Засгийн газрын энэ оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн 46 дугаар тогтоолын дагуу согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн захиргааны хэм хэмжээ, стандартын хэрэгжилтэд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран хяналт шалгалт хийжээ.

Шалгалтад улсын хэмжээнд нийт 71 аж ахуй нэгжийн 83 согтууруулах ундааны үйлдвэрүүд хамрагдсанаас 44 буюу 53 хувь нь нийслэлд, 39 буюу 47 хувь нь орон нутагт бүртгэлтэй байгаагаас 48 буюу 57 хувь нь үйл ажиллагаа нь зогссон байдалтай байсан аж. Шалгалтад хамрагдсан нийт 83 согтууруулах ундааны үйлдвэрээс үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа, эрсдэлийн үнэлгээ хийгдсэн 35 аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг хэвээр үлдээхээр, согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэх гэрчилгээний хугацааг зохих журмын дагуу сунгуулаагүй, тусгай зөвшөөрлөө сунгуулах тухай хүсэлтээ гаргаагүй, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зогссон, хуулийн этгээд татан буугдсан, үйлдвэрийн байргүй болсон, тусгай зөвшөөрлөө хүчингүй болгуулах тухай хүсэлтээ гаргасан, түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгаагүй 28 үйлдвэрийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, 11 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай саналыг МХЕГ-аас ХХААХҮЯ-нд хүргүүлсэн.

Мөн “Архидан согтуурахтай тэмцэх тухай” хууль, Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2004 оны 58 дугаар тушаалаар батлагдсан “Согтууруулах ундааны үйлдвэрлэлийн төсөл сонгон шалгаруулах, үйлдвэрлэл хяналт тавих журам”-д өөрчлөлт оруулах тухай саналуудыг холбогдох газруудад хүргүүлэн ажилласан.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!