НХС-аас дараах нэр төрлийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, дэмжлэг, хөнгөлөлтийг үзүүлдэг

2022-01-10
2 мин уншина

2022 онд Нийгмийн халамжийн сангийн төсөв 483 тэрбум төгрөгөөр өнгөрсөн оны 11 сард батлагдсан. Ингэхдээ Хүүхдийн мөнгөний 1.4 их наяд төгрөгийн төсөв Сангийн сайдын төсөвт шилжсэн байгаа.

Нийгмийн халамжийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд, тэднийг асарч байгаа иргэдэд дараах нэр төрлийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, дэмжлэг, хөнгөлөлтийг үзүүлж байна. Үүнд:​

1. Хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан 16 насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр: Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан тахир дутуугийн тэтгэвэр /хүчин төгөлдөр хуулийн нэршил, шинэ хуулийн төсөлд хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэвэр/ авах эрх нь үүсээгүй иргэдэд сар бүр 188.0 мянган төгрөгөөр нийт 51.159 иргэнд олгож байна.

2. Байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэл насны хүүхдэд олгох амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж: Нийгмийн халамжийн тэтгэвэртэй тэнцүү хэмжээний мөнгөн дүнгээр буюу 188.0 мянган төгрөгөөр нийт 11.161 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгож байна.

3. 16 насанд хүрсэн одой иргэний тэтгэвэр: Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх нь үүсээгүй иргэдэд сар бүр 188.0 мянган төгрөгөөр нийт 130 иргэнд олгож байна.Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан дээрх халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 100.0 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 288.0 мянган төгрөгөөр олгож ирсэн.

4. Байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэл насны хүүхдийн асаргааны тэтгэмж: УИХ-аас тогтоосон мөнгөн дүнгээр буюу сар бүр 123.100 төгрөгийн асаргааны тэтгэмжид 10.784 иргэн хамрагдаж байна.

5. Асаргааны тэтгэмж: Байнгын асаргаа шаардлагатай иргэнийг асарч байгаа 15.840 иргэнд сар бүр 84.500 төгрөгийн тэтгэмжийг олгож байна. Цар тахлын үед тус тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлээгүй.

6. Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ: Тус үйлчилгээнд нийт 16.7 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамрагдаж байна.

7. Амьжиргааг дэмжих мөнгөн тусламж: Байнгын асаргаа шаардлагатай 16 ба түүнээс дээш насны иргэнд улирал бүр 60.0 мянган төгрөгийн тэтгэмж олгож байна. Дараах хөнгөлөлт, тусламжуудад нийт 25.790 иргэд хамрагдаж байна.

8. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох түлшний хөнгөлөлт: Жилд 1 удаа 140.0 мянган төгрөгийн хөнгөлөлтийг олгож байна.

9. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийн протезийн үнийн хөнгөлөлт: Протез, ортопедийн жишиг үнийн дагуу 1-3 жилийн хугацаанд олгож байна.

10. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, түүний асран хамгаалагчийн цэцэрлэг, сургуульд ирж очих унааны зардал: Жилд нэг удаа 200.0 мянган төгрөг олгож байна.

11. 16 насанд хүрсэн бүрэн хараагүй иргэний харилцаа холбооны зардал: Сар бүр 20.0 мянган төгрөг олгож байна.

12. Эмчилгээ, сувилгааны хөнгөлөлт: Рашаан сувилалд сувилуулах шаардлагатай бол ор хоног, унааны зардал, 1000 дээш км алслагдсан газраас ирж эмчлүүлэх бол нэг талын унааны зардал, зусланд амрах бол эрхийн бичгийн хөнгөлтийг жилд нэг удаа тус тус олгож байна.

Орчуулах »