fbpx

Д.Ихбаяр: Дотоодын компаниудаас тендерийн шаардлагад нийцсэн материал ирүүлдэггүй

4 мин уншина

“Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурлын үеэр нийслэлийн удирдлагууд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

– Нийслэлд 4-5 км явж байж автобусанд суудаг иргэд цөөнгүй байна. Автобусны эцсийн зогсоолуудыг байршлыг өөрчилж, айл өрхүүддээ ойртуулах боломж бий юу?

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар: – Хороог хуваах, шинээр бий болгох асуудал автобусны хүрэлцээ хангамжтай ч уялдаж байгаа. Автобусны буудал руу таван км алхаж очдог иргэд төрийн үйлчилгээг 10 км явж, авч байж магад. Тиймээс бид үйлчилгээг ойртуулахаас арга байхгүй. Өнгөрсөн есдүгээр сард түгжрэл бууруулах төлөвлөгөөг боловсруулах хүрээнд Улаанбаатар хотыг тойрч онгоцоор нисэж, зураг авсан.

Улаанбаатарыг дээрээс нь харахад хот үнэхээр тэлсэн байна. Хойд уулын амуудад айл өрх битүү суурьшжээ. Тиймээс хороо, автобусны буудлыг нэмэх ажлыг хийхээс аргагүй.

Төсөв санхүүгийн бэрхшээл тулгардаг хэдий ч иргэдээ нэгт тавина. Дээрээс нь камержуулалт нэн чухал байна. Хүн зоны суурьшил дагаж  бий болдог бүхнийг шинэ суурьшлын бүсэд байгуулах шаардлага тулгардаг. Найман нэрийн хүнсний дэлгүүр, эмийн сан гэхчлэн бүгдийг бий болгох учиртай. Энэ бүхэн зардал дагуулдаг. Гэтэл манайхан ямар өндөр зардал вэ гээд шүүмжлээд эхэлдэг.

– Гэр хорооллын айл өрхийн хогийг удаан хугацаанд ачаагүйгээс хог маш ихээр хураагддаг. Үүнийг хэрхэн шийдэх вэ. Мөн сайжруулсан шахмал түлшний шуудайг дотооддоо үйлдвэрлэх, цавууг үхрийн шир боловсруулан гаргах боломж байдаг шүү дээ?

Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр: – “Таван толгой түлш” ХХК-аас сайжруулсан шахмал түлшний шуудайг дотооддоо үйлдвэрлэх тендер зарласан. Өнгө будгийн хувьд улаан будагтай байхыг шаардаагүй. Гол нь дотоодын компаниудаас тендерийн шаардлагад нийцсэн материал ирүүлдэггүй учраас гаднаас оруулж ирж байсан.

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн: – Нийслэлд зөвшөөрөлгүйгээр суурьшсан айл өрхийн тоо нэмэгдэхийн хэрээр асуудал ч мөн нэмэгддэг. Хөдөөгөөс ирсэн айлууд зөвшөөрөлгүй газарт ирж суурьшдаг. Мэдээж тэнд нь цахилгаан эрчим хүчний эх үүсвэр байдаггүй. Суурьшсаныхаа дараа цахилгаан нэхдэг. Олон жил ийм байдлаар явж ирсэн. Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд үүсээд буй асуудал ч мөн ийм. Өнгөрсөн хугацаанд бид 1.7 тэрбум төгрөгийг цахилгааны хүртээмжийг нэмэгдүүлэхэд зарцуулсан. Дахин 1.2 тэрбум төгрөг төлөвлөөд байна. Зам харгуй, холбоо мэдээллийн үйлчилгээ ч ялгаагүй.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд: – Зарим дүүргийн захын хороодод хог хаягдалтай холбоотой хүндрэл бий. Гэхдээ нийгэм шилжиж байсан үеийнх шиг хур хогонд дарагдсан газар байхгүй. Хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлд бодож төлөвлөсөн, хийж хэрэгжүүлэх ажил бас бий. Хог яг аль дүүрэг, хэддүгээр хороонд байгааг бодитоор нь хэлээрэй. Нийтэд нь хавтгайруулж яримааргүй байна.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Latest from Blog

Мэдээ орчуулах »