“Эрдэнэт үйлдвэр”-ийн томчууд хулгайч гэдгээ баталлаа

Эх сурвалж: www.erennews.mn \Сэтгүүлч: Б.ТӨГӨЛДӨР\

Хууль чангарах тусам хулгайчийн арга нарийсна гэдэг. Яг үүнтэй агаар нэг асуудал “Эрдэнэт үйлдвэр”-т бий болоод удлаа.

Тус үйлдвэрийг монголчууд хэзээнээс “саалийн үнээ” гэж нэрлэсээр ирсэн. Хөөрхий олон нийтэд бол тэндээс олсон татвараар тэтгэвэр тэтгэмж, төрийн байгууллагын цалин хөлсний багахан хэсгийг олгодог учраас “саалийн үнээ” гэж ойлгодог.

Харин нөгөө талд эрх мэдэлтэй, төрийн өндөр албан тушаалтнууд, улстөрчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдийн шахааны бизнес цэцэглэж байдаг гол худалдан авагч нь учраас мөн л “саалийн үнээ” гэдэг.

Мэдээж шахааны бизнес талдаа илүү их үр өгөөжөө өгдөг газар. Гэтэл шахааны бизнесийг үгүй хийж, олон нийтийн хяналтыг бий болгох дөхсөн нэг асуудал үүссэн нь ШИЛЭН ДАНС.

Хуулийн дагуу Шилэн дансны бүртгэл хийхэд өнөөх гайхал шахааны эзэд нь ил болчих гээд байсан хэрэг.

Учир нь, Шилэн дансны тухай хуулийн 6.4.4. таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авсан бараа, ажил үйлчилгээний нэр, санхүүжилтийн хэмжээ, нийлүүлэгчийн нэр, хаягийг бичих гээд дэлгэрэнгүй заагаад өгчихсөн байгаа юм.

Тэгсэн хуулийг гууль болгохдоо гаргууд удирдагчид нэг сайхан санаа олсон нь “БҮРТГЭЛИЙН ДУГААР”, “БАТЛАГДСАН ТӨСВИЙН ДАГУУ” гэдэг хөгийн тайлбар.

Өөрсдөө бол их л аятайхан тайлбар олсон мэт санаж байгаа байх. Шилэн дансны бүртгэл хийсэн үү гэвэл ХИЙСЭН.

Харин нөгөө талдаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн шахаа цэцэглэх замыг дахин нээчихэж байгаа юм.

Орчуулах »