А.Ариунзаяа: Манай улсад 93 улсын 5741 иргэн хөдөлмөр эрхэлж байна

2021-11-16
1 min read

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа”Энэ хуульд зөвхөн Монгол Улсаас гадаадад ажиллаж байгаа иргэн гэлтгүй гадаадаас манай улсад ажиллаж буй иргэдийн асуудал орно. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад гадаадын хэчнээн иргэн гэрээгээр ажиллаж байгаа вэ?.Үүнтэй холбогдуулан хууль бус асуудал хэр их байдаг вэ?” гэв.

Үүнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Энэ оны аравдугаар сарын байдлаар 93 улсын 5741 иргэн манай улсад хөдөлмөр эрхэлж байна. Хамгийн их нь 2011 онд 36 мянган гадаадын иргэн ажиллаж байсан. Цаашид эдийн засаг сэргэх учраас энэ тоон үзүүлэлт нэмэгдэх болов уу гэсэн хүлээлттэй байна. Хүүхэд харах Филиппин асрагч нарыг иргэд их авдаг. Судалгаагаар ойролцоогоор 300 орчим гадаад хүүхэд асрагч ажил хөдөлмөр эрхэлж байна гэсэн тоон мэдээлэл бий. Хүүхэд асрагч гэдэг утгаараа хөдөлмөрийн зөвшөөрөл авдаггүй. Харин боловсролын байгууллагын багш гэдгээр зөвшөөрөл олгодог. Нөгөө талдаа иргэд хоорондын гэрээгээр үйл ажиллагаа явуулдаг” гэж хариуллаа.

Орчуулах »