“Хар балгас”-ын тууриас олдсон хүрэл хонхон дээр “Найман аялгуу, арван дууг хөх тэнгэрт өргөв” гэсэн бичиг байдаг

Хотонт сумын Бургалтай багийн Орхоны хөндийн “Хар балгас” ордон хотын тууриас Монгол Германы хамтарсан “Орхон” археологийн шинжилгээний ангийнхан ховор олдворыг өнгөрсөн намар илрүүлсэн. Энэ үеэр худгийн ёроолд лакаар бүрсэн хоёр модон багана, том хэмжээтэй алтадсан цоож, гантиг чулуун арслан, модон хиргисүүр, Нангиад бичигтэй хүрэл хонх, төрөл бүрийн шавар сав суулга олдсон байна. Өнөөдрийн байдлаар 50 см урттай алтан цоожийг сэргээн засах ажил хийгдэж байна. Харин Нангиад бичигтэй хүрэл хонхыг сэргээн засахад тун хүндрэлтэй байгаа ба хонхны дээр Нангиад бичгээр “Найман аялгуу, арван дууг хөх тэнгэрт өргөв” гэж бичсэнийг Түвдийн нэг эрдэмтэн тайлж уншжээ.

Германы эрдэмтэн Хендрик Рооланд “1200 настай хүрэл хонх жингэнэн дуугарч байхыг сонсох хамгийн сэтгэл догдлуулсан мөч байлаа” гэсэн байдаг.

Орхоны хөндийн “Хар балгас” ордон хотын тууриас тухайн үед нүүдэлчдийн дунд гар урлал, инженерчлэл өндөр түвшинд хөгжсөн гэдгийг батлах түүхийн үнэт олдвор илэрсэн. Монголын Шинжлэх Ухааны академи, Түүх археологийн хүрээлэн, Германы археологийн хүрээлэнгийн хамтарсан судалгааны баг 2007 оноос хойш эртний Уйгарын нийслэл Хар балгас хотод малтлага хийжээ. Харбалгас хот нь наймдугаар зуунд үүсч, 100 жил оршин тогтносон хот бөгөөд хотын ордон байсан хэсэгт малтлага хийхэд ордныг тойроод цамхаг, түүнийг тойрсон нэлээдгүй барилга байсныг тогтоожээ. Цамхаг байрласан хэсэгт хааны ордны усны хэрэгцээг хангаж байсан, инженерийн маш нарийн зохион байгуулалттай, ус гарах цооног ухам зэргийг нарийн тооцоолж, цагт 1.2 тонн, хоногт 20 гаруй тонн ус гаргах хүчин чадалтай байсан худаг олджээ. Худгийн ёроолд лакаар бүрсэн хоёр модон багана, том хэмжээтэй алтадсан цоож, гантиг чулуун арслан, модон хиргисүүр, Нангиад бичигтэй хүрэл хонх, төрөл бүрийн шавар сав суулга олдсон. Хонхон дээрх бичгийг тайлахад ордноо магтаж дуулсан утгатай бичиг байснаас гадна дуу гаргахад хөг эгшиг нь алдагдаагүй байжээ.

Мөн ваар саван дээр нь Булган аймагт байдаг Уйгарын хааны гэрэлт хөшөөний тамга тэмдэг дараатай байсан гэнэ. Худгаас олдсон олдворууд 1200 гаруй жилийн настай бөгөөд 840 онд Хар балгас хотыг Киргизүүд дайрч мөхөөснөөс хойш тэр чигээрээ хадгалагдан үлдсэн гэдгийг археологичид хэлсэн юм. Үүнээс гадна зэр зэвсэг хутга, сөргө зэрэг олдворууд олдсон байна. Одоогоор олдворуудыг Улаанбаатарын Соёлын өв үндэстний төвд хадгалсан байгаа ба сэргээн засварлах, хадгалалтыг хангах үүднээс Герман, Японы сэргээн засварлалтын эрдэмтэдтэй хамтран ажиллаж байна.

Эх сурвалж: Монцамэ

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!