Урлаг, соёл, спортын нэр барьсан бүлэглэл Ж.Мөнхбатын гараар “могой бариулна”

Эрх баригчид Цэцийн гараар Үндсэн хууль засуулмагцаа “давхар дээл”-тэй сайд нарын тоог нэмэхээр хүлээж байгаа. Засгийн тэргүүн эрх мэдлээ батжуулж, улс төрийн геополитикийн хувьд дэндүү ашигтай хувилбарыг гартаа оруулна гэсэн үг.

Энэ зуурт намын дотоод ноёд, фракцуудын “давхар дээлний” төлөөх тэмцэл утгаараа өрнөж, занчилдах нь холгүй байгаа ч шинэ танхимын бүдүүвч зургаа гаргаад хэдийнэ халаасалчихсан яваа Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүх нарт энэ нь зугаа төдийхөн хошин харагдаж байгаа.

Тэд Засгийн газрын Хэрэг, эрхлэх газрын одоогийн даргыг дэвшүүлэн зайлуулж оронд нь УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг залахаар зурчихсан. Тэр утгаараа “давхар дээл”-ний лоббиг гардан гүйцэтгэж яваа найрагч түшээ Засгийн газрын гал тогоог ахлах нь тодорхой биз. Харин түүнд, түүнийг дэмжиж буй бүлэглэлд хөөгдөж буй Ц.Нямдоржид Үндсэн хуулийн Цэцийн даргын суудлыг өгөхөөр тохирсон нь Н.Чинбат даргын гэдэнг хөдөлгөсөн бололтой.

Үнэхээр ч тэр эрх баригчдын тоглоом, Ц.Нямдоржоос төө дутах хуульч уу…

Нислэгийн үеэр бүсгүй хүний гошного илсэн гэх булай дуулианаар буусан нөхрөөс хос амбаартай өвгөнийг хоолтой байлгах гэсэн шийдвэр хооронд түр торгоон өлгөсөн мануухай биш дээ… Ц.Нямдорж байтугайг зажлахгүй залгина дөө гэх мэдлэгтэй, чадвартай, мянга мянган шавьтай, зангарагтай хуульчийн ааш хөдсөн дээлтэй, хуруу хошууны шүлэг хэлсэн найрагч, хос овоохойт өвгөн хоёрт өртэй мэт бөхөлзсөн эрх баригчдын шийдвэрт эгдүүцэн арзганахаас яалтай. ЗӨВ гэдийлт.

Найрагч түшээгийн тухайд Засгийн газрын гал тогоог ахлахын ашиг тус, үр өгөөж, унац тунацыг амьдрал юугаараа мэдэрсэн, амташсан нөхөр. Тийм ч учраас хэн хүнээс илүүтэй Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтад өөрчлөлт оруулах үйл хэрэгт ханцуй шамлан зүтгэж, “женкогийн шинэ, шижигнэсэн долоогч” нэртэй болтлоо улайрч яваа нь энэ биз.

Үүнээс гадна “Х.Баттулга+У.Хүрэлсүх+Я.Содбаатар+Г.Занданшатар+херо Б.Баатар +Л.Оюун-Эрдэнэ+Н.Багабанди+Т.Бадамжунай+Ё.Баатарбилэг” гэсэн огт ондоо ашиг сонирхолт бүлэглэлд нэгдэхийн тулд хийх ёстой ажил, даалгавар нь гэчихэд хилсдэхгүй. Энэ бүлэглэлд нийлэх болсон зам мөрийн нь талаар дор тодорхой өгүүлнэ…

Ямартаа ч цагтаа давхар дээл хөдөрсөн цагаан захтнуудыг шүүмжлэн жагсаал хүртэл зохион байгуулж, санал тооллогын хар машин шатааж явсан хүн ингэтэл өөрчлөгдчихөөр шинэ зууны шилдэг долоогч гэгдэхээс ч яалтай. Түүний дөвчигнөл нь 2013 онд МАН сөрөг хүчин, Ж.Мөнхбат намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан үе.

Одоо бол давхар дээл горилогч, үндэслэлгүй “баяжигч” гишүүдийн нэг. Насаараа нам дагасан түүний хөрөнгө гайхтал өсч буй нь үнэн.

Тэрбээр хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Архангай аймгийн залуучууд оюутны төв” ХХК-ийн 25 хувийг 2019 оноос хойш эзэмшиж байгаагаа мэдүүлсээр ирсэн. Төвийнх нь гүйцэтгэх захирлаар Оюунчимэгийн Хүрэлтогоо гэгч ажилладаг бөгөөд түүний нэр дээр гадаад худалдаа, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Си Эн Ай” ХХК мөн бүртгэлтэй. Эл компанийн бүртгэлд эрхэм гишүүний нэр нэг үе хавчуулаатай байсан. Хэдий үеэс нэрээ хасуулах болсон, О.Хүрэлтогоо гэж хэн болохыг дараагийн нийтлэлд дэлгэрэнгүй хүргэнэ.

Харин нутаг нугаараа овоглосон “Архангай аймгийн залуучууд оюутны төв” ХХК-ийн хамтран эзэмшигчээр арван жилийн найз Баяраагийн Чойжилжалбуу гэх Хөгжлийн банкны чөлөөт мөнгөн хөрөнгийн удирдлагын Актив, пассив, хөрөнгийн удирдлагын газрын захирлаар ажиллаж байсан цуутай нөхөр бий.

Тэрбээр “Марс гранд”, “Еврохаус” зэрэг компанитай. Богд Хан уулын урт, богино 40 шахам амны нэг болох байгалийн үзэсгэлэнт Жаргалантын аманд өндөр зэрэглэлийн хаус хороолол барьж, тус бүрийг нь 630-800 сая төгрөгөөр зарж, хөлтэйхэн хөдөлж байгаа эр.

Б.Чойжилжалбууг нам дагаж албан тушаалд хүрэгсдийн тод төлөөлөл гэдгийг хэн хүнгүй мэднэ. Сүхбаатар дүүрэгт Орон нутгийн сонгуульд өрсөлдөж байснаар нь ч андахгүй биз.

Тэдний дундын өмчлөл бүхий “Архангай аймгийн залуучууд оюутны төв” ХХК-ийн бас нэг онцломоор гишүүн нь Ханджавын Батжаргал. Тэрбээр Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдоод байгаа.

Байгаль хамгаалах сан, БОАЖЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байсны хэргийг гаргаж тусгай хамгаалалт бүхий Жаргалантын аманд өндөр өртөгтэй хаус барих зөвшөөрлийг Б.Чойжилжалбуудаа зохицуулж өгсөн гэдэг утгаар нь эл хаус хорооллыг Х.Батжаргалынх гэлцэх нь бий.  

Ж.Мөнхбат нэг үе Д.Оюунхоролыг сайд байхад ордноор хөтөлгөө морьд шиг явдаг. Хурал цуглаан, гүнцэг зоогонд ч хамтдаа. Тэр бүү хэл, Д.Оюунхоролын охинтой Ж.Мөнхбат гишүүн учир ургуулж, ураг барилдах тухай ч дуулдаж байв. Сүүлд худ ургаас илүүтэй халаас нэгтэй, хамт казиноддог гэгдээд Авлигатай тэмцэх газрын үүд сахих дөхсөний эцэст явдал мөрдөө хязгаар тавьсан байх.

Д.Оюунхорол Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллахдаа Монгол Кувейтын судалгааны төвийг байгуулж тухайн үеийн Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нарт 1.2 сая ам.доллар завших боломж олгосон гэх хэрэг мөн бий.

2015.06.05-нд байгуулсан уг төрийн бус байгууллагын бүртгэлд Д.Оюунхоролоос өөр нэр байдаггүй. Гэсэн атлаа “Монгол Кувейтын судалгааны төв”-ийн захирлаар ажиллаж байсан Б.Эрдэнэ нь Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын хамаарал бүхий этгээд. Харин ерөнхий нягтлан нь Д.Оюунхоролын дүүгийн компанийн нягтлан гээд холбоо хамаарал багагүй. Энэ үед Х.Батжаргал Байгаль хамгаалах сангийн захирлаар ажиллаж байсан нь Ж.Мөнхбатыг хүссэн хүсээгүй авчраад наачихаж байгаа юм.

Тэр үед Ардын намын хамаг том ах нь М.Энхболд байлаа. Нийслэлийг базчихсан “том ах”-ын бүлэглэлд найрагч залуу дагаар орон “давхар дээл” хөдөрч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга хэмээн албан тушаалын бялуунд бялуурч байв.

Гэвч цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүйг харуулж М.Энхболдын эрх мэдэлд нэг л өглөө цэг тавигдан, дагаж далдайсан бүгд нь хамраараа газар хатгасан явдал Ж.Мөнхбатыг ч тойроогүй.  

Ийнхүү нэгэн үе дээш тэнгэр хол, доош газар хатуу болж явах үед нь Н.Багабанди, Т.Бадамжунай нарын тэжээсэн бяруу гэгддэг Ё.Баатарбилэг хамгийн чухал тулах цэг нь болж байлаа.

Архангайн гурвал гэх Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн, Ж.Мөнхбат нарыг “Архангайн хөрөнгө оруулалт хөгжлийн төв” ТББ нь халаас нэгтэй болгочихсон гэдэг. Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн нарын эзэмшил бүхий уг төвийн Улаанбаатар, Чингэлтэй, 6-р хороо, 109 тоот хаяг дээр “Мишээлтвьюрт” компани давхар бүртгэлтэй.

“Мишээлтвьюрт”-ын захирал Лхагвасүрэн Гүндэгмаагийн нэр дээр татан буугдсан хоёр хадгаламж зээлийн хоршооноос гадна Үндэсний биеийн тамирын дээд сургууль, Цогт Гонгорын Лхагвасүрэн сан, “Азийн хүүхдүүд олон улсын спортын долдугаар их наадмын захиргаа” гэх төрийн бус байгууллага бүртгэлтэй байгаа нь бидний өмнө хөндөн бичиж байсан сэдэв рүү, спортын наадам нэрээр мөнгө угаадаг юм биш байгаа гэх хардлага руу хөтөлчихөж байгаа юм.

Ерөнхийлөгч асан Х.Баттулга, одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар Азийн хүүхдүүд олон улсын спортын долдугаар их наадмыг Монгол Улсад зохион байгуулах нэрээр Х.Баттулгын худ, тухайн үеийн Хотын мээр С.Амарсайхантай үгсэн хотын газар болоод ихээхэн хэмжээний хөрөнгө халаасласан байж мэдэх баримтуудыг бид өмнө дэлгэж байсныг дараахь холбоосоор орж нэхэн уншина биз ээ…

Х.Баттулга, У.Хүрэлсүх нийлсэн бүлэглэл олон улсын спорт хороог мэхэлж, Усан спортын газар хөрөнгийг нь “булааж” байна – Нийгмийн толь (niigmiintoli.mn)

“Азийн хүүхдүүд” олон улсын спортын VII наадам ямар ч шалтгаангүйгээр гэнэт цуцлагдсаныг тухайн үед хэн ч ойлгоогүй.

Энэ талаар “Азийн хүүхдүүд” олон улсын хорооны ерөнхийлөгч Дмитрий Глушко фэйсбүүк хуудсаараа дамжуулан хэрхэн тайлбарласныг бид мөн бичиж байв.

Дэлгэрэнгүйг Л.Оюун-Эрдэнэ ээ, чи биш чиний фракцтай тэмцэх хүн намын дарга болмоор байна – Нийгмийн толь (niigmiintoli.mn) холбоосоор орж уншаарай.

Дмитрий ГлушкоБүх зүйл төлөвлөгөөний дагуу явж байтал гэнэт болохоо байчихсан. Монгол улсын тав дахь спортын сайд /2016 оноос хойших/ албан тушаалдаа орж, түүнийг наадмын зохион байгуулах хорооны даргаар томилсон.

Гэтэл тэр гэнэт л шалтгаанаа тайлбарлалгүйгээр наадмын захиргааг тарааж, шинээр байгуулсан юм. Захиргааны даргаар өмнө нь энэ төрлийн ажлын туршлагагүй хүнийг томилсон. Энэ ч сайдын эрх л дээ” хэмээн бичиж байсан байдаг.

Тэгэхээр тэрхүү наадмыг ичгүүргүйгээр цуцалж, зохион байгуулах захиргааг өөрчлөн эзнийг нь томилж байсан хүн Ё.Баатарбилэг байж.

Өнөөх “Монголчилсон” наадмын зохион байгуулагч нь ч Ё.Баатарбилэгийн хамаарал бүхий компани болж таарав.

У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа 376 дугаар тогтоол гээчийг баталж “Азийн хүүхдүүд” олон улсын спортын VII наадам гэсэн нэрийг “Олон улсын залуучуудын спортын ногоон наадам” болгон өөрчилсүгэй хэмээгээд эл “Ногоон наадам” гээчид жил бүр мөнгө төсөвлө гэсэн байсныг ч бидний өмнөх нийтлэлээс уншаарай. Энэ үеэс л эрхэм Ё.Баатарбилэг нь Н.Багабандиар дамжуулан У.Хүрэлсүх, Х.Баттулга нарын гар хөл болон ажиллаж байж…

Хэзээ хаана хэрхэн зохиогдох, хэн оролцох нь тодорхойгүй, оньсого мэт “НОГООН НААДАМ”…

Бидний хардаж байгаагаар хэзээ ч зохиогдохгүй НОГООН НААДАМ гээчээр жил бүр мөнгө хулгайлах төлөвлөгөө…

Улстөрийн энэ бүлэглэл “Азийн хүүхдүүд” олон улсын спорт хороог мэхэлж чулуу хөөлгөсөөр эцэстээ олон улсын спорт наадам Монголоос болж цуцлагдсан.

Харин хэний ч санаанд оромгүй энэ аймшигтай бохир сценари бичигдэж эхэлсэн үеэс спортын нэрээр газар “хулгайлж”, татвар төлөгчдийн төвлөрүүлсэн мөнгөнөөс тэрбум тэрбумаар нь шамшигдуулах санаархал дээр нэгдсэн улстөрийн бүлэглэлд Ж.Мөнхбат яаж яваад нэгдэж байгааг гайхах хэрэггүй биз.

Нэгдүгээрт, тэдэнд егзөр өвгөн Ц.Нямдоржоос илүүтэй Ж.Мөнхбат нь тохирох хувилбар.

Нөгөөтэйгүүр, Архангайн гурвалын нэг Ё.Баатарбилэг нь Т.Бадамжунайн зөвлөх байсан. Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад Тамгын газарт нь  ажиллаж байсан Ё.Баатарбилэг гэдэг залууг Т.Бадамжунай Архангайн Засаг дарга болгосон, ингэхдээ төсвийн хөрөнгөөс байр, Ланд 200 автомашин авч өгсөн гээд тухайн үедээ л дуулиан болон шуугиж байв.

Мөн Т.Бадамжунай нутгийн зөвлөлийн даргын албаа Ж.Мөнхбатад хадаг, мөнгөн аягатай шилжүүлсэн зэргээс энэ нөхөд хол зөрж тоглохгүй гэдэг нь харагдаж байгаа юм.

Тэднийг хотын А цэгт байрлах олон давхар “Иновок инк” барилга ч холбодог. Архангайн хөгшин залуу эрс эл барилгын метр.кв бүрээ өндөр үнээр албан байгууллагуудад түрээслүүлж, шаггүй бэлжсэн гэдгийг нь захын ноход ч хуцаад хэлэх биз.

Ямартаа ч кино урлаг, соёлын салбараас гадна Спорт холбоодоор дамжуулан үнэгүй газар авч, түүнийгээ мөнгө угаадаг шиг дамнуулан халаасладаг, мөн урлаг, соёл, спортын нэрээр татвар төлөгчдийн мөнгийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Улаанбаатар хотын Захирагчийн түвшиндээ бүлэглэн “хулгайлдаг” байж болзошгүй улстөрийн бүлэглэлд яруу найрагч нэмэгдсэнийг ойрын өдрийн үйл явдлууд харуулж байна.

Гэхдээ тэр энэ фракцийн нөмөрт хоргодож, тэлээ хурга мэт гүйж явдаг тэрбээр агуу их ашиг сонирхол, эрх ашгийн хэлхээст нөхдийн гар хөлийн үзүүрт зарагдаж, хэтийн золиосонд явах чапак төдий л юм.

Үргэлжлэл бий…

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо

Орчуулах »