Тэр томоохон зээлдэгчдийн “цүнх баригч уу”, эсвэл ТОГЛОГЧ уу?!

Хөгжлийн банкинд хоёр ч хөлтэй, төрийн албан хаагчдаар хүрээлүүлсэн хувь, хувьсгалын тоолж баршгүй олон компанитай, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, УИХ-ын гишүн С.Бямбацогт, Б.Баттөмөр нартай нарийн нандин шижмээр хэлхэлдсэн Ширэндэвийн Батжаргал гэж хэн бэ.

Нягтлан Бодогч мэргэжилтэй компанийн засаглалаар мэргэшсэн энэ эр бие жижиг ч бэлчээр том нэгэн юм. Тэрбээр

  • 2006-2007 он SEAMARK- Бизнес зөвлөх, компанийн судалгааны мэргэжилтэн
  • 2009-2010 он Golden home- Ерөнхий нягтлан бодогч
  • 2010 он Big Bridge- Үйлдвэр хариуцсан менежер
  • 2011 он ХҮННҮ МЕНЕЖМЕНТ” ХК-ийн ТУЗ-ийн дарга
  • 2012 он “Е-МОНИЕ” ХК-ийн ТУЗ-ийн дарга
  • 2014 он “ДОРНОД ТЭЭВЭР” ХК-ийн ТУЗ-ийн дарга хийж байсан бөгөөд одоо бол  Бумбат-Алтай компанийн ТУЗ-ийн дарга, хөрөнгийн зах зээл дээр тоглочихдог нөхөр бололтой.

“Монгол базальт”, “Алтандуулга”, “Бумбат Алтай”, “Начин зам”, “Аравт фанд менежмент”, “Гэрэгэ экспесс финанс”, “Баялаг органик фүүдс”, “Кювесттранс”, “Оолвестерн”, “Талын цуурай”, “Хүннү инвест”, “Хүннү фанд”, “Хүннү менежмент”, “Е Моние”, “Анд энерги”, “Говь”, “Лэнд ББСБ”, “Монос хүнс”, “Түмэн шувуут”, “Монгол шуудан”, “Ремикон”, “Адуунчулуун”, “Айтүүлс”, “Ард даатгал”, “Мандал даатгал”, “Оллоо”, “Улсын их дэлгүүр”, “Хөх ган” компаниудын хувьцаа эзэмшигч.

Жилийн өмнөөс Хөдөө аж ахуйн бирийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдон жилийн орлогоо 300 сая, гэр бүлийн жилийн орлогоо 450 сая хэмээн Авлигатай тэмцэх газар мэдүүлж байж.

Түмэн компанийнхаа ТУЗ-ийн даргын зэрэгцээ Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар болох “Шинэ ховд баруун бүсийн хөгжлийн корпораци” ХХК-ийн захирал гэж байгаа. Түүний хувьцаа эзэмшдэг дээрх компаниудын ард нэвсийсэн олон улстөрчийн нэр байгаа нь Ш.Батжаргалыг тэдгээрийн “цүнх баригч” юм уу гэх хардлагыг эрхгүй төрүүлж байна.

НЭГ. Монгол базальт ХХК

Цар тахлын улмаас Монгол Улс дөрвөн ч удаа хатуу хөл хорио дотооддоо тогтоож олон улс монголчуудыг нэвтрүүлэхээс татгалзсан зовлонт цаг одоо ч дуусаагүй байна. Энэ үед ганц ашигтай ажиллаж байгаа ганц компани Монгол базальт гэчихэд дэгсдүүлсэн болохгүй.

Хувьцаа эзэмшигч, ТУЗ нь мань Ш.Батжаргал. Компанийн удирдлагад Хадгаламж болон Зоос банкинд удирдах албан тушаал хашиж байсан нөхөд олноор байхаас гадна Монголбанкны хуулийн хэлтсийн дарга, УИХ-ын гишүүн асан Б.Шаравсамбуу бий.

ХОЁР. Е Моние ХХК

Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Хяналт шалгалт, Тамгын газрын захирал Я.Сод-Эрдэнийн эхнэр Р.Сарантуяагийн эзэмшил бүхий компани.

Гүйцэтгэх захирал нь Энхбатын Цэндсүрэн. Түүний нэр дээрх “СЕОС”, “Грийт вэй транс”, “Түмэнхадаг”, “Сажа медикал тритмент сапплай”, “Дэрэн хөгжил” төрийн бус байгууллагуудыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарын “оффшорууд” гэгддэг болоод удаж байна.

Үүгээр зогсохгүй “Түмэн хадаг” компанийнх нь хаягт “Дэвжих гүүр” ХХК давхар бүртгэлтэй. Захирал болох Энхтөрийн Цогбадрал гэж нөхрийн нэр дээр “Ти Жи Жи тулга”, “Нийслэлийн нэгдсэн оюутны холбоо”, “Улаанбаатар эрдэм оюу дээд сургууль төгсөгчдийн холбоо”, “Ховд аймгийн хөл бөмбөгийн холбоо”, “Азийн үйлдвэрлэл корпораци”, “Баруун спортын клуб”, “Богд хан уулын оргил”, “Монголын тамга тэмдэг үйлдвэрлэгчдийн холбоо”, “Азын хүч РЛК”, “Говийн арвин орд”, “Нийслэл групп” гээч түмэн юм бий бөгөөд энэ бүгдээрээ Төрийн байгууллагуудтай гэрээ хийж чадаад байдаг нь сонирхолтой.

 Үүнээс “Богд хан уулын оргил”-ийн хувьцаа эзэмшигч Б.Батаагийн нэр дээрх “Нийслэлийн зүүний хүчний холбооны дэргэдэх эрх зүйчдийн клуб”, “Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутгийн зөвлөл”, “Даймонд эрдэнэс майнинг” гэхчлэн хэд хэдэн компани хөвөрч, тэр сэжим нь Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон УИХ-ын Тамгын газарт зөвлөхөөр ажилладаг Ц.Баянмөнх нарыг гогодоод гарч ирж байгаа юм. УИХ-ын Тамгын газарт 2020.03.05-нд зөвлөхөөр томилогдсон Ц.Баянмөнх “Энжой Монголиа”, “Таван толгой”, “Стандарт бетон” компаниудын хувьцаа эзэмшигч.

ГУРАВ. Ремикон ХХК

Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдийн нэгтэй хүзүү сээрээрээ хэлхэлддэг УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Говь”, “Ремикон”-ны хувьцаа эзэмшигч.

“Ремикон” компанийн гүйцэтгэх захирал Э.Мөнхсайханыг 2020 оны сонгуулиар Архангай аймагт бие даан нэр дэвшиж байснаар нь бүгд мэдэх биз.

Ремиконы өөр нэг хувьцаа эзэмшигч нь УИХ-ын гишүүн Х.Ганхуяг. Тэрбээр Хөгжлийн банкинд 33.15 тэрбум төгрөгийн өртэй “Вертекс майнинг партнер” компанийн эздийн нэг. УИХ-ын гишүүн Г.Дамдинням ч Ремиконы хувьцаа эзэмшигч. Тэр байтугай Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байгаад УИХ-ын гишүүн болсон Г.Амартүвшин ч холбогддог билээ.

ДӨРӨВ. Монос хүнс ХХК

УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнчимэгийн эзэмшлийнх. Хуулийн зөвлөхийнхөө нэр дээр “Арван Ундарга” компани байгуулж “Домогт архи” үйлдвэрлэн арилжиж байгаа гэх дуулиан дэгдэж, эмийн бизнес, архи согтууруулах ундаатай холилдлоо хэмээн түүнийг шүүмжилж байв.

Ах Л.Хүрэлбаатарын нь нэр дээр олон компани бүртгэлтэй байдгийн дотор Ш.Батжаргалын хувьцаа эзэмшдэг Монос хүнс бий.

Л.Хүрэлбаатар, Л.Эрдэнэчимэг нарын “Сиркл чейн” компанитай Б.Пунсалмаа ч халаас нэгтэй. 2020 оны сонгуулиар АН-аас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж тэрбээр “Монгол ойл групп”-ийн эзэмшигч бөгөөд Ерөнхий захирлаар нь Раашийн Батбаяр ажилладгийг уншигчид мэдэх биз. Тэрбээр Ховд аймгийн нутгийн зөвлөлийн гишүүн, энэ төрийн бус байгууллагад УИХ-ын гишүүн С.Бямбацогт, түүний баз Д.Батцогт нар ч зүтгэдэг.

Тэрчлэн Р.Батбаярын нэр дээр олон компани бүртгэлтэй байдгийн нэг нь “Харуул Алтайн суварга” бөгөөд цахилгаан тээврийн Д.Жаргалсайхантай хамтран эзэмшдэг. Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягтай нэг айлын баз хүргэнүүд. Тэрчлэн Д.Жаргалсайханы дүү Д.Энхсайхан НИТХ-ын төлөөлөгч гээд энэ нөхдийн хэлхээ холбоос дэндүү өргөн агаад гүн юм.

Моносын Л.Хүрэлбаатарын харьяалагддаг “Гүйцэтгэх захирлуудын клуб” гэхэд л Шадар сайд С.Амарсайхан, “Хас”-ын Ч.Ганхуяг, “MCS”-ийн Ж.Оджаргал нарыг хөтлөөд ирнэ.

“АПУ”-гийн П.Батсайхан, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нарыг нэгтгэсэн “Хувийн хэвшлийг дэмжих үндэсний зөвлөл”, “Монголын занарын ассоциаци”-аар УИХ-ын гишүүн асан Р.Бадамдамдин орж ирдэг. Тэрбээр 1998 онд “Сэргээн босголт”, “Голомт” банкийг нийлүүлэх ажлын хэсгийг ахалж байхдаа Лу.Болдоос 50 сая төгрөгийг хахууль авсан гэх дуулианд холбогдож явсан нэгэн.

ТАВ.  Бумбат Алтай ҮЦК

Ховд аймгийн хаягтай бөгөөд Ш.Батжаргалын гэр бүл эзэмшдэг компани. Ширэндэвийн Энхжаргал, Ширэндэвийн Банзрагч, Ширэндэвийн Энхмэнд, А.Наранцэцэг нарын бүртгэлтэй.

Ш.Энхжаргал нь Хууль зүй, дотоод хэргийн яаманд 2016.08.10-нд буюу МАН олонх болж, Засгийн эрхэнд гарах үед ажилд орж байсан нэгэн. Тэрбээр “Завхан-тээвэр”, “Хүнс-Төв”, “Хөвсгөл хүнс”, “Дорнод-хүнс”, “Дархан тээвэр” компаниудаас хувьцаа эзэмшдэг гэж байгаа.

 Харин Ш.Энхмэнд нь “Хүннү инвест”-ийнх нь гүйцэтгэх захирал бол Ш.Банзрагчийн нэр дээр “Ховд-Аянчин”, “Хүннү девелопмент констракшн”, “Начин зам”, “Аравт фанд менежмент” зэрэг компани бүртгэлтэй.

Ш.Банзрагч нь Ховд аймгийн Жаргалант сумын ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан бөгөөд “Хас түлхүүр” компанийн хувьцаа эзэмшигч.

“Хас түлхүүр” нь УИХ-ын гишүүн С.Бямбацогтын “Алтайн зам”-тай давхар бүртгэлтэйг Улсын бүртгэлээс харж болно.

НЭГ. Хөх ган ХХК

“Хөх ган” компани “Бэрэн” групп болон Сингапурын “Фабер инвестмент” компанийн хамтарсан хөрөнгө оруулалтаар 2007 онд байгуулагдаж байсан бөгөөд Хөгжлийн банкийг шалгаж, улстөрчдийн холбоо, хэлхээг илчлэх эрх, үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөрийн хамааралтай.

Уг компанийн хувьцааг УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан эзэмшдэг талаараа 2016 онд мэдүүлж байсан байдаг.

“Хөх ган” компанийн захирал Д.Мөнхбазар “Говь-Аргалантай”, “Монгол жонш нэгтгэл” компани болон “Өсөх-Өндөр” хадгаламж зээлийн хоршоог байгуулчихсан сүйхээтэй эр.

Түүний “Монгол жонш нэгтгэл” компанийн захирлаар Пүрэвдоржийн Хурцбилэгт гэж хүн ажилладаг агаад мөнөөх нь “Арвинжонш”, “Монголын жонш олборлогч үйлдвэрлэгч экспортлогчдын холбоо”, “Эрдэс бүтээгдэхүүн хайлуур жоншны бирж”-тэй гэж байгаа. 

 “Монголын жонш олборлогч үйлдвэрлэгч экспортлогчдын холбоо” нь Монголын уул уурхайн салбарын худалдаа аж үйлдвэрийн танхимд давхар бүртгэлтэй бөгөөд танхимын удирдах зөвлөлийн дарга Ц.Даваацэрэн нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд төслийн нэгжийн захирлаар ажиллаж байх жишээтэй. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-тэй холбоотой энэ нөхөр ийм сэжим, холбоосоор Ш.Батжаргал цаашлаад С.Бямбацогттой холбогдож байгаа юм.

ЗУРГАА. Ард даатгал

Ард санхүүгийн нэгдэл буюу “Хас”-ын Ч.Ганхуягийн эзэмшил. “Ард даатгал”-аас Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал С.Төгсбилэг хувь эзэмшдгийг бид мэдэх болсон.

Тэгвэл Ш.Батжаргал ч энэхүү Ард даатгалтай холбоотой байх нь.

ДОЛОО. Мандал даатгал

Компанийн цаад эзэд нь “Голомт”. Лу.Болд, Д.Баясгалан нарын хэтэвчний нэг салаа нь гэсэн үг. “Мандал даатгал”-ын хувьцааны нэг хэсэг нь “Юу Эм Си капитал”-ийнх. Эл компанийн гүйцэтгэх захирал Шаравпэлжээгийн Гантуяа “Монголньюс”-тэй хамтран “Төрөлжсөн зар” хэвлэл мэдээллийн байгууллагатай байсан нэгэн.

НАЙМ. Говь

Таван богдын Ц.Баатарсайханы Говь компаниас Ш.Батжаргалаас гадна УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Г.Мөнхцэцэгээс гадна УИХ-ын дарга асан М.Энхболд, ХХААХҮ-ийн сайд асан Г.Батзориг, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа нарт бий.

ЕС. Улсын их дэлгүүр

Номин группийн эзэмшилд байдаг Улсын Их дэлгүүрээс УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг ч хувь эзэмшдэг. 20 гаруй салбар компанитай энэ группийн босс Ш.Баярсайхан тэр бүр олны өмнө гараад байдаггүй ч хамаг хорыг хутгагч нэгэн гэгддэг. “Эрэл”-ийн Д.Эрдэнэбатыг далаар нь тавьж байсан тэрбээр “Монгол базальт”-ийн захирал Л.Ариунболдтой нэг өдөр гавьяат болж, шагналаа Ерөнхийлөгч Х.Баттулгаас гардаж авч байсан нь тохиолдлын хэрэг биш юм.

АРАВ. “Хүннү инвест”

Ш.Батжаргалын хөрөнгө орлогын мэдүүлэгт байдаг “Хүннү инвест”-ийн хувьцаа эзэмшигч нь Б.Ганбаатар. Тэрбээр Хөгжлийн банкны газрын захирлаар 2017.12.21-нд буюу МАН олонх болсон үед томилогдож байсан. Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм Лизинг” ХХК-ийн дэд захирлаар ажиллаж байсан энэ эр Ширэндэвийн Батжаргалтай ийнхүү хэтэвч нэг нэгэн аж.

АРВАН НЭГ. Адуунчулуун

УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат энэ компанийн хувьцааг эзэмшигч гэдгээ мэдүүлж байв.

АРВАН ХОЁР. Айтүүлс ХХК

Яам агентлаг, төрийн өмчит үйлдвэрийн газрууд гээд хаана л өндөр төсөвт тендэр зарлагдана, авч л байдаг, аливаа мөнгөтэй бүгдээс дутаж үзээгүй энэ компаниас ч Ш.Батжаргал хувь эзэмшдэг байна.

… Эдгээр нь Ш.Батжаргалын хувь эзэмшдэг, ТУЗ-д нь ажилладаг компани, аж ахуйн нэгжүүдийн хэсэгхээн хувь. Түүнийг С.Бямбацогтын “цүнх баригч” ч гэдэг. Тэр цүнх баригч уу, эсвэл хөрөнгийн зах зээлийн “супер” тоглогч уу…

Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн НАЖ МОГОЙ үндэсний холбоо

Орчуулах »