​Д.Хаянхярваа: Бүлэг эв зүйгээ олох нь М.Энхболдоос бус, ганцхан У.Хүрэлсүхээс л хамаарна

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Ерөнхийлөгч УИХ-ын гишүүдийн олонхи нь УИХ-ын даргыг огцруулах санал гаргасан бол УИХ хэлэлцдэг байх хуулийн төслийг өргөн барилаа. Хувь гишүүнийхээ хувьд уг хуулийн төслийг дэмжиж байгаа юу?

-Ерөнхийлөгч хууль санаачлах эрхтэй учраас бид тэр эрхэнд нь хүндэтгэлтэй хандах ёстой. Ерөнхийлөгч хуулиа санаачилсан. Уг санаачилсан хуультай нь өнөө өглөө УИХ-ын даргын өрөөнд орж танилцсан. Би хуульч хүн биш л дээ. Гэхдээ энэ хуульд УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон тус хуульд өөрчлөлт оруулахтай холбоотойгоор УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулна гэж оруулж ирсэн байна. Д.Лүндээжанцан гишүүн бид нар өглөө ярилцаад органик хуульд өөрчлөлт оруулаад процессын хуулиа өөрчлөх ёстой бус уу, хуулийн процедур зөв явж байна уу гэдэг асуултыг тавьсан. Лүндээжанцан дарга бол “Толгой нь доошоо, хөл нь дээшээ харсан хууль оруулж ирлээ дээ” гэж хэлсэн.

Нөгөө талаас хууль санаачилж болно, гэхдээ хуулийн төсөл нь Хууль тогтоомжийн тухай хуулийн хүрээнд бүх процесс явагдах ёстой. Бүх юм хуулийн дагуу явбал энэ улсад л хэрэгтэй. Гэхдээ УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн санаачилсан төслийг хүлээж авъя гээд хүлээгээд авчлаа.

Одоо энэ хууль ирэх долоо хэлэлцэгдээд батлагдаад явбал УИХ-ын даргыг огцруулах зургаа дахь үндэслэл болоод хэрэгжээд явна. Энэ асуудал хэлэлцэгдэхийн тулд УИХ-ын даргыг огцруулах бичигт 39-өөс дээш гишүүн гарын үсэг зурж, дахин өргөн барьж, хуулийн дагуу хэлэлцэнэ. Чөлөөлөгдөх шийдвэр гаргавал дараагийн хүн нь томилогдоод явна.

-Энэ хууль батлагдаад,  УИХ-ын дарга огцорлоо гэхэд танай намд үүссэн асуудал шийдэгдэх юм уу?

-Ер нь манай бүлгийн гишүүд эв зүйгээ олох асуудал нь ганцхан намын удирдлагаас л хамаарах асуудал юм. Өнөөдөр намын удирдлага үүссэн асуудлыг зохицуулаад явах бүрэн боломж байгаа. Гагцхүү хүсэхгүй байна уу, чадахгүй байна уу гэдгийн аль вэ гэдгийг хэлж чадахгүй байна. Уг нь манай 65-ын бүлэгт намын даргыг эрс эсэргүүцдэг хүн гэж байхгүй. Харин намын даргын үйлдэл, хэлсэн үгийг нь эсэргүүцдэг хүн надаас эхлээд байгаа. Энэ бүхнийг хэлж болохгүй, хэлгүй дүлий шигээр дүрмийг нь өөрчлөөд явна гэвэл их л буруу жишиг рүү явна гэж харж байна.

-Ерөнхийлөгчийн санаачилж байгаа хуулийн төсөл УИХ-ын халдашгүй байдалд нөлөөлнө гэж зарим гишүүн ярьж байна. Энэ тал дээр?

-Яг ямар утгаар тэгж ярьсныг нь мэдэхгүй байна. Харин энэ хуулиар маш буруу жишиг тогтоно. УИХ-ын даргыг нэг хэсэг бүлэгт  нь таалагдахгүй бол гарын үсэг цуглуулаад огцруулдаг болох нь. Дөрвөн жилийн хугацаанд Засгийн газраа 2, 3 сольдог байсан бол одоо УИХ-ын даргаа олон сольдог байдал руу орж байна. Энэ нь өөрөө төрийн тогтворгүй байдлыг нэмэгдүүлнэ. Миний бодлоор бол энэ хуулийг нь баталж, М.Энхболд гэдэг хүнийг огцруулчихаад энэ хуулиа хүчингүй болгочоосой билээ гэж залбирч байна. Ингэвэл монгол төрийн дархлаанд хэрэгтэй юм болов уу даа. Нэг хүнд зориулж хууль гаргаж байгаа учраас тэр хүнээ огцруулах үүргээ биелүүлбэл буцаагаад үүнийгээ хүчингүй болгочих хэрэгтэй.

УИХ-ын даргыг огцрохыг шаардсан 40 гишүүн Ерөнхийлөгчийн өргөн барьсан Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилж болох байсан ч өргөн барьсангүй. Ерөнхийлөгч энэ хуулийн өөрчлөлтийг өргөн барьж байгаа нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр нэг тал болсон, нэг үзэл санаатай байгаагийн илэрхийлэл гэж харах хүмүүс ч байна. Та үүнийг хэрхэн үзэж байгаа вэ?

-УИХ-ын 40 гишүүн болон Засгийн газар энэ хуулийн төслийг санаачилж, өргөн барих бүрэн боломжтой байсан. Сүүлийн үед гацаа үүсч байгаатай холбоотойгоор хуульчид УИХ-ын даргыг огцрохыг шаардсан 40 гишүүнийг хуулийн төслөө оруулж ирээд, батлуулахыг зөвлөсөн. Ингэж хууль зөрчсөн тулгалт хийж байхынхаа оронд бүрэн эрх нь байхад хуулиа санаачлаад асуудлаа шийдэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байсан. Ерөнхийлөгч санаачлаад оруулж ирж байгааг нь нийгэм хэрхэн хүлээж авч байгааг нь би мэдэхгүй. Манай нам нэг л даргатай болсон. Манай намын дарга санаачилж байна гэж л харагдаж байна.

Эх сурвалж: itoim.mn

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!