Орон нутгийнхан зээлээ төлөх чадамжгүй болсоор байна

0
47

-Чанаргүй зээл жилийн дотор 42 хувиар өсчээ-

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын орлого нэмэгдсэнээр он гарснаас хойш эдийн засаг хоёр хувиар өсөөд байна. Энэ бол төсвийн орлого нэмэгдэж, хөрөнгө оруулалт сэргэх магадлалтайг харуулсан эерэг дохио юм. Өөрөөр хэлбэл, төрийн хэтэвч зузаарч байна. Тэгвэл хувийн хэвшил, иргэдийн амьжиргаанд өсөлт хэрхэн нөлөөлж байна вэ. Иргэд орлоготой байж худалдан авалт хийснээр худалдаа, үйлдвэрлэл, бусад салбарын өсөлтийг дэмждэг. Мөн аж ахуй нэгжүүд амжилттай үйл ажиллагаа явуулснаар ажлын байрыг олноор нэмэгдүүлж, иргэдийг орлоготой болгох суурь нь болж өгдөг. Тиймээс төсвийн хэтэвч түнтийхээс гадна хувийн хэвшил өндөр өсөлттэй байж, иргэдийн орлого нэмэгдэх нь эдийн засгийн бодит өсөлтийн мөн чанарыг илтгэнэ. Энэ бүхнийг чанаргүй зээлийн үзүүлэлтээр дүгнэж болно. Ялангуяа, орон нутгийн иргэд, аж ахуй нэгжүүдийн зээлийн чанарын үзүүлэлт бодит байдлыг илтгэх чухалт үзүүлэлт юм.

Юуны өмнө орон нутагт цалин тэтгэвэр, хэрэглээний зээл нийт зээлийн 61.5 хувийг бүрдүүлж байна. Өөрөөр хэлбэл, цалин тэтгэвэр, хэрэглээний зээл нь ихэвчлэн амьжиргаагаа залгуулах, оюутны сургалтын төлбөрөө барагдуулах зэрэг өдөр тутмын амьдралын хэрэгцээгээ хангахад зориулагдаж байгаа аж. Мөн орон нутгийнхны амьжиргааны түвшин нийслэлчүүдтэй харьцуулахад бага. Улмаар хавар ноолуур самнаж, намар мал “муулж” зээлээ дарж байгааг Санхүү эдийн засгийн дээд сургуулийн багш нарын судалгаанд дурджээ. Харин үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагааны салбарт олгосон зээл 15 хувь, худалдааны салбарт 9.4 хувь, хөдөө аж ахуйн салбарт 7.4 хувь, үлдсэн 6.7 хувь нь бусад салбарт олгосон зээл эзэлж байна. Энэ бүхнээс орон нутгийнхан худалдаа, үйлдвэрлэл явуулах, бизнес эрхлэх, үл хөдлөх хөрөнгө худалдан авахаас илүүтэй амьжиргаагаа залгуулах, хэрэглээгээ хангах зорилгоор зээл түлхүү авч байгаа нь харагдана. Уг нь жижиг, дунд үйлдвэрлэл, худалдаа, бизнесийг санхүүжүүлэхэд зориулж зээл түлхүү гаргаж байгаа бол урт хугацаанд эерэг үр дүн авчирах юм. Учир нь банкны зээлээр бизнесийн үйл ажиллагааг санхүүжүүлснээр ажлын байрыг нэмэгдүүлж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортын орлогыг өсгөснөөр эдийн засгийг тогтвортой өсгөх үндэс суурийг тавих учиртай. Тэгвэл одоогийн банкны салбарын зээл  ердөө  иргэдийн (орон нутгийнхны) хэрэглээг хангахад голлон зориулагдаж байна. Эцэст нь тэд ноолуур, малын түүхий эд, махаа борлуулж үндсэн зээл болон хүүгээ дарж байна. Тэгээд ч хүн ам цөөн, зах зээл хумигдмал орон нутгийнхны хувьд өндөр хүүтэй зээл аваад бизнес эрхлэх боломж бараг байхгүй юм. Төв банкнаас гаргасан тайланд орон нутаг дахь банкуудын зээлийн дундаж хүү 18.7 хувь байгааг дурджээ.

Төв банкнаас танилцуулсан хамгийн сүүлийн мэдээгээр банкны салбарын нийт зээлийн үлдэгдлийн 83.9 хувь нь хэвийн, 7.9 хувь нь хугацаа хэтэрсэн, 8.2 хувь нь чанаргүй зээл байгаа. Тэгвэл орон нутгийн банкуудын хувьд нийт зээлийн үлдэгдлийн 95.5 хувь нь хэвийн, 1.8 хувь нь хугацаа хэтэрсэн, 2.7 хувь нь чанаргүй зээл байна. Банкны салбарын нийт чанаргүй зээлийн дүнтэй харьцуулбал орон нутгийнхных гурав дахин бага дүнтэй харагдана. Гэтэл орон нутгийн чанаргүй зээл өмнөх улирлаас 5.7 хувь буюу 4.2 тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 42.6 хувь буюу 23.4 тэрбум төгрөгөөр өсч, 78.5 тэрбум төгрөгт хүрсэн байна. Өөрөөр хэлбэл, орон нутагт чанаргүй зээл банкны нийт салбарынхантай харьцуулбал дүнгээр бага мэт боловч сүүлийн хэдхэн сарын дотор чанаргүй зээлийн хэмжээ эрс өссөн болохыг харж болно. Чанаргүй зээлийн хэмжээ хурдацтай нэмэгдэж байгаа нь иргэдийн орлого хумигдаж буйн томоохон баталгаа болж байна. Дашрамд дурдахад, орон нутгийнханд олгосон зээлийн чанар, мөн банкны нийт салбарын чанаргүй зээлийн харьцаанаас манай улс дахь чанаргүй зээлүүд ихэвчлэн цөөн тооны томоохон төсөл хөтөлбөр, бизнес дээр төвлөрч байгааг харж болно.

Чанаргүй зээлийн хэмжээг аймаг тус бүрээр авч үзвэл Увс 6.5, Өмнөговь 4.9, Дорноговь 4.7, Дархан- Уул 4.3 хувь буюу хамгийн өндөр байна. Өнөөгийн байдлаар 12 банк 989 салбар, нэгжээр дамжуулан хөдөө орон нутагт банкны үйлчилгээг хүргэж байгаа аж. Эцэст нь орон нутгийнхан бизнес эрхлэх бус ихэвчлэн хэрэглээгээ зайлшгүй хангах мөнгөний гачигдлаас болж банкнаас зээл авч, сүүлд нь өндөр хүүгийн дарамт, эдийн засгийн хүндрэл, түүхий эдийн ханшийн уналтаас болж чанаргүй зээлдэгчийн ангилалд шилжсээр байна. Уг нь тэд өнөө маргаашаа аргалахын тулд зээл авах бус жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх, малын гаралтай түүхий эдээ боловсруулах төсөл хөтөлбөрөө санхүүжүүлэхэд зориулж зээл авч байх учиртай. Ингэж байж бусдаас гуйдаггүй, тогтвортой эдийн засгийн өсөлтийг бий болгоно. Гэтэл зээлийн хүү 18 хувь. Ийм хүүтэй зээлийг бизнес эрхлэх зорилгоор авах хүн орон нутагт цөөн. Харин мөнгөний урсгал татарч, төгрөг нүдний гэм болоод буй хямралтай нийгэмд аргаа барсан хүмүүс “хүү хамаагүй” хэмээн тэтгэвэр, “таван” малаа барьцаалж л зээл авч байна.