О.Баасанхүү УИХ-д давхар иргэншилтэй гишүүн байгаа эсэхээр хуулийн байгууллагад хандлаа

0
118

УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийж, Засгийн газрын гишүүдийг УИХ-аас бүрдүүлж байгааг шүүмжиллээ. Тэрбээр “Монгол Улс хяналтгүй төртэй боллоо” хэмээн тодотгоод Монгол Улсад шүүх, хууль тогтоох гэсэн хоёрхон засаглалтай болсныг онцлов. Учир нь МАН Засгийн газар бүрдүүлэхдээ сайд нараа “давхар дээл”-тэй бүрдүүлж байгаа нь гүйцэтгэх засаглалыг устгасан үйлдэл гэнэ. УИХ бол хяналтын чиг үүрэгтэй байх ёстой. УИХ-ын гишүүд бол сонгуульт албан тушаал бөгөөд гүйцэтгэх засаглал хэрхэн ажиллаж байгааг дүгнэх, хяналт тавь гэж сонгосон болохоос өөр өөрсдийгөө сайдаар томил гэж сонгоогүйг ч тэрбээр уцаартайгаар мэдэгдсэн.

Мөн тэрбээр МАН өмнөх парламентын үед “давхар дээл”-ийн асуудлыг хэрхэн эсэргүүцэж, уриа лоозон барьж, жагсаал цуглаан хийж байсныг ч сануулаад амжсан юм.

Түүний мэдээллийн цөм нь Сангийн сайдад нэр дэвшээд байгаа Ч.Хүрэлбаатарыг эсэргүүцэх гэнэ. Энэ талаар тэрбээр “Монгол Улсад анхны бага хүүтэй банк орж ирвэл дэмжинэ гэдгээ би хэлж байсан. Гэтэл Хөрөнгө оруулалтын банкаар дамжуулан стратегийн ордыг барьцаалж, bank of china-г Монголд оруулж ирэх хөрсийг бэлтгэх хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Жавхлан нар дэмжиж УИХ-аар хэлэлцэх байсан ч түр царцаасан. Тиймээс Сангийн сайдад нэр дэвшигчийг эсэргүүцэж байна” гэсэн юм.

Нөгөөтэйгүүр,  УИХ-ын 76 гишүүн дотор хоёр иргэншилтэй хүмүүс байж болзошгүй байна. Тиймээс сайд болон бусад УИХ-ын гишүүд дотор давхар иргэншилтэй байсан хүмүүс байгаа эсэхийг олон нийтэд үнэн зөв мэдээлэл өгөхийг Ерөнхийлөгч Х.Баттулга болон Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц нарт албан ёсоор хандахаар болсноо дуулгалаа.