Шинэ Засгийн газрын бүтэц & Спорт, урлаг, соёлын мөрөөр мөнгө урсгасан бүлэглэл

Цар тахлын үед Улсын баяр наадмыг зохион байгуулах нэрийдлээр “Шинэ үеийн нэгдмэл залуус” ТББ-аар дамжуулан 4.5 тэрбум халаасласан өлөн бүлэглэл, спортын нэрээр 2024 оны сонгууль хүртэл “хулгай” хийхээр төлөвлөсөн “бүлэг хулгайчид” дараагийн Засгийн газрыг бүрдүүлнэ гэчихэд хатуудаж, хилсдүүлсэн болохгүй.

Ард иргэд нь түлээ түлшгүй, өмссөн зүүснээ шатааж бээрээгээ гарган зутрахын зэрэгцээ цар тахлын элдэв хувилбарт нэрвэгдэн үхэл амьдралтай тэмцэж байхад өсөхийн өлөнгөө дарж чадахгүй яваа бэртэгчингүүд урлаг, соёл, хөшөө дурсгал нэрээр татвар төлөгчдийн мөнгөнөөс дур зоргоороо зарцуулж, спортын Ногоон наадам гээч хэзээ ч болохгүй, болж ч байгаагүй зохиомол арга хэмжээ үүсгээд 2023 он хүртэл төсвөөс хулгайлахаар төлөвлөн тогтоол хүртэл гаргачихсан байгааг бид баримтад үндэслэн бичсээр байна.  

ОХУ-д дөрвөн жил тутамд тасралтгүй зохиогдсоор ирсэн “Азийн хүүхдүүд” олон улсын VII наадмыг Х.Баттулга Ерөнхийлөгчөөр ажиллахдаа Монгол Улсад зохион байгуулаад өгье хэмээн ичгүүргүйгээр амалж, мурьж, зугтаасан.

Эл наадам Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Хотын дарга, Засгийн газрын гишүүдээс болж анх удаа цуцлагдсан нь даанч дэндүү булай явдал юм.

Үүнээс хамгийн аймшигтай нь “Азийн хүүхдүүд” олон улсын VII наадмыг зохионо гээд Яармагт газар авч, өч төчнөөн тэрбумыг аль хэдийнэ цохоод, гаргаад, “хуваагаад идчихсэн”. Энэ мөнгө хэзээ ч эргэж орж ирэхгүй…

Учир нь уг наадмын нэрийг Азийн хүүхэд залуучуудын спортын Ногоон наадам хэмээн өөрчлөөд холбогдох зардлыг үргэлжлүүлэн гаргасаар бай гэх тогтоолыг У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа гаргачихсан. Ийм наадам хэзээ ч байгаагүй, байх ч үгүй, болох ч үгүй биз. Тиймээс бид үүнийг Төрийн тэргүүнүүдийн санаатайгаар, бүлэглэн үйлдсэн хулгай гэж хардаж байгаа төдийгүй үргэлжлүүлэн судалж, сурвалжилсаар байх болно.

Учир нь яг энэ бүлэглэл өнөө маргаашгүй шинэчлэгдэхээр зэхэж буй Засгийн газрын танхимыг хүссэн хүсээгүй бүрдүүлэхээр хүлээж байгаа. Тэгж байж эхлүүлсэн “хулгайн төлөвлөгөөгөө” ажил хэрэг болгох учраас тэр.

Тэд яг л гөлөг төөрүүлж буй мэт “Азийн хүүхдүүд” олон улсын VII наадамд” гэсэн мөнгийг “Азийн хүүхэд залуучуудын спортын Ногоон наадам” болгон нэрийг нь өөрчлөөд зогсохгүй дүнг нь  2023 онд зохион байгуулна гэх нэрийн дор нэмэгдүүлэн урсгасаар байна.

Тухайлбал, 2021 оны II улиралд “Си эм жи ти эс” компанид Спорт цогцолборын заалны шал нийлүүлэлт, суурилуулалт гэх утга бүхий 438.7 сая төгрөг, “Хос гангийн оргил” ХХК-д спортын тоног төхөөрөмж нийлүүлэхэд 376.8 сая төгрөг шилжүүлсэн.

Спортын тоног төхөөрөмж нийлүүлэхээр болж 600 орчим сая төгрөг халааслаад байгаа “Хос гангийн оргил” компанийн захирал нь Доржготовын Ганбат. Энэ хүний нэр дээр “Скай номад тур”, “Дайргат толгой”, “Шанд-Овоо” компаниас гадна Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбоо бүртгэлтэй.

Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооны Удирдах зөвлөлийн дарга нь Багаажавын Өнөбаатар. Тэрбээр “Токио олимп сан”-тай. Токио олимп сангийн ТУЗ-ийн дарга нь Чимэдбазар Насантогтох гэх бөгөөд “Самбо жудо бөх сонирхогч мастеруудын холбоо” нэрт төрийн бус байгууллагад харьяалагддаг гэж байгаа. Яг л аалзны тор шиг байгаа биз…

Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооны хувь эзэмшигч Буяндэлгэр Болд гэж бас нэг нөхөр бий. Тэр нь Дэлхийн бөхийн зөвлөл гээч төрийн бус байгууллагатай.

Цаашлаад, Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооны албан ёсны хаяг болох Улаанбаатар, Баянзүрх, 26-р хороо, 25 тоотод “Тэгш дүүрэн хүслэн өрхийн эрүүл мэндийн төв” бүртгэлтэй бөгөөд дарга нь Ёндонпэрэнлэй Сугарбаяр гэгч. Энэ нэрэн дээр ирэхэд л дээрх улстөрийн бүлэглэл холбогдоод ирж байгаа юм.

УИХ-ын гишүүн Ёндонпэрэнлэйн Баатарбилэг 9 хүүхэдтэй айлын 7 дахь нь. Дээрээ нэг ах, таван эгчтэй. Доороо хоёр дүүтэй. Азийн хүүхдүүд олон улсын наадмын нэрийг өөрчилж, монголчилсон бохир сценарийг ажил хэрэг болгож, гүйцэтгэсэн хүн нь Ё.Баатарбилэг гэдгийг бид өмнөх нийтлэлд тодорхой дурьдсан.

Тус нийтлэлээс “УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг “Архангайн хөрөнгө оруулалт хөгжлийн төв” төрийн бус байгууллагатай бөгөөд албан ёсны Улаанбаатар, Чингэлтэй, 6-р хороо, 109 тоот  хаяг дээр нь “Мишээлтвьюрт” компани бүртгэлтэй.

Компанийн захирал нь Лхагвасүрэн Гүндэгмаа. Л.Гүндэгмаагийн нэр дээр Үндэсний биеийн тамирын дээд сургууль, Азийн хүүхдүүд олон улсын спортын долдугаар их наадмын захиргаа бүртгэлтэй” гэх мэдээллийг энд товчлон татахад л “луйварчдын” мөрөөр хөнгөхөөн оруулаад өгч байгаа юм.

Азийн хүүхдүүд олон улсын спортын долдугаар их наадмын захиргааны Улаанбаатар, Баянзүрх, 15-р хороо, 5, 108 тоотод “Сүүтбуйлс”, “Тэргэлхишиг”, “Тотал спорт” компани бүртгэлтэй агаад “Сүүтбуйлс”, “Тотал спорт” компанийн захирал нь Доржсүрэн Жаргалсайхан гэж бий.

 Энэ хүний нэр дээр “Софтболын холбоо”, “Хүдрэг” ХХК, “Монголын гандболын холбоо”, “Модон бөмбөгийн холбоо”, “Монголын оюутны спортын холбоо” байх жишээтэй. Үүнээс Монголын оюутны спортын холбоог татаад үзэхэд л Удирдах зөвлөлийн дарга нь Данзандорж Баясгалан гээд олны мэддэгээр “Бодь” группийн ТУЗ-ийн дарга руу хөтөлнө.

Д.Баясгалангийн нэр дээр Ч.Хоролсүрэнтэй хамтрал бүхий “Автоложистик” компаниас гадна “Ардчилалын өргөө”, “Бодь-Интернэшнл”, “Вивиан-Уотер”, “Голомт сан”, “Голомтфайнэншил” групп,  “Голомтфайнэншил холдинг”, “Цэцэнсхолдинг”, “Монголмасс медиа”, “Цэлмэг тэнгэрийн нислэг” зэрэг толгой эргэм олон компани бийгээс “Цэлмэг тэнгэрийн нислэг” компани нь “Хүннү эйр” ХХК-тай нэг хаягтай.

Харин “Хүннү эйр” компанийн нууц ноёнтон нь Х.Баттулга гээд хөгийн зангилаас руу орж байгаа юм.

Тэрчлэн Д.Баясгалангийн “Монголмасс медиа” компанийнх нь Улаанбаатар, Баянзүрх, 5-р хороо, Кино үйлдвэрийн гудамж 78 тоот хаяг дээр “Туг нэтворк”, “Эйшн бокс”, “Гэр контент” групп давхар бүртгэлтэй.

“Эйшн бокс”, “Гэр контент” группийн захирал Найдансүрэнгийн Мэндбаярыг ухвал “Их олимп нэгдэл” ТББ гарч ирэх бөгөөд гүйцэтгэх захирал Ариунболдын Баярбат гээч “Монголын автомашин мотоциклийн спортын клуб”-т харьяалагддаг нөхөр чирэгдээд орж ирж байгаа юм.

Тэгэхээр спорт, спорт холбоодын нэрээр мөнгө угаадаг бүхэл бүтэн бүлэглэл төр, төсвийн хөрөнгөнд шимэгчлэн, хэдий үеэс ч юм нэгдэн нийлж бэлцийтэл идэж ууж байж.

Хажуугаар нь кино урлаг, соёлын өв, соён гэгээрүүлэх контентуудаар бизнес хийгчид нэмэгдчихлээ…

Яруу найрагчийн амьдралаас улс төрд орж, гэнэт баяжигчийн сул тал гэгддэг брэндээр гоёх өвчнөөр гүн гүнзгий өвчилсөн Ж.Мөнхбат дараагийн Засгийн газрын гал тогоог ахлахаар зэхэж байгаа. Тэр ч мөн хөлбөмбөгийн клуб гээч юмтайг бүгд мэдэх биз.

Ах дүүсээрээ спортод элэгтэй гэгдэн аймгийнхаа спорт клубуудыг баздаг С.Бямбацогт шинэ Засгийн газарт багтана.

Спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дүү нарынх нь төрийн бус байгууллагаас гадна концессоос тоншиж, Чингис бонд, Хөгжлийн бакнаас хөрөнгө цохуулж дадсан “Алтай трест”, “Алтайн зам” ХХК нь С.Баярцогтынх бөгөөд энэ талаарх мэдээллийн дэлгэрэнгүйг жич хүргэх болно.

Шинэ Засгийн газарт шигдэхээр давхар дээл тэврээд чичрэн гүйж яваа С.Бямбацогт “Нээлттэй мэдлэг боловсролын сан” төрийн бус байгууллагад хамааралтай. Уг төрийн бус байгууллагын гишүүнд АН-ын гишүүн Р.Амаржаргал, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Жанцанноров, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцан, Хотын дарга Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн С.Чинзориг, Ж.Батсуурь, тэр бүү хэл, хамба лам Д.Чойжамц, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа нар бүртгэлтэй байгаа юм.

Үүнээс урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Жанцанноров Монголын урлагийн зөвлөл төв, “Монголын гал голомт цогцолбор төв цэг” гэх хоёр ч төрийн бус байгууллага эзэмшдэг бөгөөд “Монголын гал голомт цогцолбор төв цэг” төрийн бус байгууллагынх нь Удирдах зөвлөлийн дарга нь УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцан гэж байгаа.

“Нээлттэй мэдлэг боловсрол сан”, “Монголын гал голомт цогцолбор төв цэг” гэх эл хоёр төрийн бус байгууллагын гишүүнчлэлд Долгорсүрэнгийн Сумъяабазар бий.

Хотын даргын нэр дээр Үндэсний хөрөнгө оруулалтын банкаас гадна Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Д.Загджавын гэгддэг “Монголын энхтайван найрамдлын байгууллага” хамаарал бүхий болж, нэмээд “Асашёорюү” төрийн бус байгууллага, Монголын спортын барилга байгууламж холбоо, Монголын барилгын мэргэшсэн гүйцэтгэгчдийн холбоо бүртгэлтэй байгааг ашиг сонирхлын асар том зөрчил гэж үзэхээс өөр аргагүй.

Спортын барилга байгууламжийн холбоодтой хамааралтай хотын дарга шинэ спорт цогцолборын ажилд хутгалдахгүй, хуруу хошуу дүрэхгүй гэвэл хөгийн хэрэг болох биз.

Түүний Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Улаанбаатар, Сүхбаатар, 3-р хороо, 5 хороолол, Усны гудамж, 1/1 тоот хаягт “Рояал холл” гэх  урлаг, соёл, спортын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй компани бүртгэлтэй байгааг анхааралгүй орхиж болохгүй.

Тэрчлэн “Монголын гал голомт цогцолбор төв цэг” төрийн бус байгууллагын гишүүн Жамъянгийн Батсуурь “Хүмүүнфильм” төрийн бус байгууллагатай бөгөөд тэрбээр шинэ яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдоод байгаа Х.Батжаргалын “Ивенто” компанийн хувьцаа эзэмшигч байх нь сонирхолтой.

“Хүмүүнфильм” төрийн бус байгууллагын албан ёсны хаяг дээр Монголын туялзуур жад спортын холбоо давхар бүртгэлтэй гээд ёстой жонхуурсан, заваан сүлжээст бүлэглэл Л.Оюун-Эрдэнийн хоёр дахь Засгийн танхимыг бүрдүүлэх нь. Тэд энэхүү спорт, урлаг, соёлоор халхавчилсан чөтгөрийн тойрог руугаа бусад бүлэг фракцийнхныг хавьтуулах ч үгүй юм.

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн зөвлөх, Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай худ ургийн хэлхээт С.Амарсайхан Шадар сайдын суудлаа хэвээр хадгална. Мэнгэт сайдыг Цэцийн даргаар дэвшүүлэн зайлуулж, хэнд ч хэрэггүй нэгэн болгож байгаад карьерт нь цэг тавих төлөвлөгөө тэднийх.

Дан дээлтэй даараад байгаа тул Ё.Баатарбилэгт Соёлын сайдын хантаазыг углуулж “Азийн хүүхдүүд” олон улсын спортын наадмыг замхруулсан гавьяаг нь урамшуулна.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын суудалд жил хүрэхгүй хугацаанд суугаад босохдоо өөрийн компанидаа концесс өвөртлөөд гарсан С.Бямбацогтод Зам тээврийн хөгжлийн яам эсвэл Эрчим хүчний гэх хоёр сонголт бий. Аль альд нь ашиг сонирхлын зөрчил ихтэй ч Авлигатай тэмцэх газар нүдээ аньж, чихээ бөглөөд өнгөрөөх биз.

Бүлгийн даргаар ажиллаж байгаа Д.Тогтохсүрэн ч спорт урлаг соёлын нэрээр халхавчилсан бүлэглэлийнхний мөнгө угаадаг байж мэдэх олон Төрийн бус байгууллагын нэг болох “Нээлттэй мэдлэг боловсролын сан”-гийн гишүүний хувьд хоосон үлдэхгүй…

Үргэлжлэл бий…

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо

Орчуулах »