Сайдын суудалд цочир очсон Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ

-ТЭР АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛТЭЙ ЮМ БИШ БИЗ-

1999 онд Улаанбаатар их сургуулийн түүх судлалын ангийг төгссөн энэ залуу сүүлд БНСУ-ын Корейн Айр компанийн дэргэдэх академийг агаарын тээврийн мэргэжилтнээр дүүргэсэн байдаг.

Түүнийг улс төрд хөтөлсөн хүн нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ.

НАМЗХ-ны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Л.Оюун-Эрдэнэ хүрээллээ бий болгож байсан үе бөгөөд тэрбээр хоёр ч компани үүсгэн байгуулж, бизнест хөл тавьж явсан Б.Бат-Эрдэнийг дэргэдээ чирч авчран, улмаар жил гаруйхны дотор НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, дотоод протокол хариуцсан албан тушаалтнаас Ерөнхий нарийн бичгийн дарга болгон өөд татсан байгаа юм.

МАН-ын залуучуудын албан тушаалын гишгүүр болсон НАМЗХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар ийнхүү ажиллуулж байгаад У.Хүрэлсүхийг Шадар сайд болох үед туслахаар нь өгч. Б.Бат-Эрдэнэ тэнд таван сар бичиг цаас эмхэлж, цүнх барьсан болж байгаад нэг л өглөө МХЕГ-ын дэд даргыг түр орлон гүйцэтгэгч болчихсон их эр.

Харин У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болох хүртэл “Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн” ТББ-ын тэргүүний суудалд сууж, улстөрийн салхи эргэхийг хүлээж байгаад Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар гэнэтхэн шуугиад ороод ирсэн байдаг. Тэр албан тушаалын бялуу хуваалтаас үлддэггүй шигээ ЖДҮХС-г цөлмөсөн гэх нөхдийн жагсаалтаас ч хоцроогүй.

Нэг хэсэг хадам ахынхаа “Рич холдинг” ХХК-д ЖДҮХС-гаас 400 сая төгрөгийн зээл авахад нөлөөлсөн хэргээр хариуцлага хүлээсэн болж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргын суудлаас огцорсон ч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт шигж, дараагийн бялуу зүсэлтийг хүлээж байсан байгаа юм.

“Бат-Өлзийн Бат-Эрдэнэ сан”, “Монголын залуучуудын эвлэл”, “Монголын үйлдвэрлэл эрхлэгч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо”, “Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн” зэрэг олон Төрийн бус байгууллагад нэр холбогддог тэрбээр аялал жуулчлал болон агаарын тээврийн салбарт ачаа тээвэр зуучлалын үйлчилгээний чиглэлийн “Силкроуд трэвел”, гадаад худалдааны “Фасад констракшн” компаниас гадна хоёр ч хадгаламж зээлийн хоршооны “эзэн” гэх мэдээллийг эх сурвалжаас өгч байна.

Хэрэв тийм бол тэр ашиг сонирхлын зөрчилтэй сайд болж таарна.

Ямартай ч Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар томилогдохынхоо өмнөхөн “Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн” ТББ-ын тэргүүнээр ажиллаж байсан Б.Бат-Эрдэнийн нэр Тусгаар тогтнолын ордонд байрлах “Монголын залуучуудын эвлэл” төрийн бус байгууллагад бүртгэлтэй байдаг юм байна.  

“Монголын залуучуудын эвлэл”-ийн Удирдах зөвлөлийн даргаар ажилладаг Э.Ууганбаатарын хувь эзэмшдэг, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр зөвлөгөө өгч ажилладаг “Нээлттэй тархи” ХХК-ийг ч шинэхэн сайд Б.Бат-Эрдэнийнх гэлцэнэ.

Тэрбайтугай тус компанийн бас нэг хувьцаа эзэмшигч М.Ганхүлэгийн нэр дээрх “Ашдын түүчээ”, “Ашид паблишинг”, “Хүүхэд залуучуудын оролцоог дэмжих хөгжлийн түүчээ сан”, “Монголын зүрх Хэнтий”, “Ашид пресс”, “Ард контент групп” зэрэг веб сайт хийх, уран сайхны кино, сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг Б.Бат-Эрдэнэ, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарынх гэх мэдээллийг намын нь дотоодоос өгч байгаа юм.

Цуу ярианд ч үнэний хувь байдаг гэдэг…

Ор үндэсгүй компани, Төрийн бус байгууллагуудад эрхэм сайдуудын нэрийг зүгээр нэг авчраад наачихаагүй биз.

Тэгэхээр эх сурвалжуудаас өгсөн, ашиг сонирхлын асар зөрчилтэй байж мэдэх эл мэдээллүүдийг анзааралгүй орхиж болохгүй ноцтой, но-той сэдэв юм.

Орчуулах »