Дараах гялгар уутыг хэрэглээнээс хасна

Энэ оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн бүх төрлийн 0.035 мм болон түүнээс нимгэн нэг удаагийн хальсан уутыг худалдаа, үйлчилгээнд хэрэглэх, үйлдвэрлэж импортлохыг хориглосон.

Засгийн газрын өнгөрсөн оны 6-р сарын 20-нд гаргасан энэхүү тогтоолыг хэрэгжүүлэхийг БОАЖЯ, ХХААХҮЯ, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, ГЕГ, МХЕГ-т үүрэг болгосон. Тэр дагуу нимгэн, нэг удаагийн нийлэг уут үйлдвэрлэгч, импортлогчид болон томоохон супер маркетуудад дахин ашиглах боломжтой сав баглаа боодлыг хэрэглээнд нэвтрүүлэх зөвлөмжийг БОАЖЯ-наас хүргүүлжээ.

Байгальд хортой хог хаягдлын нэг гялгар уутыг дэлхийн 60 гаруй орон хэрэглэхийг хуулиар хориглоод байна. Манай улсын хувьд, эхний удаа хүнсний бус зориулалтын нимгэн нийлэг уутны хэрэглээг хумих замаар гялгар уутны хэрэглээг үе шаттайгаар бууруулах ажлыг ийнхүү эхлүүлж байна. Гялгар уутыг улсын хилээр оруулж ирэхгүй, хэрэглэхгүй байхыг гааль болон мэргэжлийн хяналтын байгууллага хянах юм.

Нийлэг уут нь хөрсний өнгөн хэсгийг үхжүүлж, усыг бохирдуулахаас гадна, хар тугалга их хэмжээгээр агуулдгийг эрдэмтэд тогтоожээ. НХЕГ-аас нийлэг уутыг шинжлэхэд бичил биетийн тоо зөвшөөрөх хэмжээнээс тав дахин их гарсан байна. Монгол Улс сүүлийн гурван жилд 16.5 тэрбум төгрөгөөр нийлэг уут импортолж, нийт импортолсон нийлэг болон гялгар, хуванцар уутны найман хувийг дахин боловсруулдаг гэх дүн бий.

Манай улс үүний өмнө 2009 оны 6-р сарын 11-ний өдөр “Зарим нийлэг, хальсан уутны хэрэглээг хориглох тухай” хууль баталсан ч хангалтгүй хэрэгжүүлж байсан тул  2012 оны тавдугаар сарын 17-ны өдөр хүчингүй болгож байжээ.

Дэлхий даяар минут тутамд хоёр сая нийлэг болон хуванцар уут хаягддаг бөгөөд зөвхөн БНХАУ гэхэд өдөр бүр гурван тэрбум нийлэг уут хэрэглэдэг гэсэн тооцоо бий. Цаг уурын өөрчлөлттэй тэмцэх Парисын тунхаглалаар 2050 он гэхэд дэлхий нийтээр гялгар уутыг хэрэглэхийг бүрэн хориглох зорилтыг дэвшүүлэн тавиад байгаа юм.Оюумаа-н зураг.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!