Н.ЦЭРЭНБАТЫН “ХУЛГАЙЛЖ” БУЙ 1.0 САЯ АМ.ДОЛЛАРЫН ЗОРИУЛАЛТЫН БУС УРСГАЛЫГ ЗОГСООЖ, УТААНЫ ЭСРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ЗАРЦУУЛЖ ӨГӨӨЧ…

Утаагаа бууруулж, орчны бохирдлоо цэвэрлэхэд зориулаарай гэсэн бүхэл бүтэн 1сая ам.долларыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат хувьдаа завшихаар аль хэдийнэ төлөвлөгөө боловсруулж, хулгайлах мөнгөнийхөө эхний хэсгийг аваад эхэлчихсэн гэдгийг бид өмнө мэдээлж байсан. Түүний хулгайлах 1 сая ам.доллар Арабын нэгдсэн Эмират улсаас орж ирсэн бөгөөд тус улсын Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны яамнаас ирүүлсэн албан бичигт 1 сая ам.долларыг улсынхаа агаар, орчны бохирдлын асуудлыг шийдэхэд зарцуулаарай гэж маш тодорхой дурьдсан байгаа юм. Ингэхдээ энэ бэлгийг бүтээхэд өндөр хувь нэмэр оруулан ажилласан “Эрүүл мэнд-Интернэйшнл” байгууллагын төсөлтэй хамтран ажиллахыг хүсээд тус байгууллага нь эко цахилгаан халаагуурыг эмнэлэг, сургууль, цэцэрлэгүүдэд байрлуулах ажлыг хийх болно гэдгийг ч онцлон тэмдэглэсэн байдаг.

Албан бичиг өнгөрсөн зургадугаар сарын 5-нд ирсэн бөгөөд үүнээс хойш мань Н.Цэрэнбатын толгойд тэрхүү буцалтгүй тусламжийг хэрхэн яаж цэвэрхэн хулгайлах бодол л эргэлдэж байсан байж таараад байгаа. Тэрбээр долоо, наймдугаар сарыг мөнгө хулгайлах төлөвлөгөөндөө зориулж, улмаар багш нар ажил хаяж нийгэм бужигнаж байх зуурт буюу есдүгээр сарын 3-ны өдөр 1 сая ам.доллар буюу 2 тэрбум 410 сая 975 мянга 890 төгрөгийг (шударга царайлах гэж их нарийн тооцсон байгаа юм) хувьдаа шилжүүлэн авах анхны А/322 тоот тушаалаа гаргасан гэдгийг манай сайт баримттайгаар мэдээлж байв.

Хувьдаа хэмээн шууд хардахын учир нь өнөөх АГААР, ОРЧНЫ БОХИРДЛОО ШИЙДЭХЭД ЗАРЦУУЛААРАЙ хэмээн онцгойлон дурьдсан Арабын нэгдсэн Эмират улсын зорилтот бэлэгийн чиглэлийг шууд өөрчлөн УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, ЦӨЛЖИЛТИЙГ СААРУУЛАХ төсөл болгон хувиргаж, 2018 оны зардлын хуваарийг гаргачихсан байгаа юм. Тушаалдаа Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Арабын нэгдсэн Эмират улсын Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны яам хоорондын “Санамж бичгийг үндэслэн” гэсэн байсан нь дэндүү увайгүй. Энэ санамж бичигт ийм үг үсэг, утга огт байхгүй. Байхгүй гэдгийг Арабаас ирүүлсэн албан бичгээр нотолж болно. Тэрбээр ингэж худлаа ярьж Засгийн газрыг мэхэлж байгаад 2 тэрбум 410 сая 975 мянга 890 төгрөгийг 2018 онд багтааж авахаар зардлын хуваарь гарган батлуулчихсан. Тэгэхээр өнгөрсөн онд багтаад 1 сая ам.долларыг гаргаад авчихсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Агаар, орчны бохирдол, цэцэрлэг, эмнэлэг, сургуулиудад тавиарай гэсэн эко цахилгаан халаагуурын мөнгө өнгөрсөн ондоо багтаад тодорхой хуваарийн дагуу Н.Цэрэнбат болоод түүний нөхдийн халаас руу урсчихсан. Тэрбээр А/322 тоот тушаалынхаа хавсралт болгон есдүгээр сарын 4-ний өдөр 2 тэрбум 410 сая төгрөгийг хэрхэн гаргаж авах төлөвлөгөөгөө баталсан байгаа юм. Энэ өдөр бид багш нарын ажил хаялт, хичээл сургуульгүй гэртээ үлдсэн хүүхдүүдээ ярин хэрэлдсээр байсан шүү дээ. Тэрнийхээ гороор өнөөдөр утаан дунд элдэв өвчинд нэрвэгдэн ЭМЯ-наас ор хоног нэхэн чичилж байна. Харин утааг бууруулах, утаанаас хамгаалах ёстой 1.0 сая ам.долларыг цөлжилт нэрээр шомбодчихсон Н.Цэрэнбатыг таг мартжээ. Өөрийг нь огт санахгүй байгаад баяссан Н.Цэрэнбаттан 670 сая 975890 төгрөгийг уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах гэсэн төөрөгдлийн дор Увс аймаг руу цохчихсон. Тэнд мод тарьж, булаг усны эхийг, бэлчээртэй нь хамгаалах гэнэ. Тэгэхээр энэ мөнгө шууд хулгайчдын халаас руу орсон гэсэн үг. Урьдчилгаа болгон 32 сая 120 мянгыг нь “Ойн судалгаа хөгжлийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газрын дансаар хэдийнэ гаргаад авчихсан.

Ичиж үхлээ, Н.Цэрэнбат сайдаа. Яаж бид дахиад гадныхны, тусламжийн гараа сунгасан олон улс орны нүүрийг харах вэ. Монгол орны нэн ховор амьтад, махчин шувуудыг 200 сая төгрөгөөр судалж, хамгааллаа юу, та. Танаас өмнө хэдийнэ судлагдаад, хамгаалагдаад явж байгаа юм. Яг үнэндээ “ал ал, ав ав” гэсэн тушаал гаргаж мэдэх танаас л хамгаалмаар байна, ховор ан амьтад аа. Байгаль орчин, аялал жуулчлалын үе үеийн сайд, дарга нар өөрсдөө байгаль орчин, ан амьтныхаа эрлэгүүд байж бас Иргэд бидэнд өнөөх 1.0 сая ам.доллараас илүүчлэн 345 сая төгрөгөөр Экологийн боловсрол олгохоор төлөвлөж үүнийхээ 145 саяыг нь энэхүү луйврын тушаалуудаа үйлдэж байх өдрүүддээ буюу есдүгээр сарын 5-ны өдөр гаргаад авчихсан байгааг тань юу гэх вэ. Ингэхдээ өөрийн үеэл дүү н.Нямбаярын ерөнхий менежерээр нь ажиллаж байгаа “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” нэрт улсын төсөвт үйлдвэрийн газар руу шилжүүлээд авсан байгаа юм. Хамгийн аймшигтай нь эдгээр хөрөнгийг өнгөрсөн есдүгээр сарын 5-ны өдрийн А/324 дүгээр тушаалаараа шилжүүлж авсан хэрнээ бүтэн сарын дараа буюу аравдугаар сарын 10-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар оруулж 1 сая ам.долларыг захиран зарцуулах шийдвэрийг гаргуулчихсан. Ийм зальтай, зайтай сайдтайгаа хариуцлага тооцчихож чадахгүй мэхлүүлсээр яваа Засгийн газрыг яалтай билээ.

Өөрөөр хэлбэл, аль хэдийнэ эл мөнгөнөөс зарцуулаад эхэлсэн хэрнээ, мөн Арабын нэгдсэн Эмират улсаас агаар орчны бохирдол, хүүхэд эмнэлгүүдэд зориулаарай гэснийг нууцлан УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, ЦӨЛЖИЛТИЙГ БУУРУУЛАХ-д зориулаарай гэсэн гэж хуураад шийдвэр гаргуулчихсан байгаа сайдыг хэдий хүртэл толгойг нь илсээр суух вэ, У.Хүрэлсүх сайдаа!!! Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, эрхэм сайд Г.Занданшатартаан, та ажлаа хийж чадахгүй, хэдэн сайддаа хэдий хүртэл маллуулсаар явах гээ вэ. Таны арчаагүйгээс болж бид Арабуудын өмнө, Олон улсын өмнө ямар ичгэвтэр, увайгүй байдалд орж байгааг мэдэж байна уу. Нөхөр Н.Цэрэнбат та нарт, Засгийн газрын хуралдаанд худал хуурмагаа танилцуулж байхдаа аль хэдийнэ гаргаад авчихсан мөнгөө халаасандаа имэрч, жуумалзан суусныг энэхүү мэдээллээс одоо мэдэгтүн. Та нарыг хэрхэн маанагтуулж, бүхэл бүтэн нэг сая ам.долларыг хулгайлах эрхээ нээлгэснийг бидний хүргэсээр буй баримтуудаас харж ав.

Энэ нөхөр эл бэлэгний мөнгөнөөс Увс аймгийнхаа байгаль орчны байгууллагад 35 сая төгрөгөөр нь автомашин өгөхөөр, иргэдэд экологийн боловсрол олгохоор 345 саяыг тусгасан гэх хэрнээ дахин сургалтын материал тарааж оффис байгуулахаар 98 саяыг нь төлөвлөсөн байна. Түүнчлэн энэхүү худал хуурмаг, хулгай луйвраар дүүрсэн төсвийг яагаад Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл биш, Төрийн захиргааны удирдлагын газар нь баталж байдаг юм бэ. Яам, тамгын газар чинь хэзээнээс ийм хувийн компани шиг дүрэмгүй, дур зоргоороо болчихсон хэрэг вэ. Ийм ноцтой хулгайг Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл болоод Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар мэдэхгүй байна гэж байх уу? Олон улсын гэрээ хэлэлцээр, энэ их мөнгөн дүнгийн зардал, тайлан Сангийн яамны гадуур хийгдэнэ гэж байхгүй. Тиймээс Засгийн газраа мэхлэн байж 1 сая ам.доллар хулгайлахаар төлөвлөж, улмаар эхний мөнгөнүүдээ гаргаж авчихаад буй эл хэрэгт сангийн сайд Ч.Хүрэлбаатар шууд холбоотой юм биш үү. Яагаад дийлэнх зардал Увс, Ховд руу урсахаар төлөвлөгдсөн байдаг юм.

Магадгүй, ийм хулгайг хийхээр багш нарын ажил хаялтыг санаатай зохион байгуулж, нийгмийн анхаарлыг өөр чигт хандуулж байсан юм биш үү. Агаар орчны бохирдлоор 192 орноос 192-т нь жагсч буй улсад чинь энэ бохирдлоосоо сал, ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаал хэмээн өгсөн мөнгийг нь ийнхүү увайгүйгээр хулгайлж буй Н.Цэрэнбат болон түүний хамсаатнуудыг яаралтай саатуулж, 1 сая ам.долларыг яаж ийгээд гаргаж авахаар төлөвлөсөн гэмт үйлдлийг нь үтэр түргэн зогсоох арга хэмжээ авна уу.

Хамар дор нь явагдаж буй үйлдлийг мэдсэн ч мэдээгүй дүр эсгэж, магадгүй хамсаатан нь ч байж мэдэх Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, өөрийн эрхийг Төрийн захиргаа, удирдлагын газрын даргатаа шилжүүлсэн БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл нарыг ч нэн даруй шалгах ёстой.

Улмаар Арабын нэгдсэн Эмират улсыг, өөрийн улсын Засгийн газартайгаа мэхэлж, ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө зориулах мөнгийг санаатайгаар гуйвуулан хулгайлах арга сэдэж иргэдийнхээ эрүүл, аюулгүй амьдрах эрхэд халдаж буй Н.Цэрэнбатыг огцруулж, УИХ-аас хөөн зайлуулж, байх ёстой газарт нь даруй шилжүүлэх цаг болжээ.

Эс бөгөөс агаар, орчны бохирдолд зарцуулагдах ёстой 2 тэрбум 410 сая 975 мянга 890 төгрөгийг өөр зорилт, зориулалтаар гаргаж авсаар байгаа Н.Цэрэнбат гээч нөхрийн увайгүй үйлдлээс болж ард иргэд, ирээдүй болсон нялх балчир үрс минь угаартаж, утагдаж өвчилсөөр, үхсээр байна, эрх баригчид аа…

 

 

 

3 Сэтгэгдэлүүд

  1. БО яамаа устгаач. Аппарат ямар ч ажил хийх чадвар байхгүй. Хэдэн доктор хөлслүүлж ажиллуулж мөнгө шаах газар болоод удаж байна.

  2. За одоол хууль хүчнийхэн яаж ажиллахыг нь харах болж дээ. Энэ хулгайчийн Монгол улсад сайн юм хийж чадахгүйг олон түмэн харсан. Одоо улсад их гай болж байна. Хурдан 461 -т нь хориод шалгах ёстой юм шиг.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!