У.Хүрэлсүхийн бохир улстөр

“Хүссэн хүнд төрийн жолоо бүү атгуул” гэсэн үг байдаг. Тэгвэл УИХ-д 65-уулаа болсон МАН-ынхан эрх мэдэл албан тушаалын төлөө төрийн ажлыг гацааж ард түмний амьдралыг доройтуулж байна. Уг нь паралментад олонх болсон тус нам эв нэгдлийг эрхэмлэхэд болохгүй гэх зүйл байхгүй. Гэтэл яагаад тэд ийм байдалд хүрэв. Хариулт нь тун энгийн. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Мэргэжлийн гэх тодотголтой Ж.Эрдэнэбатын Засгийн газарт Шадар сайдаар ажиллаж байхдаа гэнэт л “Намайг алах гээд байна. Тагнаж, чагнаад байна. Би үхэхээс айхгүй” гэсэн мессежийг хэвлэлээр тарааж гол дүрд нь тоглосноор Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг ганхуулж өдгөөгийн Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд болсон түүхтэй.

Тэгвэл У.Хүрэлсүх үнэн хэрэгтээ МАН-ын өмнө ямар гавьяа байгуулж энэ их өндөрлөгт ямар замыг туулж орж ирсэн юм бол. Тэрбээр одоогоос 11 жилийн өмнө улсад 14.2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргээр Анхан шатны шүүхээс ял сонсч хар гэрт хоригдох дээрээ тулж байхад Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр түүнийг ялаас мулталсан байдаг. Ингээд ял зэмгүй өнгөрсөн У.Хүрэлсүх уг хэргийн дараа гадаад руу гарч 2011 онд эргэн ирж өөрт нь тус хүргэж ялаас мулталсан Н.Энхбаярыгаа МАН-аас хөөж жудаггүй зан гаргасан гэдгийг одоо ч МАН-ынхан ярьдаг.

Харин яг одоо У.Хүрэлсүхийн ЖДҮ-чин гишүүд УИХ-ын дарга М.Энхболдыг суудлаас нь унагаахаар улайрч УИХ-ыг бойкотлоод олон хоног өнгөрлөө. Тэд М.Энхболдыг муу хүн болгон харагдуулахын тулд сошиалыг эзлэн авсан талаар АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ ийн өгүүлэв. Тэрбээр “У.Хүрэлсүх цэргийн хүн, хурандаа хүн юм гэнэ лээ. Тэгсэн чинь баахан хуурамч хаяг, хөлсний “троллчид”-ын хурандаа нь бололтой юм. Фэйсбүүк, хэвлэлээр нэг өөрийгөө магтуулсан хүн . Олон нийтийг хахаж цацтал, бялууртал өөрийгөө магтуулах юм. Яасан ч их хөрөнгө мөнгө цацдаг юм . Хаанаас ч тэрийгээ олдог юм. Манай хурандаад “цэргүүддээ” үүрэг өгч өөрийгөө магтуулаад түүнийгээ хараад сууж байх сайхан санагддаг юм байлгүй. Уучлаарай, наад сошиал сүлжээнээсээ сал, бодит хөрсөн дээрээ буу. Юун У.Хүрэлсүхийг магтахтай манатай , хоногийн хоол, өдрийн талхаа тасалчихгүй юмсан гэсэн хүмүүс л байна шүү дээ” хэмээсэн нь гашуун ч гэсэн үнэн үг. Яг үнэндээ У. Хүрэлсүхийн Засгийн газар хийсэн ажил, гийгүүлсэн гавьяагүй гэдэг нь бодит үнэн.
Түүний хэлэх дуртай “ Би айхгүй байна. Амь насаа алдахаас ч айхгүй байна. Ганцхан зүйлээс айж байна. Энэ бол ард түмний минь итгэл найдвар алдрах вий гэхээс би айж байна” хэмээж байсан ч тэрбээр ард түмнээ бодсонгүй. Зөвхөн эрх мэдэлд хүрэхийн тулд ЖДҮ-чин гишүүдээ урдаа тавьж төрийн ажлыг гацаасаар байна. Уг нь У.Хүрэлсүхэд Монголын ард түмний нэг нь ч санал өгч сонгоогүй. Харин УИХ-ын 76 гишүүнийг ард түмэн сонгосон. Ийм л хүн өнөөдөр шударга үнэний туйл болчихсон тэнгэрт дүүлж, хар дарсан зүүдээ мартаж шударга эх оронч хүний дүрд тоглож яваа нь энэ цагийн эмгэнэл. У.Хүрэлсүхийн үгэнд ард түмэн итгэсэн. Одоо түүнд цэг тавих цаг нь болжээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!