Маргаашнаас эхлэн Японд аялаж буй иргэд татвар төлнө

Япон улсад маргаашнаас хойш буюу нэгдүгээр сарын 7-оос эхлэн аялагчдад татвар ноогдуулж эхлэх гэж байгаа тухай японы “Nikkei” сонинд мэдээлсэн талаар Korea Times уламжилжээ. “Nikkei” сонинд бичихдээ “Энэхүү Татварын хуулийг өнгөрөгч 2018 оны дөрөвдүгээр сард баталсан байна. Японоос буцаж нисч буй бүх хүн 1000 иен (ойролцоогоор есөн ам.доллар) татвар төлөх аж. Энэхүү татвар нь үндэстэн харгалзахгүй хоёроос дээш насны бүх хүнд хамаарах бөгөөд японоос хувийн онгоц, хөлөг онгоцоор явж байгаа хүмүүс ч гааль дээр татвараа тушаах ёстой гэнэ. Харин 24 цагийн дотор дамжин нисэх аялагчид, байгалийн гамшгаас дүрвэн ирсэн хүмүүс, нисэх онгоц болон хөлөг онгоцны багийн гишүүд, дипломат ажилчид татвар төлөхгүй” хэмээжээ.

Мөн тус улсын Засгийн газраас энэ жил татварын орлогоос нэмэлт 50 тэрбум иен төвлөрүүлэхээр төлөвлөсөн нь ирэх 2020 онд зуны Олимпийн наадмыг зохион байгуулахтай холбоотой юм.  Учир нь албаныхан шинэ татварын орлогыг гадаадын зочдын тав тухыг хангах, нисэх буудлуудад нүүр таних технологи суурилуулах, жуулчдын мэдээлэл авах цэгүүдийг шинэчлэх зэрэгт зарцуулах гэнэ гэжээ.

Япон улс нь өнгөрсөн 2018 онд 30 сая гадаадын аялагч хүлээн авсан ба 2030 он гэхэд энэ тоо хоёр дахин өсөх хандлагатай байгаа аж. Дээрхитэй ижил татвар нь АНУ, Франц, Герман, Австрали, Канад улсад ч байдаг бөгөөд 1997 онд БНСУ дотоодын аялагчдад, 2004 онд олон улсын аялагчдад ийм төрлийн татварыг тавьж байсан байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!