fbpx
/

Б.Жавхлан Сангийн яаманд, эгч Б.Сэргэлэн нь Соёлын яаманд ямар “даалгавар” гүйцэтгэх вэ?!

18 мин уншина

Хөшөө, хөшөө, хөшөө… бас дахин хөшөө…

“Хэн ч хэрэглэхгүй, хэзээ ч эрж хайж түвэг болохгүй юм бодож олоод түүгээрээ татварт төвлөрсөн мөнгөнөөс цавчиж хулгайлах гоё санаа хэрэгтэй шүү… аан тийм, ХӨШӨӨ. Хэний ч, юуны ч баримал байсан хамаагүй”… Төр, засгийн эрх барьж байгаа улстөрийн бүлэглэлийнхний гал тогоонд ийм л яриа өрнөж, түүн дээрээ бат зогсчихож гээд хардахад тэгтэл хол зөрөхгүй биз.  

Эх орон юунаас эхэлдэг вэ гэсэн асуултад ХӨШӨӨНӨӨС гэж хариулсан 7 настай хүүг буруутгах аргагүй болтол тэд далийрч байгаа.

Дэлхийн бүх хүн, байг гэхэд 400 сая тэнэг “Монголд л очиж андгай тангараг тавилцъя” хэмээн ирнэ гэж зүүдлээд бухын толгой шиг хоёр хар юм босгосноо бухимдсан олны зүхэл дундуур эрх нь дэндсэн балай шиг “тэгвэл боль боль” гээд хэмхчээд хаячихсан.

Бүр дураараа!!!

Тэгснээ хөшөөнд зориулсан хоёр тэрбумыг чинь буцаагаад өгчихсөн шүү гэнэ. Хэн итгэх юм. Довтолгоонд үрэгдсэн хотын хаалга шиг хоёр хар юмаа хийх гэж ядаж л 30 хувийг нь зарлагдчихаагүй байсан хэрэг үү…

Боль, боль… дахиж хөшөө хийх ч үгүй гэж хэнийг ч юм айлгаж, хэнд ч юм туньж байснаа 5.5 тэрбумын өртөг нь УИХ-ын түвшинд 6 дахин нэмэгдсэн дараагийн хөшөөний төсөл барьж ороод юун ямар агуулгатай хөшөө билээ гэж ойлгож ухаарч амжаагүй байтал тугалын сэмэрсэн нэмнээ шиг хоёр юм гаргаад ирсэн. Юун ч бэлэн зэлэн байсан юм.

Хумсалсаар хумсалсаар хулгайч гэдэг шиг хөшөө босгох дүнгээ геометр прогрессоор өсгөөд 32 тэрбумын өртөгтэй Богд Зонховын хөшөөний төсөвийг бүгд нийлээд баталчихсан… УИХ-ын гишүүд ч, хяналт шалгалтынхан ч олж хараагүй, өнөөхийг нь!!!

Хамгийн сайн мэдэж байх ёстой Сангийн сайд Б.Жавхлан цочсон торомны нүд гаргаж ирээд ёстой хараагүй, мэдээгүй, үзээгүй шд, хаана байсан юм гээд ухаан санаа нь орж гарч байх жишээтэй. Тэр 5.5 тэрбумын өртөгтэй сарайсан хоёр бүтээн байгуулалтын төсөв 6 дахин нэмэгдээд байгааг ч хараагүй, дуулаагүй байсан.

Өөрөөр хэлбэл, ирэх оны төсөв хэний ч үзэж, хараагүй, батлаагүй, хэлэлцээгүй төсөв болж таарсан. Гандангийн дэнжийн 24 тэрбум, Булган аймагт 3.8 тэрбумаар айрагны гэр барих, авто замын түгжрэлд 420 тэрбум төсөвлөснийг ч Сангийн сайд Б.Жавхлан мэдээгүй… Сангийн сайд нь мэдээгүй, хараагүй төсөв тэгэхээр эрх баригч намын даргын, эсвэл генсэкийн нь өрөөнд хэсэг бусаг бүлэглэлийн төлөөлөл сууж байгаад л зохиочихсон бололтой юм.

Бүгдийг мэддэггүй Б.Жавхлан тэгвэл хэн бэ… Тэр яах гэж Сангийн яаманд ирсэн бэ?

Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс хүртэнэ, ЖДҮ-гээс халааслана, эгчийгээ яам дамнуулан даргын суудалд тухлуулна, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг өөрийн хамаарал бүхий арилжааны банк руу хэрхэн урсгахыг тэр харин хамгийн сайн мэднэ. 

Хэмнэлтийн гэж тодотговч барилга байгууламж, хөшөө дурсгалд хөрөнгө цацсан, халамж хавтгайрсан үрэлгэн төсвийг өөрчилж чадах, ядаж л эсэргүүцээд ганц нэг үг хэлчих хүн нь Б.Жавхлан биш л дээ. Түүний Сангийн сайд болсных нь үүрэг, зорилгод энэ талаар тусгагдаагүй биз.

Худалдаа хөгжлийн банкны тавиул гэгддэг түүнийг Сангийн сайдаар томилогдоход олон хүн алга ташиж хүлээн авсан. Эдийн засгийн мэдлэгтэй гэх мэргэжлийн жоохон ч атугай үнэлэмж байсан болоод тэр биз. Нөгөөтэйгүүр, “Хотгор шанага”-тай хэлхэлдэн халбага сэрээний хэрүүл хийж явдаг Ч.Хүрэлбаатараас залхсан үе байв.

Гэвч хумсаа нуусан муур, даваадуулж хардвал сахал хочит Д.Эрдэнэбилэгийн гарт Сангийн авдрын түлхүүрээ атгуулчихсан бололтой.

Б.Жавхлангийн намтар, улс төрийн мөр нь У.Хүрэлсүхтэй ч салшгүй холбоотой. Монголын Ардчилсан социалист залуучуудын холбоо гэх байгууллагаар овоглож, Хадгаламж банкны 14 тэрбумын хэрэгт нэр холбогдоод явдаг. У.Хүрэлсүхийн зангианы хавчаар гэх товчхон тодорхойлолт түүнийх.

Сүхбаатар аймгийн угшилтай Б.Жавхлан хотын фракцийн дэмжлэгтэй энэ хүрсэн. Үүнийхээ ачаар Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр 2010 онд томилогдов. 2012 онд АН Засаглах үед Х.Баттулга дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргалыг төв банкины ерөнхийлөгч, М.Энхболд дэд байсан Б.Жавхланг Тэргүүн дэд болгосон. М.Энхболд, Х.Баттулга нар гэдсэндээ хөлөө жийлцэхийн өмнөхөн эдийн засаг, банк санхүүгийн салбарт гар нийлэн ажиллаж байсан үе. Төвбанкны нөгөө дэд нь Н.Энхбаярын хүү Э.Батшугар томилогдсон зурвастай огтлолцдог.

Удалгүй Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал, Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан, дэд ерөнхийлөгч Э.Батшугар нарыг “Чингис” бондоос нийт 5.6 их наяд төгрөг буюу 2.3 тэрбум ам.долларыг “Үнэ тогтворжуулах” болон “Орон сууцны хөтөлбөр”-т дур мэдэн зарцуулж зувчуулсан, мөн бусад байдлаар улсад нийт 14 их наяд төгрөгийн хохирол учруулсан хэргээр сэжиглэн шалгаж эхэлсэн ч Н.Золжаргал ганцаар ял үүрч, бусад нь хуурай гарч байв.

Б.Жавхлангийн хамтрагчаа хаяад өөрөө мултардаг хэрэг үүгээр дуусахгүй.

Тухайлбал, ЖДҮ…

У.Хүрэлсүхийн Засгийн газар ижил үнийн дүн бүхий зээлийг УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий компаниуд руу бэлэг тараах мэт шилжүүлсэн байдаг. Биелээгүй, ажил болгоогүй, зүгээр л хэдэн нөхдийн дунд яригдаад өнгөрсөн “60 тэрбумын” гэх асуудал үүний дэргэд ёстой нохойн жогорхой юм. ЖДҮ-гийн хэрэг гэх зөөлчилсөн нэртэй л болохоос үүнийг хожим, хойч ирээдүй минь төрийн эрхийг хууль бусаар авсны нотолгоо болсон онц ноцтой хэрэг гээд шүүж, ял асууж мэдэх жигшүүрт явдал билээ.

Үүнд Б.Жавхлангийн нөлөө, оролцоо тодоос тод бий. Тэрбайтугай ЖДҮДС-гийн хөрөнгийг зээл нэрээр тийнхүү тараах санаачилга түүнээс гарсан ч гэдэг.

Санал санаачилгаа төгс гүйцэтгүүлэхээр С.Төгсбилэгийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал болгосон хүн нь Б.Жавхлан сайд гэж байгаа.

С.Төгсбилэг 2005-2007 онд АНУ-д сурч, ажиллаж байхдаа Б.Жавхлантай танилцсан байдаг.  Б.Жавхлан энэ үед АНУ-д Калифорнийн их сургуулийн Риверсайдын хэлний сургууль болон Индианагийн их сургуульд суралцаж байж. Тэндхийн монголчуудын цуглааны үеэр танилцсан хоёр нөхөр харилцаа холбоогоо тасдалгүй явсаар 2018 онтой тийн золгосон хэрэг.

ЖДҮХС-гаас бэлгийн уут мэт ижил дүнтэй зээл авсан нөхдийн дунд Б.Жавхлангийн гэх тодотголтой “Жетте майнинг” ХХК 800 сая, “Пример инвестмент групп” ХХК 900 сая төгрөгийн зээл авсан баримт ил болохтой зэрэгцэн эл хоёр компанийг өөрт хамааралгүй, гүтгэлэг хэмээн тэрбээр мэдэгдэж байв.

Жилийн 36 сая төгрөгийн орлоготой Сангийн сайд Б.Жавхлан эдгээрээс гадна “Долоон болдог” ХХК, “Евроэлектроникс” ХХК-ийн хувьцаа эзэмшигч байсан бөгөөд УИХ-ын гишүүн болохдоо өөр хүний эзэмшил рүү шилжүүлсэн байдаг.

Харамсалтай нь ингэж шилжүүллээ гээд энэ нь өнгөлөн далдлалт, хуурмаг үйлдэл төдий байдгийг өөр олны жишээнээс ард түмэн мэдэх болсоор удлаа.

Даравч далдайж, булавч бултайдгийн үлгэрээр ЖДҮ-гээс зээл авсан, хамааралгүй гэх хоёр компани Б.Жавхланд хамгийн их хамаатай юм билээ. “Жетте майнинг” ХХК-ийн захирал Г.Эрдэнэцогт сангийн сайд Б.Жавхлан нар Сүхбаатар аймгийн I сургуулийн төгсөгчид. Б.Жавхлан нь сургууль төгсөгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга бол Г.Эрдэнэцогт нь УЗ-ийн гишүүн. Үүгээр хязгаарлагдахгүй, тэдний аавууд нэг гол усны нөхөд төдийгүй Б.Жавхлангийн аав Л.Болд Сүхбаатар аймгийн ардын хурлын гүйцэтгэх захиргааны даргаар ажиллаж байхад Г.Эрдэнэцогтын аав Х.Гөлгөө нь Сүхбаатар аймгийн ардын хурлын гүйцэтгэх захиргааны I орлогч даргаар ажиллаж байсан байдаг.

Тэгэхээр хамааралгүй гэж үгүйсгэсэн компаниуд нь Б.Жавхлангаас тийм хол тасарч унахгүй. Алим модноосоо хол унадаггүй шүү дээ.

Мэдэхгүй, үзээгүй, хараагүй гэх үгээр мянган асуудлын таглаа хийдэг энэ нөхөр Худалдаа хөгжлийн банкнаас гадна Чингис хаан банктай ч нэр холбогддог.

Гэргий А.Соёлмаа нь “Ньюгоби гейт” ХХК-ийн хувьцаа эзэмшигч. Хамтран эзэмшигч нь Б.Батхүү.

Б.Батхүү нь Чингис хаан банкны хувьцаа эзэмшигчдийн нэг Ц.Баярсайханы гэр бүлийн хүн. Ц.Баярсайхан, А.Соёлмаа нэр зүү орох зайгүй нөхөрлөдөг. Эхнэртэй нь найзалж, нөхөртэй нь нэг компанийг хамтран эзэмшигчид гэсэн үг.

А.Соёлмаа, Б.Батхүү нарын “Ньюгоби гейт” ХХК-ийн хаяг дээр “ОСМ агро трейдинг” болон “Органик солюшнс монголия агро” ХХК давхар бүртгэлтэй.

“ОСМ агро трейдинг” ХХК-ийн захирал Х.Шижир-Эрдэнэ мөн л Чингис хаан банкны хувьцаа эзэмшигч бол “Органик солюшнс монголия агро” ХХКийн захирал С.Будням  нь Чингис хаан банкны гол хувьцааг эзэмшигч Б.Батхүүгийн аав гэж байгаа. Сүлжээний сонирхолтой холбоос шүү, энэ.

Б.Жавхлан УИХ-ын гишүүнээр сонгогдоод удалгүй Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байв. Тэр үед УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Б.Жавхлан гишүүн Чингис хаан банкны хувьцаа эзэмшигч. Гэтэл УИХ-аар Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг ахлагчаар томилсон нь ашиг сонирхлын зөрчил үүсгэх эрсдэлтэй” хэмээн мэдэгдэж байсан.

Гэсэн ч манай мэлзэн хочит сайд мэлзээд л өнгөрсөн.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар 2021.10.28-нд “Чингис хаан” банкинд байршсан Нийгмийн даатгалын үлдэгдэл 100 тэрбум төгрөгөө яаж авахаар байгаа вэ. Өгч байна уу, үгүй юү. Эрүүл мэндийн даатгалын 30 тэрбум төгрөг ч байгаа. Энэ мөнгийг авах талаар ямар санаачилга гаргаж байна вэ. Сүүлийн гурван жил хөөцөлдөөд бүтэхгүй байгаа” гэхэд Улсын ерөнхий аудитор Д.Занданбат “Чингис хаан банкинд Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын мөнгөний үлдэгдэл 130.7 тэрбум төгрөг байгаа. Чингис хаан банкнаас одоогоор 2.1 тэрбум төгрөгийн байшин өгөхөөс өөр шийдгүй” гэж байлаа.

Тэгэхээр Эрүүл мэнд, нийгмийн даатгалын 130 тэрбум төгрөг Ч.Ундармаагийн Капитал банкны хэрэг шиг алга болж буй бололтой. Ийм нөхцөлд Б.Жавхлан Сангийн сайдын дүрээр холбогдох ул мөрийг үнэргүй болтол баллуурдаж байж мэдэх юм.

Мангардуу дүр эсгэчихээд манай энэ алнаа гэдэг шиг Б.Жавхлан парламентын босго алхсанаар сейфэн дэх банкаа “угжих”-ын зэрэгцээ эгч дүүсээ чирээстэй. Түүний төрсөн эгч нь Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирлаар ажиллаж байсан Б.Сэргэлэн.

Дүүгээ УИХ-ын гишүүн болмогц эгч Б.Сэргэлэн нь БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын дарга болж байсныг тохиолдол гээд өнгөрөх үү.

Улмаар Соёлын яам шинээр байгуулагдахад Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн газрын даргаар сэвхийтэл очиж, хэдэн яамдын дунд албан тушаал, эрх мэдлийн суудлаар жонглердож байгаа нэгэн юм.

2018 онд жилдээ 16.3 сая төгрөгийн орлоготой байсан Б.Сэргэлэн 2020 онд 31.1 сая төгрөгийн орлоготой болон нэг дахин өсгөж чадсанаа АТГ-д мэдүүлсэн байгаа.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар урлаг, спорт, уран сайхан, музей зэрэгт гар таталгүй мөнгө хаядаг нь ах херо Б.Баатараа дэмждэг гэхээс гадна Сангийн сайд Б.Жавхлангийн хүсэлтийн хариуг хамтатган хүргэдэг гэхэд зөрөхгүй.  

Ийм атал ирэх оны төсөвт хөшөө дурсгал, урлаг соёлын төслүүд ихээр багтан эхнээсээ шуугиан дэгдээж олны бухимдлыг төрүүлээд байхад мэдээгүй шд, хараагүй юм байна гэхчлэн далийрч мэлзэх нь ард түмнээ хэтэрхий басамжлан доромжилж буй хөгийн үйлдэл юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн төрсөн ах кино, контент, нэвтрүүлгээр гаршсан найруулагч, Сангийн сайд Б.Жавхлангийн төрсөн эгч Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн газрын дарга буюу улсын хэмжээнд хийгдэх урлаг уран сайхны арга хэмжээ, кино, контент, уран бүтээлүүдийг хариуцах эрхтэй дарга, Соёлын сайд Ч.Номин нь “Монгол телевиз”-ийн захирал буюу шоу, контентын төслүүд хэрэгжүүлэгч сувгийн эзэн гэхээр Соёлын яам нь анхнаасаа татварт төвлөрсөн мөнгийг татан зувчуулах зорилготой бүлэглэлийн орогнох газар байсан юм биш үү гэх хардлагыг дагуулж ирсэн.

Дээр нь Чингис хаан банк тун удахгүй ХААН банкны мөрөөр орж Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын мөнгөтэй юутайгаа алга болж мэдэх нөхцөл байдал бүрдээд байгаа нь мөнөөх мэлзэн хочит сангийн сайдын бүлэглэлүүдээсээ авсан онц ноцтой даалгавруудын нэг байж мэдэх юм.

Эдийн засгийн мэдлэг чадвар муу, худал тоо ярьдаг, халамж, тэтгэмжээ ч ялгадаггүй. Тэрбайтугай арилжааны банкнуудаар сангийн яамны бодлогыг заалгадаг хэмээн салбарынхандаа шүүмжлүүлдэг түүнийг Сангийн сайдаар тохоон томилсны учиг Чингис хаан банкны хувь заяа гэж байгаа нь анхаарлын гадна орхих сэдэв биш.

Мөнгө мөртэй гэдэг дээ…

Энэ талаарх мэдээллийн дэлгэрэнгүйг дараагийн дугаарт.

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо

Latest from Blog

Мэдээ орчуулах »