Д.Нарангэрэл: Томуугаас сэргийлэх үндсэн арга нь дархлааг дэмжих байдаг

Эрүүл мэндийн яамнаас өчигдөр томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, томуугаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хийлээ. Улсын хэмжээнд амбулаторийн үзлэгийн 6.6 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа бөгөөд өвчлөгсдийн 69,4 хувийг 4 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Тандалтын 52 дугаар долоо хоногт 74 сорьц шинжлэхэд хүн амын дунд томуугийн A (H1N1) pdm09, A (H3N2) дэд хэв шинжийн вирус тус тус илэрсэн байна. Харин нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгийн 5.3 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Нийслэлийн эмнэлгүүдийн 977 орон дээр нэмэлтээр 419 зөөврийн ор нэмж зохицуулалт хийсэн ба одоогоор 1396 амьсгалын замын өвчтэй хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа аж.

ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл хэлэхдээ, Шинэ жилийн дараах сүүлийн тав хоногт эмнэлэгт хэвтэх хүүхдийн тоо эрс нэмэгдсэн. Учир нь бага насны хүүхдийг айл, олон нийтийн газраар их авч явсан нь халдвар тараах үндэслэл болсон. Хоёрт, шинэ жилийн дараа насанд хүрэгчид олноор томуугаар өвчилсөн нь хүүхдэдээ халдвар тараах нөхцөл болж байна. Хүүхдээ цэвэр агаарт гарга гэж эмч, мэргэжилтнүүд их зөвлөдөг. Үүний дагуу эцэг эхчүүд хүүхдээ агаарт гаргахдаа дааруулж, хөлөргөснөөс бага насны хүүхэд уушгины хатгаагаар хүндрэх тохиолдол нэмэгдлээ. Сүүлийн хэд хоногт улирлын томуу үүсгэгч А хүрээний H1N1 вирус дэгдэж байгаа. Томуугаас урьдчилан сэргийлэх үндсэн арга нь даарахгүй, дулаан хувцаслах, дархлааг дэмжих байдаг” гэв.

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч Б.Бат-Амгалан хатгалгаа хүндрэхээс сэргийлэх зөвлөмж өглөө. Тэрбээр “Аль хүрээний вирусээр өвчилснөөс шалтгаалан эмнэлзүйн шинж нь өөр байдаг. Одоогоор А хүрээний H1N1 вирусийн тархалт түгээмэл байна. Энэ вирусээр өвдөх үед 38-40 хүрч халуурах, нүдний салст үрэвсэх, уушгины хатгаа үүсэх эрсдэлтэй. Хэрэв хүүхэд өвдсөн тохиолдолд эцэг эхчүүд:

-Хүүхдийн халууныг тогтмол хянах хэрэгтэй.  38.5-аас дээш халуурсан тохиолдолд халуун бууруулах эмийг зохих дарааллаар хэрэглэх. Хувцсыг нимгэлж, шингэн сайн уулгах.

-Олон нийтийн газраар явахгүй байх. Амны хаалт байнга хэрэглэх.

-Амин дэм, витаминаар баяжуулсан хүнс хэрэглэх.

-Гэрээ агааржуулах, чийгтэй цэвэрлэгээ хийхэд анхаарах хэрэгтэй гэсэн зөвлөгөөг өгч байна.

-Хүүхэд хэт амьсгаадаж, цээж хонхолзох, идэж уусан болгоноо бөөлжиж гаргавал яаралтай эмнэлэгт хандахыг анхааруулж байна” гэсэн юм. Вирусын онцлогийг эмч нар тодорхойлохдоо:

А дэд хэвшлийн H1N1 вирус-38-40 хүрч халуурах, нүдний салст үрэвсэх, уушгины хатгаа үүсгэх

Амьсгалын замын синцитиаль вирус– Халуурахгүй ханиалгах, хоолой өвдөх, нусгайрах шинж тэмдэг илэрч, уушгины хатгаа, бөглөрөлт, гуурсан хоолойн багтрал үүсгэж, амьсгалын дутагдалд оруулдаг.

Риновирус -Хамар, залгиурын үрэвсэл үүсгэж, хамраас нус гарах, найтаах зэрэг шинж тод илэрнэ.

Короновирус -Ханиадны шинж тэмдэг бага илэрч байгаад уушгины хатгаа үүсгэнэ

Бокавирус- Ерөнхий хордлогын шинж тод илэрч, залгиур улайна, цэртэй ханиалгаж хатгаа үүсгэнэ

Аденовирус– Нус гоожих, толгой өвдөх, гүйлгэж суулгах шинж илэрч, хатгаагаар хүндэрч, ходоод гэдэсний замын үрэвсэл үүсгэнэ

Томуугийн В дэд хэв шинжийн вирус -Халууралт өндөр, хордлогын шинж тэмдэг түлхүү илэрнэ. Хурдан хүндэрч, уушгины хатгаа болно. Удаан хугацаагаар цэртэй ханиалгана.

Реновирус хамар залгиурын үрэвсэл үүсгэдэг бол сонгомол H1N1 вирусийн халдвар маш хурдан хугацаанд уушгины хатгаа өвчнийг үүсгэдэг.

 

 

 

 


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!