаатар ийнхүү эзгүйрчихээд байгаа нь энэ. Үнэндээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх хотын дарга С.Батболдыг хангалтгүй ажиллаж байгаа шалтгаанаар огцруулах санал нийслэлийн ИТХ-д хүргүүлэх цагаас эхлэн сэтгэлдээ нийслэлийн Засаг даргын суудлыг мөрөөдсөн нөхдийн тэмцэл дээд ноёдын зодоонтой зэрэгцэн бужигнаж эхэлсэн. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан НИТХ-ын дарга С.Амарсайханыг Хотын даргад зүтгүүлж, харин Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар хотын даргын орлогч Б.Мөнхбаатар болон СХД-ийн Засаг даргын орлогч асан Р.Дагва нарыг битүүхэн сойж байлаа.

Гэхдээ Д.Сумъяабазарын хувьд хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцрохын үлгэрээр тэлээ хурга шиг хоёр нөхрийнхөө нэг болох Б.Мөнхбаатарыг Барилга хот байгуулалтын дэд сайд руу дэвшүүлэн зайлуулж, ганц Р.Дагватайгаа үлдлээ. Харин Д.Амарбаясгалан, Д.Сумъяабазар нарыг ийнхүү өөр өөрийн хүнийг зүтгүүлэхээр улайрч байх хойгуур Т.Бадамжунайн урт гар хэдийнэ сунаж өөрийн хүн болох Ж.Батбаясгаланг хотын дарга болгох тохироог батжуулж авсан гэх мэдээлэл Нийслэлийн захирагчийн байраар шуурч эхэллээ.

Т.Бадамжунайг 2004-2008 онд УИХ-ын гишүүн байхад туслахаар нь ажиллаж байсан Ж.Батбаясгалан гэгч 2016 оны Орон нутгийн сонгуулиар НИТХ-ын төлөөлөгч болж, улмаар нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогчоор томилогдон, ёстой л албан тушаалын эрэмбэд шатаар бус лифтээр өгсөн хүрч буй юм. 1983 онд төрсөн тэрбээр Т.Бадамжунайн туслах, бие төлөөлөгч хийхийн зэрэгцээ М.Энхболдын хуурай дүү, Ц.Элбэгдоржийн баг командийн нэг гэх давхар гуншинтай аж. С.Батболдыг ажлаа өгсний дараа хотын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа нь ч эл холбоо, сүлбээний ач гэнэ.

Товчхондоо “МАНАН”-гийн үргэлжлэл, хойд дүр юм байх. Тиймээс ч С.Батболдод хариуцлага тооцож, албан тушаалаас нь мулталж байхад “МАНАН” бүлэглэлийнхэн, тэрдундаа хотын фракцийнхан чимээгүй суусны учир энэ байж. Олон юм ярилгүй чимээгүй харж байсан нь нэгийгээ буулгуулсан нэр зүүнгээ нөгөөд нь түр орлох эрх өгүүлж, улмаар нэгмөсөн Хотын мэр болгочих санаархал, тооцоолол нь үнэндээ Ж.Батбаясгалан байж. Нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэр өөрчлөгдөхгүй гэдэг. Гэхдээ Нийслэлийн ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудлыг цэгцлэх биш бүр самарсан гэгддэг түүнийг Хотын дарга болгох асуудлыг У.Хүрэлсүх зөвшөөрөх нь юу л бол. Харин Т.Бадамжунай болон түүний хэтэвч, хэрэг зориг нэгт бүлэглэлийн гар хэр хол сунахыг энэхүү Хотын даргыг сонгох сонголтоос харж болох юм. Учир нь жаалхүү Ж.Батбаясгалан хэд хэдэн онд, хэн хэний дэргэд хүн болж төлөвшин, туршлагажсаныг түүний товч намтар харуулдаг.

Тэрбээр 2004-2008 онд УИХ-ын Тамгын газар​, УИХ-ын гишүүн Т.Бадамжунайн бие төлөөлөгч, 2008-2012​ онуудад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дэргэдэх Шашны Зөвлөлийн гишүүн, 2012–2016​ Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга, 2016-оноос ​Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогчоор ажиллаж байна.

Харин Д.Сумъяабазарын Б.Мөнхбаатараа явуулан байж авч үлдсэн Р.Дагва нь нэр хүнд, хийж байсан ажил албаны тухайд сайнаасаа саарын мэдээлэл их. Ядаж байхад Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийг огцруулахаар Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийг толгойлон оролцож байсан гэдгээрээ ч АН-ын бүлгээс дэмжлэг авахааргүй этгээд. Гэхдээ л нэгэнт Б.Мөнхбаатарыг дэд сайд болгон дэвшүүлэн зайлуулсны хэрэг юу билээ, горилоод үзэхээс яалтай. Юутай ч хотын шинэ даргад ийнхүү С.Амарсайхан, Р.Дагва, Ж.Батбаясгалан нар буюу фракци фракцийн төлөөлөл болсон утсан хүүхэлдэйнүүдийн нэр хүчтэй яригдаж байгаа юм.

4 Сэтгэгдэлүүд

  1. Ингэж худлаа л бичихээ байчихаач ээ хүн залуудаа хэн нэгний туслах хийгээл биз хаха хувь хүн өөрөө л зөв явах ёстой болохоос доо

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!