2018 онд болсон онгоцны аймшигт осол

Нисэх онгоцны ослын улмаас 2018 онд амиа алдсан хүний тоо 556 хүрчээ. Энэ нь өмнөх оныхтой нь харьцуулахад ихээхэн өссөн тухай Нидерланд улсад төвтэй Агаарын аюулгүй байдлын сүлжээний газраас /ASN/ мэдээлсэн байна.

Тус байгууллагын тайлан мэдээлснээр, 2018 онд нисэх онгоцны томоохон 15 осол гарсан ажээ. Эдгээрээс хамгийн аймшигт осол аравдугаар сард Индонезид болсон юм. Уг ослын улмаас 189 хүн амиа алдсан билээ. Энэхүү ослын араас долдугаар сард Кубад гарсан осол, (112 хүн амиа алдсан), хоёрдугаар сард Иранд гарсан осол (66 хүн амиа алдсан) зэрэг орж байгааг тайланд онцолжээ.

2017 онд зорчигч тээврийн нэг ч нисэх онгоц осолдоогүй амжилтаар дэлхийн түүхэнд тохиосон хамгийн аюулгүй жилээр шалгарч байсан билээ.

“2000 онд нийт 64 томоохон осол гарч байсан бөгөөд өнгөрсөн 20 орчим жилийн хугацаанд энэ салбарын аюулгүй байдлыг хангах ажиллагаанд ихээхэн ахиц дэвшил гарсныг дээрх тоон үзүүлэлт харуулж байна” гэж Агаарын аюулгүй байдлын сүлжээний газрын гүйцэтгэх захирал Харро Рантер хэлсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!