Дижитал шоуны уршиг, хохирлыг Б.Болор-Эрдэнээс нэхэхгүй бол ард түмэн Засгийн газраас нэхэх болно, Л.Оюун-Эрдэнэ ээ!!!

Төрийн албаны зөвлөлийг татан буулгаж, Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөхөө болиод Засгийн газрын 2018.08.22-ны өдрийн 258 дугаар тогтоолыг ч ураад хаячихав бололтой, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар. 

УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайдаар ажиллаж байсан У.Хүрэлсүх нарын гарын үсэгтэй 258 дугаар тогтоолын 1.5-д төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалд албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нарыг “үгүй” болгож, сонгон шалгаруулалт зарлахыг Төрийн албаны зөвлөлд мэдэгдэхийг үүрэгдсэн байдаг.

Харамсалтай нь, энэ тогтоолын утга учир алдагдаж, улсын хууль дүрэм, стандарт журмууд өндөр дээд албан тушаалтнуудын түвшинд мөрдөгдөхөө больсныг Ерөнхий сайд үйлдлээрээ баталсаар байна.

Тэрчлэн Төрийн албаны зөвлөлөөс гаргасан 411 дүгээр тогтоолоор төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлгүй, тусгай шаардлага хангаагүй, сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон албан хаагчдыг чөлөөлөхийг үүрэг болгосон.

Үүний дагуу 5 яамны Төрийн нарийн бичгийн дарга, 17 агентлагийн дарга сонгон шалгаруулалтгүй томилогдсоныг ирэх сарын 1-ны дотор чөлөөлөх учиртай. Энэ нэрс дунд олны бухимдал, шүүмжлэлийг дагуулаад буй хоёр Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч багтсан. Гэтэл өөрийгөө мөнхийн хаан заан болсон мэт ташаарч яваа эрхэм Ерөнхий сайд гуай тэднийг чөлөөлөх битгий хэл дэвшүүлэн тахиж, Төрийн албаны зөвлөлийг тогтоолыг цэртэй шүлсээрээ нулимав.

Төрийн албаны тухай хуулийн 23.2.1-д “Тэргүүн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 16-аас доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 8-аас доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх” заалт бий.

Энэ шалгуурыг Б.Болор-Эрдэнэ, Х.Батжаргал нарын хэн нь ч хангахгүй.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хүн гэгддэг Х.Батжаргал төрд 5 жил л ажиллаж яваа нэгэн.

Тэд “Архангай аймгийн залуучууд оюутны төв”, “Си Эн Ай” гэх хоёр компанид хамтран хувь эзэмшигчид. Мөн “Челси эфси дэмжигчдийн монгол дахь албан ёсны клуб”-ын Удирдах зөвлөлийн дарга нь Ж.Мөнхбат бол хамтран эзэмшигч нь Х.Батжаргал байх жишээтэй.

Эл клубынх нь албан ёсны хаяг болох Улаанбаатар, Сүхбаатар, 7-р хороо, 11 хороолол, эрхүүгийн 41\9 тоотод “Ивенто” гэх компани давхар бүртгэлтэй. “Ивенто” компанийн захирал нь Х.Батжаргал гээд хэтэвч, халаасны бат бөх харилцаа тэдэнд бий.

“Си Эн Ай” компани аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаагаа тодорхойлсон бол “Ивенто” компани сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгч ажилладаг.

Хашиж байсан албан тушаал, эрх мэдлийнхээ хүрээнд байгуулсан эдгээр компанитай холбогдох мэдээллийг жич хүргэнэ. Товчхондоо Байгаль хамгаалах сан, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байсан Х.Батжаргал Авлигатай тэмцэх газрын босго шаардлагыг өнөө хэр хэрхэн давж явсаар өдгөө Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч болчихоод байгаа нь гээгээд орхичих сэдэв биш.

Дээр дурьдагдсан хоёр нь Улсын бүртгэлд өөрсдийнх нь нэрээр бүртгэгдсэн ил мэдээлэл.

Харин тойрон хүрээлэгчдийнх нь нэр дээр бүртгэлтэй олон компани бий. “Архангай аймгийн залуучууд оюутны төв”-ийн Удирдах зөвлөлийн дарга Оюунчимэгийн Хүрэлтогоо гэхэд Ж.Мөнхбат, Х.Батжаргал нарын эзэмшил бүхий “Си Эн Ай” компанийнх нь захирал. Түүний нэр дээр “Хас инновэйшн”, “Хамаг монгол хангай групп” нэрт хоёр компани бий бөгөөд аль аль нь аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нь анхаарлын тэмдэг тавьж байгаад нэхэн сөхөх хэрэг юм.

Хөрөнгө мөнгө, төсөл хөтөлбөрийн зам мөрийг сэжиг ажиггүй зурч сурчихаад буй Х.Батжаргалыг хууль зөрчин шинэ яаманд томилж байгаа нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэл ам, хэрүүл тэмцэл ихтэй Ж.Мөнхбатад сул талаа атгуулчихсан сүрлэн мануухай шиг харагдаж байгааг нуух юун.

Хэрээс хэтэрсэн түүний энэ тэнэглэлүүд нь Үндсэн хуулийн Цэцийн өмнө сөхөрч мэдэх эрсдэлтэй алхам гэдгийг захын ноход хуцаад хэлчих байлтай.

Эсвэл генсэкийн “энгэрийн сарнай”, Ерөнхий сайдын “эрх муужгай” гэгддэг бүсгүйг лифтээр өргөхийн тулд Х.Батжаргалаар хавчуурга хийн чирч гулдарч байж мэдэх юм. Ганц хүүхнийг огцом чирч, тэвэрч гүйгээд байвал өндөг байтугайгаар шидүүлэх нь тодорхой.

Гэнэт баяжигчдын сул тал болох эдээрээ гайхуулах өвчинд нэрвэгдэн байсгээд л “миний бэлэг” хэмээн брэнд угласан зургаа цахим орчинд шахах Б.Болор-Эрдэнэ нь төрийн албанд ердөө хоёр жил ажилласан намтартай.

Тэгсэн атлаа бусдын хийсэн, ердөө тууз хайчлахад л бэлэн болгоод орхисон ажлыг өөрийн гэж харагдуулах ширэн нүүр, шившгийн попролтыг гайгүй сайн сурсан шиг байгаа юм.

Түүний эзэн сууж, энэ чинь минийх гэж эрээгүй хашгичиж буй цахим шилжилтийг 2020 оны аравдугаар сард эхлүүлж таарсан нь түүнд Е-монголиагаар гоёх, попрох боломж олгочихсон болохоос өмнөх дарга, мэргэжилтнүүд нь Эстон улсын Цахим засаглалын академитай хамтран судалгаа суурийг нэлээд урт хугацаанд хийж, бэлтгэж байсан байдаг.

Б.Болор-Эрдэнийг 2020 оны 7-р сард Засгийн газрын хуралдаанаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн даргаар томилох үед цахим шилжилт хийх ажил хэдийнэ бэлтгэгдэж, бэлэн болсон байсан гэсэн үг.

Харин ч мэдлэг туршлагагүй хүүхнийг хэт хөөргөж, цахим Монгол нэрийн дор олон тэрбумыг эрх баригчид хоёр хөлний нь завсраар хяналтгүйгээр урсгачихаад буй нь маргашгүй үнэн.

Цар тахлын үед олон нийтийг хамарсан шоу зохион байгуулж, эл шоуны дараахан халдварын тоо хэдэн мянга давж, олон зуун хүн зуурдаар одсоны хариуцлагыг өдгөө хэн ч хүлээгээгүй байгаа.

Одон тэмдэг арилжсан, Монгол Улсын 2.3 сая хүний мэдээлэл арилжааны зараар урссан гээд Б.Болор-Эрдэнээс асуух олон асуудал байхад Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилж байгаа нь эрээгүй томилгоо юм.

Ердөө эл хоёр увайгүй томилгоо Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хувь заяаг дээсэн дөрөөн дээр дэнжигнүүлэхэд хангалттай шалтаг болно.

Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдааныг хүлээж, дараагийн Засгийн газрын бүдүүвчээ зураглаж суугаа Л.Оюун-Эрдэнэ хууль зөрчсөн үйлдлээ Цэцийн өмнө тайлбарлах хэрэгтэй.

Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ “өөрчлөгдөнө”. УИХ-ын гишүүдийн 4-ний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавьбал УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэх учиртай.

Нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно.

Тэгэхээр Х.Баттулгын гарт бариулж, херо Б.Баатараар хоолоо аягалуулж суугаа МАН-ынханд Л.Оюун-Эрдэнээс нэгмөсөн салах хүсэл туйлын их бий бөгөөд тэр хүслээ бодит болгоход одоо л хөдөлдөг цаг.

Дижитал шоуны хор уршгаас тахлын халдвар чинээндээ тултал тархаж, үүний улмаас эмнэлгийн ачаалал цар тахлын өмнө сөхөрч унатлаа туйлдаж, улмаар амьсгалын аппарат байтугай өвчтөнд ногдох эмч, эмнэлгийн ажилтнуудын тоо хүрэлцэхээ болин олон зуун иргэд энэ өдрүүдэд ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн.

Засгийн газар, тэр дундаа Харилцаа холбоо мэдээлэл технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ гэгч энэ харууслын өмнө толгой гудайн огцрох ёстой байтал төрийн албанд жил хагасхан ажиллачихаад Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчийн суудлыг эрээ цээргүйгээр хүлээн авч буй нь цар тахалд туйлдаж ядарсан монголчуудыг басамжлан доромжилж, чинээнд нь тултал дээрэлхэж чадаж буйн илэрхийлэл.

Х.Батжаргалын хувьд ч Байгаль орчны яаманд Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллахдаа мэдээлэлд ойр, давуу байдлаа ашиглан аялал жуулчлалын хувийн компаниудыг үүсгэсэн, Жаргалантын аманд үнэ цэнтэй байршилд төлбөр нь тэнгэрт хадсан хаус хороолол бариулах хүртлээ хөрөнгөжсөн гэх хар бараан намтар бүхий төрийн албаны 5 жилийн туршлагаас өөр гийгүүлэх зүйлгүй атал улс орны эдийн засгийг босгох, хөгжилд хүргэх үүрэгтэйгээр байгуулагдаж буй яаманд Төрийн нарийн бичгийн даргаар горилон очиж буй нь дэндүү увайгүй, хэтийдсэн шуналын хэлбэр юм…

Үүнийг эсэргүүцэн, байр сууриа илэрхийлсэн иргэд, эвсэл холбоодыг “хоёр дахь Казакстаныг хүслээ” хэмээн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр илтэд гуйвуулан дайрах нь эрх мэдэл, албан тушаалдаа шунасан эрх баригчдын хийлгэж буй захиалгат үйлдэл гэж харагдаж байгаа нь үнэн.  

Учир нь цэрэг зэвсэг, гадны хүч түрэмгийллийг ганц нэг иргэн хүсээд оруулаад ирчихдэггүй, харин огцрохыг хүсээгүй, төрийн эрх мэдэлд шунан дурлагсад хийдэг гэдгийг адгийн тэнэг ч ойлгохтойгоо билээ.

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо

Орчуулах »