15-69 насны хүн амын 21.9% нь хөдөлгөөний хомсдолтой байна

2021-11-22
1 min read

Дэлхий нийтээр тархаж буй “КОВИД-19” цар тахал бидний амьдарлын хэв маягийг өөрчилж, хөдөлгөөний идэвхгүй суугаа байдлыг нэмэгдүүлсээр байна. НҮБ-ын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтод ХБӨ-өөс урьдчилан сэргийлэх, түүнийг эмчлэх замаар “ХБӨ-өөс үүдэлтэй цаг бусаар нас баралтыг 2025 он гэхэд 25%, хөдөлгөөний хомсдолыг 10%-иар бууруулах”-аар зорилт дэвшүүлсэн.



Дэлхийд хүн амын нас баралтын 6% нь хөдөлгөөний хомсдлоос хамааралтай ба хөдөлгөөний идэвхгүй байдал нь зүрх судасны өвчин, чихрийн шижин, хавдар, таргалалт зэрэг ХБӨ-ийг нэмэгдүүлж жилд дунджаар 3.2 сая хүн нас бардаг. 



Монгол улсын 15-69 насны хүн амын 21.9% нь хөдөлгөөний хомсдолтой, 52.4% нь ажлын байрандаа, 48.2% нь амралт чөлөөт цагаараа идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй, хөдөлгөөний идэвхгүй, суугаа байдалд хоногт дунджаар 3.4 цагийг зарцуулдаг, 49.4% нь илүүдэл жин ба таргалалттай байна (ХБӨ, осол гэмтлийн шалтгаан эрсдэлт хүчин зүйлсийн тархалтыг тогтоох үндэсний 4-р судалгаа, ЭМЯ, НЭМҮТ, ДЭМБ, 2019 он).



Монголчууд өдөрт дунджаар 2737 алхам алхдаг ба 18-69 насны нийт хүн амын дөнгөж 4.9% нь ДЭМБ-ын зөвлөмжийг биелүүлж өдөрт 10000-аас дээш алхам алхдаг. Aлхалтын тоо хэмжигч (педометр, ухаалаг утас, бугуйн цаг, аппликейшн зэрэг) багаж хэрэгслийг хүн амын 76% нь ашигладаггүй байна (Идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх талаар хүн амын мэдлэг, хандлага, дадлыг тогтоох үндэсний судалгаа, ЭМЯ, НЭМҮТ, ШУТС, 2019 он).



Түүнчлэн Монгол залуучуудын бүтээсэн “Alhay” гар утасны аппликейшнийг ашиглан 2021 оны 2021 оны 05 дугаар сарын 24-30-ны өдрүүдэд ЭМЯ, НЭМҮТ, ЗГТА-БТСУХ, ДЭМБ хамтран “Эрүүл мэндийхээ төлөө – Алхангаа ярилцъя” уриан дор “Дархлааг дэмжих цахим алхалтын 7 хоног” аян, 2021 оны 10 дугаар сарын 01-31-ний өдрүүдэд “Дэлхийн алхалтын өдөр”-ийн хүрээнд “Эрүүл амьдралын хэв маягт алхам алхмаар” алхалтын сарын аяныг тус тус зохион байгуулаад байна.



Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.1.1, 2.1.1.1, 2.2.1 дугаар заалт, Биеийн тамир, спортыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр, Халдварт бус өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах иргэд, олон нийтэд идэвхтэй хөдөлгөөн, явган алхалтыг сурталчлан уриалах зорилгоор Эрүүл мэндийнхээ төлөө алхангаа ярилцъя уриан дор “Эрүүл амьдралын хэв маягт алхам алхмаар” сэдэвт алхалтын арга хэмжээг зохион байгуулж байна. Уг арга хэмжээнд ЭМ-ийн сайд С. Энхболд ДЭМБ-ын Монголд дах суурин төлөөлөгч Сергей Диордица Эрүүл мэнд биеийн тамир спортын салбарынхан оролцлоо.

Орчуулах »