П.ЭРДЭНЭ: Бутлуур бид хоёр үйлдвэрт 35 жил ажиллалаа

“Эрдэнэт” үйлдвэрийн 2017 оны шилдгийн шилдэг ажилтан Ил уурхайн Зам овоолгын хэсгийн тоног төхөөрөмжийн засварчин-бутлуурчин Пүрэвдагвын Эрдэнэтэй уулзахаар уулыг зорилоо. Тэрээр ууланд амьдралынхаа ихэнхийг өнгөрөөжээ. Тоос шороо бужигнасан хүнд нөхцөлд ажилладаг юм байна. Гэвч дассан орчин, эвсэг хамт олон байхад ажрахгүй ээ гэсэн юм.

-Шинэ оны мэнд! Компанийн шилдгийн шилдэг ажилтан болсон танд баяр хүргэе.
-Шинэ оны мэндээ. Баярлалаа. Ажил ихтэй явна уу?

-Бид таныг зорьж явна. Ингэхэд та аль нутгийн хүн бэ?
-Би Ховд аймгийн Дарви сумын харьяат. Аав маань уг нь Чандмань сумынх. Гэхдээ ээжтэй минь ханилаад Дарви суманд амьдарсан. Олон жил бригадын дарга хийсэн, сумын заан цолтой бөх хүн байдаг юм. Ээж маань саальчин. Би чинь 11 хүүхэдтэй айлын дээрээсээ тав дахь нь.

-Та “ноцолддог уу?”
-Үгүй ээ. Энэ хэдэн төмөртэй л насаараа “ноцолдох” шив дээ. /инээв/ Ер нь манайхан дотор аавын барилддагийг дуурайсан хүн байхгүй.

-Нутгаасаа хэзээ гарсан бэ?
-1981 онд Ховдын хоёрдугаар 10 жилийн сургууль төгсөөд илгээлт өвөрлөн Эрдэнэтэд ирж байлаа. Тэр үед бид 26-уулаа ирсэн. Сургалтын төвд  мэргэжлээрээ хуваагдан суралцсан. 1982 оны хавар Ил уурхайд дадлага хийхэд анхны энэ бутлуур ирчихсэн угсрах гэж байсан юм. Дадлагынхаа гурван сарын хугацаанд тоног төхөөрөмжийн тосолгоо үйлчилгээг хийлцэж байлаа. Дараа нь шалгалтаа өгөөд, сургуулиа тоног төхөөрөмжийн засварчнаар төгссөн.

-Сургалтын төвийн сүүлийн төгсөгч байх нь. Тэгээд л Ил уурхайгаас ажлын гараагаа эхэлсэн үү?
-Тэгсэн. Ер нь энэ л газраа 35 жил ажиллаж байна. Дунд нь 1983 онд цэрэгт явсан. Улаанбаатар хотод Улиастайн 229-р ангид гурван жил алба хаасан. Цэргээс халагдаад ирэхэд манай хэсгийн оросууд дээр нэг монгол ажилтан нэмэгдсэн байсан нь Н.Цэрэндорж. Одоо бол гавьяаны амралтандаа суучихсан. Ингэж нэг монгол хамтрагчтай болж билээ.

-Эхэн үед хэлний бэрхшээл их байв уу?
-Орос мэргэжилтнүүдтэй ажиллахад эхэндээ амаргүй байсан. Дохио зангаагаар л үзэж тарна шүү дээ. Өдөр тутам харьцаад байхаар сүүлдээ ажлын ярианы хэлтэй болчихдог юм билээ. Сонирхолтой нь, ажил дээрээ болохоор ойлгоод, яриад байна. “Город” орохоор “паг” болчихдог байсан. /инээв/. Миний багш орос хүн л дээ. Ил уурхайн тэргүүний багш, шавь гээд хүндэт самбарт хоёулаа мандаж байлаа. Ажил ч үнэхээр урамтай эхэлсэн шүү. Энэ бутлуур бид хоёр үйлдвэртээ 35 жил хамт зүтгэлээ дээ.

-Бутлуур, та хоёр чөлөөндөө гарах дөхөж байгаа юм байна даа…?
-Ирэх жилээс хамтдаа л гарах болов уу. Сүүлийн бутлуур 1998 онд ашиглалтад орсон юм. Тэр нь хүртэл актлагдах болчихсон. Энийг маань “Эрдмин” авна гээд байрлуулах газраа талбайгаа засаад байгаа сурагтай. Уг нь ч 98 хувь ашигтай ажиллах эд л дээ. Хаягдал багатай. Ирэх хавар их засвар хийвэл өгөхгүй ч байж магадгүй ээ.

-Та хайрга бутлан ялгах суурин төхөөрөмжийнхөө насыг хэрхэн уртасгадаг вэ? Туршлагаасаа хуваалцаач?
-Би ганцаараа хийхгүй ээ. Манайхан бүгдээрээ нийлж ажилладаг. Хувь хүний амжилт хамт олноос их шалтгаална. Манай мастер Банзрагч гэж их сүрхий залуу бий. Бидний бүтээлч санаачилгыг их дэмждэг. Өнгөрсөн жил 480 сая төгрөгийн өртөгтэй их засвар хийхээр төлөвлөсөн боловч хийгдээгүй. Гэхдээ бид нөөц бололцоогоо бүрэн дайчилж тасралтгүй ажиллагааг ханган ажилласан. Суурин төхөөрөмжийн нэг ба хоёрдугаар шигшүүрийг Засвар механикийн заводад материал бэлдцийг өгч зургийн дагуу хийлгэн суурилуулж угсралт тохируулгыг хийж ашиглалтад оруулсан. Ингэснээр зөвхөн энэ шигшүүрийг 40 сая төгрөгөөр худалдан авах байсныг дотооддоо эхнийхийг нь 18,2 саяар, хоёр дахь шигшүүрийг 26,8 сая төгрөгийн зардалтай хийлгэснээр нийт 35 сая төгрөг хэмнэсэн. Мөн хайрга бутлан ялгах төхөөрөмжийн туузан дамжуулгын 750 мм-ийн хөтлөгч хүрд элэгдсэнийг хуучин ашиглаж дууссан өргөн хөтлөгч хүрдийг нарийсган зорж орлуулан засварласан гээд яривал олон ажил бий.

-Хөдөлгөөнт зөөврийн шигшүүрт тракторын хөдөлгүүр тааруулсан гэдэг. Энэ талаар…?
-Энэ шигшүүрийн хөдөлгүүрийн агаар шүүгч нийлүүлэгдэхгүй зогсох үед САТ-246В тракторын хөдөлгүүрийн агаар шүүгчид тааруулж хоолой хайрцгийг хийж шигшүүрийг гурван сар сааталгүй ажиллуулсан. Мөн энэ шигшүүрийн туузан дамжуулгын толгойн эд анги элэгдэж нурсныг орлуулан хийж ажиллуулснаар “РСЦ”-ийн барилгын ажилд шаардлагатай хайрга бэлтгэх, Ган бөөрөнцгийн цехийн нүүрс шигших ажил саатаагүй.

-Танай нэгжийн үндсэн ажил үүрэг юу вэ?                   .
-Манайх уурхайн зам засварын ажил, тэсэлгээний цооногийг түгжээсний материалаар найдвартай хангахаас гадна үйлдвэрийн бусад цех, нэгжүүдийн хайрганы хэрэгцээг хангаж ажилладаг. “Город”-д тэсэлгээ их мэдрэгддэг байсан бол одоо бүр больсон байгаа биз. Бид цооногийг чигждэг юм. Уурхайн зам хар зам шиг л болж байгаа ш дээ. Гадны аж ахуйн нэгж байгууллагууд, хувь хүмүүс хайрга худалдаж авна. Цас орж халтиргаа гулгаа үүсэхэд манайхаас элс, хайрга нийлүүлнэ. Өнгөрсөн жил бид 64000 м3  орчим уулын цул буталж элс, хайрга үйлдвэрлэсэн.

-Танайхан 2017 онд үнэхээр сайн ажиллажээ. Шагнал урамшил ч чамгүй хүртсэн байх…?
-Бид 14-үүлээ ажилладаг. Эвсэг сайхан хамт олон. Манайхаас хоёр тэргүүний уурхайчин төрлөө. Цехийн нэг, үйлдвэрийн нэг шилдэг ажилтан төрлөө. Би компанийнхаа шилдгийн шилдэг ажилтан боллоо. Ажлын бүтээмж өндөр сайхан жил одлоо. Гэсэнч 2018 онд илүү ихийг бүтээх хүсэл тэмүүлэл дүүрэн байна. Зах зээлд шилжиж байсан үеийг бодвол одоо сайхан болжээ. Дээхэн үед юм хийе гэсэн ч материал байхгүй, сэлбэг олдохгүй. Ямар сайндаа би дарга нартаа электрод, төмөр хоёроор л таслахгүй байхыг хичээгээрэй. Тэгвэл засварыг дөнгөөд байна гэж захидаг байсан. Одоо бол хүн өөрөө сэтгээд, жаахан сэтгэл гаргахад л болохгүй бүтэхгүй юмгүй болж.

-Та бригадын даргаар хэдэн жил ажиллаж байна?
-Оросуудын гэрээ дуусаад явахад л би бригадын даргаар үлдсэн. Одоо 24 жил бригад ахалж байна. Би дээхэн үед Технологийн сургуульд тоног төхөөрөжмийн инженерээр сурч байгаад цаг нарт баригдаад орхичихсон юм. Түүндээ л одоо  жаахан харамсдаг.

-Ажлаас жаахан хөндийрье. Ховдоос ганцаараа ирсэн хүн ханьтайгаа хаана учирсан бэ?
-Эрдэнэтэд ирсэн жилээ ханьтайгаа танилцсан. Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Цагаач гуайн дүү бид хоёр Ховдоос хамт ирээд ээжийнх нь гэрт хуучнаар “Хүрэн дэлгүүр”-ийн урд талын хашаанд амьдардаг байсан юм. Манай хамар хашаанд Хивсний үйлдвэрт ажилладаг хоёр Алтанцэцэг гэж охид амьдардаг байлаа. Яваандаа бид хоёр нэг нэгээр нь аваад суучихсан даа. /инээв/ Манай хүн Булган аймгийн Баян-Агт сумынх.

-Танайх хэдэн хүүхэдтэй вэ?
-Манайх хоёр охинтой, гурван зээтэй. Бага охиноо үйлдвэр бараадуулчихвал ч аавын хэрэг бүтэх нь тэр. Хамтын гэрээгээр өөрийнхөө оронд ажилд оруулъя гэхээр хүйс заасан мэргэжил болохоор болохгүй байна. Тэгж байгаад солилцох хүн олдоно байгаа.

-“Эрдэнэт” үйлдвэрт ажиллах хугацаанд амьдралд тань дурсамжтай ямар сайхан үйл явдал тохиосон бэ?
-2012 онд цехийнхээ шинэ жилийн сугалаанаас Лондонгийн олимп үзэх эрх хожсон. Манайх азтануудаа хоёр шатлалтай тодруулсан юм. Би 20-иос дээш жил ажилласан хүмүүсийн дунд явуулсан сугалаанд хожиж Лондон явсан. Үнэхээр мартагдашгүй сайхан аялал болсон.

-Үйлдвэрийн ажиллагсад маань залуужиж байна. Тэдэнд хандаж юу хэлэхсэн бол…?
-Одоо дандаа үе залгамжилсан ажилчид бий болж байна. Сайн аав, ээжийнхээ нэрийг өргөж, алдар гавьяаг нь үргэлжлүүлж ажиллах хэрэгтэй. Сэтгэлээсээ хийсэн ажил чанартай болдог. Чанартай юм бүхэн үлдэцтэй. Энэ дахиад эвдэрвэл би л ноцолдоно шүү дээ гэж бодоод нэг хийвэл насны юм бүтээхийг зорих хэрэгтэй. Сайн ажиллавал сайхан амьдрал ойрхон. “Эрдэнэт” үйлдвэрийнхээ түүхт 40 жилийн ойд хөдөлмөр бүтээлээр бүгдээрээ бэлэг барья.
-Баярлалаа.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!