Амиа хорлосон гэх америк хошууч тагнуулч байжээ

Өнгөрсөн оны 12 дугаар сарын 12-нд “Шангри-Ла” зочид буудалд АНУ-ын иргэн амиа алдсан ноцтой хэргийг манай сонин мэдээлсэн. Хэргийн газрын анхны үзлэгээр өөрийгөө егүүтгэсэн байж болзошгүй гэсэн таамаг дэвшүүлж, уусан шар айрагны шил болон бусад эд зүйлсийг цагдаа, тагнуулынхан нотлох баримт болгон хураан авсан билээ. Энэ хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж эхэлсэн ба хэрэгт холбогдол бүхий зарим асуудал тодорхой болжээ.

АНУ-ын зэвсэгт хүчний офицер, хошууч цолтой агсан М.К.Стьюарт өнгөрсөн оны 12 дугаар сард албаны хоёр эмэгтэй, нэг эрэгтэйн хамт дөрвүүлээ БНХАУ-аас Монгол Улсад ирсэн аж. Эх сурвалжийн мэдээллээр Батлан хамгаалах яам болон  АНУ-ын төрийн департаментын хамтын ажиллагааны хүрээнд ажиллахаар ирсэн гэх уг эрхэм АНУ-ын мэргэжлийн нууц албаны тагнуулч байсныг илрүүллээ. Тиймээс хэргийг шалгаж байгаа цагдаагийнханд төдийгүй цогцсыг авч явсан шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийнхэнд, цаашлаад холбогдох яамдад энэ талаар ямар нэгэн мэдээлэл гаргахыг хатуу хориглосон бололтой. 12 дугаар сарын 17-нд цогцост анхны үзлэг хийж гаднын ямар нэг нөлөөгүй, ил харагдах шарх үүсээгүйг урьдчилсан байдлаар тогтоосон бол “Шангри-Ла” зочид буудлын хяналтын камерын бичлэгийг нарийвчлан шалгаж, талийгаачийн өрөөнд гаднын ямар ч хүн ороогүй, өөрөө 10 гаруй цаг өрөөнөөсөө гараагүй болохыг эцсийн байдлаар тогтоогоод байна.

Тиймээс түүнийг амиа хорлосон гэдэг дүгнэлт гаргасан талаар баттай эх сурвалж мэдээлсэн юм.

Цогцост задлан шинжилгээ хийсэн эсэх, хариу нь хэзээ гарах зэрэг нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд “нутаг руу нь буцаасан” гэж мэдээлээд уг хэргийг олны анхаарлаас холдуулахыг эрмэлзэж буй бололтой.

Хэрэг гарсан даруйд АНУ-ын Элчин сайдын яамныхан “Шангри-Ла” зочид буудалд яаравчлан очиж, Монголын цагдаа, тагнуулынхныг өрөө рүү нь нэвтрүүлэхгүй цаг шахам саатуулж байсан. Жирийн иргэн нь бус тул ийн манай хуулийнхантай тулж харилцсан ба мэргэжлийн тагнуулч, нэгдсэн улсын төрийн нууц алба хаагч байсан учир ийнхүү болгоомжилж байсан нь өдгөө тодорхой боллоо.

Тухайн үед Монгол дахь Элчин сайдын яамнаас тодруулахад “АНУ-ын зэвсэгт хүчний офицер Монгол Улсад нас нөгчсөн явдалд төрийн департамент гүнээ харамсаж байна. Бид түүний гэр бүлийнхэн болон ойр дотныхонд нь гүн эмгэнэл илэрхийлъе. АНУ-ын төрийн департамент болон Батлан хамгаалах яам Монгол Улсын холбогдох байгууллагуудтай хамтран энэхүү харамсалтай үйл явдлыг тойрсон бүх асуудлыг зөв зохистой бөгөөд хүндэтгэлтэй байдлаар шийдвэрлэхээр ажиллаж байна. Тусламж дэмжлэг үзүүлж буй Монгол Улсын Засгийн газарт бид талархаж байна. Гэр бүлийнхнийг нь хүндэтгэх үүднээс бид үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй байна” гэсэн хариуг манай редакцад өгч байсан билээ. Түүнчлэн хэргийг шалгаж байгаа учраас ямар нэгэн мэдээлэл өгөхгүй гэсэн байр суурийг өчигдөр илэрхийллээ.

• Цогцост задлан шинжилгээ хийсэн эсэх, хариу нь хэзээ гарах зэрэг нь одоогоор тодорхойгүй байна. 

• Түүнийг амиа хорлосон гэдэг дүгнэлт гаргасан байна. 

• Амиа хорлосон гэж буй америк тагнуулчийн учир битүүлэг үхлийн талаар ГХЯ-нд одоогоор ямар нэгэн албан бичиг ирээгүй байна.

Монгол Улсын төрийн болон хууль хяналтын байгууллагуудтай бусад улсаас харилцах бол бүх албан бичиг, баримт сэлт гадаад харилцааны яамаар заавал дамждаг ёстой. Л.Болд гишүүн Батлан хамгаалахын сайд байхдаа Умард Солонгостой зэвсгийн наймаа хийсэн эсэх асуудлыг хөндсөн баримт ГХЯ-аар дамжилгүй, тухайн үед ТЕГ-ын даргын гарт шууд хүрсэн шуугианаар энэ журам олонд түгсэн. Гэтэл амиа хорлосон гэж буй америк тагнуулчийн учир битүүлэг үхлийн талаар ГХЯ-нд одоогоор ямар нэгэн албан бичиг ирээгүй байна. Түүнчлэн Батлан хамгаалах яамны зүгээс амиа хорлосон офицерийг “хамтын ажиллагаагаар ирээгүй, манайд хамааралгүй” гэж мэдэгдлээ. Тиймээс энэ хэрэг манайд хамааралгүй, “томчуудын дайн” байж болзошгүй нь.

Хойд хөршид өнгөрсөн сарын 28-нд Кремлийн музей үзэж явсан АНУ-ын тагнуулч  П.Уэланыг баривчилсан ба хоригдол солилцох гэрээний дагуу шилжүүлэн авах хүсэлтийг Вашингтон оросын талд тавьсан ч яллах дүгнэлт гараагүй гэх шалтгаанаар уг гэрээнд хамруулах боломжгүйг гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков мэдэгдсэн. Тиймээс Монгол Улсад тагнуулч нь амиа алдсанаас 16 хоногийн дараа ОХУ-д бас нэг тагнуулч нь баривчлагдсан АНУ-ын ЭСЯ албан ёсны мэдээлэл өгөхгүй байх нь аргагүй.

Эх сурвалж: zgm.mn


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!