Тусгай хамгаалалтад авах шаардлагатай 200 гаруй газар байна

0
93

Нийт газар нутгийн 30 хувийг тусгай хамгаалалтад авна

Манай улс нийт газар нутгийнхаа 30 хувийг тусгай хамгаалалтад авах зорилт дэвшүүлсэн. Анх уг зорилтыг НҮБ-ын олон улсын хурал дээр танилцуулж “Газар нутгийнхаа 30 хувийг шим мандлын нөөц хэмжээнд байлгаж, эх дэлхийд бэлэг барина” хэмээн мэдэгдэж байжээ. Тухайн үед бизнес эрхлэгчид манай улсад хөрөнгө оруулахад болгоомжилсон өнгөөр хандаж байсан бол байгаль хамгаалагчид уриалагхан хүлээн авсан байна. Өнөөгийн байдлаар нийт газар нутгийн 17 хувийг аваад байна. “Де Нэйчэ Консерванси” байгууллагаас тусгай хамгаалалтад авах шаардлагатай газар нутгийн жагсаалтыг гаргасан. Үүгээр нийт 212 газрыг тусгай хамгаалалтад авах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Тухайлбал, говийн бүсэд 53, хээрийн бүсэд 60, алтайн бүсэд 42 газрыг тусгай хамгаалалтад авах шаардлагатай аж. Тухайн бүс нутгийг тусгай хамгаалалтад авах шаардлагыг боловсруулахад нарийн судалгаанд суурилж байгааг судлаач н.Галбадрах хэлсэн. Ан амьтны тархалт, усны нөөц, экологид нөлөөлөх байдал зэрэг олон үзүүлэлтийг суурь болгожээ.

Хамгаалах шаардлагатай гэж үзсэн газар нутгийг болж өгвөл улсын тусгай хамгаалалтад авах нь зүйтэй болохыг олон жишээ нотолж байгаа аж. Мэдээж тухайн сумын засаг захиргаа, иргэдийн хурал зарим бүс нутгаа орон нутгийн тусгай хамгаалалтад авдаг ч энэ нь хангалттай баталгаа болж чаддаггүй байна. Сумын засаг захиргаа, иргэдийн хурлын удирдлагууд мэдээлэл дутмаг байдлаас болж орон нутгийн тусгай хамгаалалтад авсан шийдвэрийн үйлчлэх хугацаа хэзээ дуусахыг анзаардаггүй. Үүнээс болж хүчинтэй хугацаа дуусахад ашигт малтмалын лиценз олгодог. Мөн орон нутгийн удирдлагуудын шийдвэрийг цуцлуулах, тухайн газар лиценз эзэмшихийн тулд иргэдэд амлалт өгөх зэргээр нөлөөлж болдог аж. Иймээс УИХ-аас тогтоол гаргаж тусгай хамгаалалтад авдаг зохицуулалт байвал илүү чухал болохыг хэлсэн. Уг шийдвэрийг буцаах боломжгүй юм.

Тусгай хамгаалалттай газар нутагтай холбоотойгоор хамгийн их гарч байгаа маргаан нь уул уурхайн үйлдвэрлэл, лиценз олголттой холбоотой. Өмнө нь ямар ч судалгаагүйгээр олон тооны лиценз өгсөн байдаг. Үүнээс хамаарч тухайн газрыг хамгаалах шаардлага үүсэхэд нөхөн олговор хөндөгддөг. Гэтэл улс мөнгөгүй гэх шалтгаанаар зайлшгүй хамгаалах шаардлагатай олон нутаг орон сүйдэж байгааг судлаачид хэлсэн. Тухайлбал, говийн бүсийн усны хагалбар болсон Хутаг уул хэмээх газар уул уурхайн лиценз олгосон. Аль ч өнцгөөс тайлбарласан говийн бүсийн усны эх болсон уг газар уул уурхайн ашиглалт явуулах боломжгүй. Гэтэл компани анхнаасаа хуулийн хүрээнд лицензээ авсан хэмээж бизнесийн үйл ажиллагаагаа явуулна гэсэн байр суурь илэрхийлдэг. Үүнээс болж орон нутгийн иргэд, компани хооронд зөрчил үүсэж байгаа аж. Гэтэл анх лиценз олгосон төрийн байгууллага, албан тушаалтан хариуцлага хүлээх чадамжгүй байна.

Хамгаалахаас гадна ашиг хүртэх хэрэгтэй

Тухайн бүс нутгийг тусгай хамгаалалтад авна гэхээр тор татаж, хүн, мал оруулахгүй байх мэтээр зарим хүн ойлгодог. Тэгвэл тухайн бүс нутаг эко системийн хувьд хамгаалах шаардлагатай гэж үзэж зохих хязгаарлалтуудыг тавьж байгаа болохоос бус эдийн засгийг эргэлтэд оруулахгүй гэсэн үг биш гэдгийг сайдын зөвлөх байсан З.Батжаргал хэлсэн. Мөн салбарын сайд асан Д.Цогтбаатар “Өмнө нь уул уурхайн компаниуд нөхөн сэргээлт хийлгүй орхиж явдаг. Үүнийг татвар төлөгчдийн мөнгөөр нөхөн сэргээдэг байсан. Тухайлбал, намайг сайд байх үед 560 гаруй алтны уурхайн нөхөн сэргээлт хийлгүй үлдээсэн газрыг хэрхэх вэ гэсэн асуудал боссон. Одоо бохирдуулж байгаа нь төлдөг механизм ру нь орж байна. Ер нь эдийн засаг хөгжөөгүй байхад байгалийг хамгаалах бодлого хэрэгждэггүй. Нийт газар нутгийн 30 хувийг тусгай хамгаалалтад авна гэж байна. Эдийн засгийн эргэлтэд огт оруулахгүй байж болохгүй. Хамгаалалтад авсан ч ашгаа олдог, амьжиргаагаа залгуулдаг жишээ хамгийн чухал юм. Би саяхан Аляскад очоод ирсэн. Гудамжинд нь хандгай явж байна. Яг үүн шиг байгалиа хамгаалдаг, давхар үр шимийг нь хүртдэг систем хэрэгтэй” гэсэн юм. Манай улсад мөн 1990 оны үед Богд уулын буга хэт олширч Засгийн газраас цөөрүүлэх тогтоол гаргаж байсан удаатай. Гэтэл нийслэлд орж ирдэг буга бүү хэл ууландаа байгаа эсэх нь тодорхойгүй болоод байна. Тэгэхээр хамгаалж байна гэж хашихаас илүү эдийн засгийн эргэлтэд оруулдаг, улмаар байгалиа ч хамгаалж, эдийн засгийн үр шимийг нь хүрдэг байх хэрэгтэйг зөвлөх З.Батжаргал хэлсэн.

Үүнээс гадна хил дамнасан тусгай хамгаалалтад авах шаардлагатай 15 газар байгаа аж. Үүнээс гарын үсэг зурахад бэлэн зургаан газар бий. Тэгвэл эдгээрийг баталж хил дамнасан тусгай хамгаалалттай газар нутгийг өргөжүүлэх хэрэгтэй хэмээсэн.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!