УИХ-ын дараагийн дарга хэн бэ?

МАН-ын хагарал туйлдаа хүрч, сандал ширээ, эрх мэдлийн төлөөх тэмцэл өрнөсөөр байна. О.Баасанхүү гишүүний хэлдгээр гүрийдгүүд нь олширч, албан тушаалдаа үлдэх гэж, очих гэж, албан тушаалыг болиулах гэж, АТГ-т очихгүй гэж гүрийдэг хэдэн нөхдөөс болж чуулганы хуралдаан он дамнан хойшлогдож, хэлэлцэгдээгүй, хүлээгдэж буй асуудлууд хэдэн боть ном болох хэмжээндээ хүрчихээд байна.

Хөхөө өвлийн хүйтэнд хэдэн хүн цуглуулж жагсаачихаад, ордон дотроо бус, ордны гадна хашхирч байгаа зарим гишүүд, гүргэр Засгийн газрын “ачаар” өнөөх гүргэр М.Энхболд нь суудлаа удахгүй өгөх магадлалтай болоод байна. Энэ явдалтай зэрэгцээд алгаа үрчин баясаж суугаа хэдэн улстөрчид байгааг мартаж болохгүй. Энэ бол УИХ-ын даргын суудлыг горилогчид.

МАН-ын дарга У.Хүрэлсүх ойрын өдрүүдэд Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Н.Энхболд гуравт гурвууланд нь УИХ-ын даргын суудал амлачихсан сурагтай. Дээрээс нь Ч.Улааны нэр яригдаж байсан боловч өнөөх нь ХХААХҮ-ийн сайд гэсэн зөөлөн суудалд хэзээ мөдгүй суух нь бараг тодорхой болсон.

Энэ талаар УИХ-ын дарга Ё.Баатарбилэг ч шөнө болсон хуралдаанаар хэлээд амжина билээ. Тэрбээр “Н.Энхбаярыг тойрч бүжиглэдэг байсан Ц.Нямдорж, Ч.Улаан, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нар тэр хүний оймс нь гозолзоход одоо татаж буулгах гээд байгаа М.Энхболд гэдэг хүнийг бүгдээрээ тойрч бүжээд л байсан. Одоо бүгдээрээ татаж буулгаад, дараагийнхаа даргаа тойроод явж байна. 2020 онд ир нь мохжээ, ирлэхгүй бол болохгүй нь гээд арай өөр хүн тойроод гүйх вий дээ. Ингэхэд та дөрвийн хэн нь УИХ-ын дарга болохоо тохирчихсон уу” гэж хэлсэн юм.

Эндээс үзэхэд дараагийн даргад Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нар яригдах бололтой. Гэхдээ У.Хүрэлсүх энэ гурвыг гурвууланг нь байран дээр нь өвдөг шороодуулаад хаячихаж чадах л нэгэн. Ингээд л МАН-ын эрх мэдэл, албан тушаалын төлөөх эцэс төгсгөлгүй тэмцэл өрнөсөөр 2020 онтой золгох биз ээ.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!