Д.Хаянхярваа:Ерөнхий сайд дэд сайдтай байна гэсэн чиглэлийг барьж байгаа

0
27

УИХ дахь МАН-ын бүлэг У.Хүрэлсүхийн танхимд орж ажиллах  сайд нарыг хэлэлцэж дууслаа. Хуралдааны дараа тус бүлгийн дарга Д.Хаянхярваа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүнийг хэлэлцлээ. Одоо Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, АТГ-т албан бичиг хүргүүлнэ. Хариу ирүүлсний дараа УИХ-аар өргөн барьж сайд нарыг батална” гэв.

-Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулав.

Шинэ Засгийн газарт  дэд сайдын асуудал яригдах уу? Удирдах зөвлөлөөр уг асуудлыг авч хэлэлцсэн үү? 

-Удирдах зөвлөлөөр үүнийг эцэслээгүй. Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй  ярилцсан. Ерөнхий сайд дэд сайдтай байна гэсэн чиглэлийг барьж байгаа.

-100 хувь давхар дээлтэй сайд нар бүрдэж байгаа нь Засгийн газар  тогтвортой байна гэж харсных уу. Эсвэл мэргэжлийн тодотголтой Засгийн  газар байгуулж байна гэж харах уу?

-Энэ Засгийн газарт тодосгох нэр ус өгөөгүй. Хамгийн гол нь бид Засгийн газрыг яаж тогтвортой, хүчтэй байлгах уу гэдгийг  чухалчлан үзэж, нухацтай хэлэлцсэн.  Ерөнхий сайд  парламентаасаа сайд нараа томилох нь  Засгийн газар тогтвортой байх юм байна гэдэг саналаа гаргасан. Энэ саналын дагуу   Удирдах зөвлөл хүлээж авсан.

-Нэр дэвшигчдийг санал болгохдоо ямар  шалгуур, үзүүлэлтүүдийг авч үзсэн бэ. Цаашид Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орох уу?

-Бид олон түмний зүгээс  ирсэн санал шүүмжлэлийг нягталж үзсэн. Сайд нарыг томилохдоо  мэдлэг, чадвар, ажлын дадлага зэргийг   харгалзан үзсэн. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд  өөрчлөлт орохгүй.

-УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж ХЗДХ-ийн сайд болж байна. Тэгэхээр  УИХ-ын дэд даргаар хэнийг томилох бол?

-Бид энэ удаад зөвхөн Засгийн газрын бүрэлдэхүүнийг хэлэлцсэн. Сайд нар томилогдсоны дараагаар асуудлаа хэлэлцэнэ.

-АН-ын зүгээс гол чиг үүргийн таван яамнаас бусдад нь давхар дээлтэй сайд томилохыг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Урьд нь сөрөг хүчний оролцоотойгоор Ерөнхий сайдаа томилсон. Бүлэг дотроо хуваагдах нь зарим сайд нараа томилж чадахгүй байх вий гэсэн болгоомжлол байна уу?

-Дан дээл, давхар дээл гэдгийг хуулиар зохицуулж, хориглосон зүйл байхгүй. Тийм учраас үүнд ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл байхгүй. МАН-ын бүлэг дотор зөрчил байхгүй. Ажил төрлийн хувьд бурууг нь  шүүмжилж алдааг нь засаж залруулах зүйл  манай намд байна. Цаашдаа хагарч бутараад байна гэсэн ойлголт нийгэмд байгаа бол зөв ойлгох хэрэгтэй. МАН улс төрийн том хүчний хувьд улс  эх орныхоо нийгэм эдийн засгийг өсгөхийн төлөө хамтын хүчээрээ тууштай ажиллаж чадна гэдэгт итгэж болно гэж хэлмээр байна.

-“Засгийн газрын гишүүд цалингүй ажиллана” гэж Ерөнхий сайд мэдэгдсэн. байсан. Энэ тал дээр?

-УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн болоход аль нэгнийхээ цалинг авдаг байсан хуучин жишигтэй.  Гэтэл  үүнийг одоо гарч ирж байгаа жишиг шиг  ойлгоод байх юм.  Хуучин л байсан. Үүгээрээ явна.

-ҮХЦ-ийн гишүүнд УИХ-ын гишүүн асан Р.Бурмааг томилох асуудал хэлэлцэж байна. Танай бүлэг дэмжиж байгаа юу?

-Бид энэ асуудлаар завсарлага аваад хугацаа нь дууссан. Хуулийнхаа дагуу байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхим :

  • Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин
  • Батлан хамгаалахын сайдад Н.Энхболд
  • Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад Г.Занданшатар
  • Гадаад харилцааны сайдад Д.Цогтбаатар
  • Хууль зүй, дотоод хэргийн сайдад Ц.Нямдорж
  • Сангийн сайдад Ч.Хүрэлбаатар
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад Н.Цэрэнбат
  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад Ц.Цогзолмаа
  • Эрчим хүчний сайдад Ц.Даваасүрэн
  • Зам тээврийн хөгжлийн сайдад Ж.Бат-Эрдэнэ
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад Д.Сумъяабазар
  • Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Б.Батзориг
  • Эрүүл мэндийн сайдад Д.Сарангэрэл
  • Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад С.Чинзориг

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!