М.Энх-Амгалан: Өөр гишүүдийн асуудал ч шалгагдаж байгаа. Шаардлагатай бол бас оруулж ирнэ

ЖДҮХС-нд анх 1041 материал иржээ. Үүнээс шаардлага хангахгүй гэж хассаар 431 төсөл үлдэж, дахин хурлаар авч хэлэлцэн 134-т нь зээл олгосон байна.

Энэ талаар Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан

“Одоо бидний яриад байгаа хүмүүсийн оруулж ирсэн төсөл анхы шүүлтүүрээр буюу 1,041 төслөөс л хасагдчих байсан төслүүд. Дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал оруулж ирж байгаа нь мөрдөн шалгах ажиллагааны үндсэн дээр тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгааг прокурор  нягтлаад үндэслэлтэй гэж үзсэний үндсэн дээр хийж буй ажил. Өөр гишүүдийн асуудал ч шалгагдаж байгаа. Шаардлагатай бол бас оруулж ирнэ.

Бүх зээл барьцаатай гарсан байхад ганцхан Д.Дамба-Очир гишүүн барьцаагүй зээл авсан байна. Д.Дамба-Очир гишүүн өөрийн компаниа дүүгийнхээ нэр дээр шилжүүлж, дүү М гэгч иргэнтэй нийлээд уул уурхайн хайгуул хийх зориулалтаар зээл авсан. Гөлтгөний үйлдвэр барина, үйлдвэрийн тоног төхөөрөмж авна гэсэн нэрийн дор зээл аваад тал мөнгийг нь уурхайн ажил руу хийсэн, талыг нь зээл авсан хүмүүс хуваагаад авчихсан байгаа юм.

Зээлийн материалын бүрдүүлэлт, төсөл бодит байх ёстой. Г.Солтан гишүүний хүүгийн компани зээлийн материал бүрдүүлж өгөх хугацаанд жижиг дунд үйлдвэрээр бүртгэгдээгүй байсан. Тэгэхээр зээл авах шаардлага хангаагүй гэсэн үг. Зээлийн материалд бүрдүүлж өгсөн бичиг баримтыг нотариатаар батлуулж өгөх ёстой байсан. Гэтэл зүгээр хуулбарлаад өгсөн байна. Ингээд зээлийн мөнгө гишүүний эхнэрийн данс руу ороод банканд хүүлэгдсэн.

Л.Энхболд гишүүний хувьд албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад нөлөөлж зээл авсан байна. Авахдаа төсөл хэрэгжүүлье гэж бодоогүй. Харин өөрийнхөө бусдаас авсан зээлийг буцааж төлөх зориулалтаар авч, үйл ажиллагаа өрнөж ээ гэдэг нь мөрдөн байцаалтын явцад шалгагдаж нотлогдоод байна.

Б.Ундармаа гишүүний хувьд УИХ-ын гишүүн Б.Батзоригийн ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байхдаа ЖДҮХС-гаас 2018 оны наймдугаар сарын 14-нд урьд нь сонгон шалгаруулалтаас хасагдсан байсан “Доктор МЭИК” ХХК-д 800 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргаж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгоход нь хамтран оролцсон нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.4 дүгээр зүйлийг журамлан, тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт заасан “улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэх саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдсэн” гэсэн юм.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!