Монголыг өрийн дарамтаас гарч чадах эсэхэд эргэлзэж байна

0
47

Дэлхийн нийт зах зээлийн 95 хувийг хамарч үйл ажиллагаа явуулдаг зээлжих зэрэглэл тогтоогч гурван байгууллагын хоёр нь Монгол Улсын Засгийн газар болон арилжааны банкуудын зээлжих зэрэглэлийг шат дараалан бууруулж, өндөр эрсдэлтэй ангилал руу аваачаад байна. Ирэх оны төсөвт туссанаар Засгийн газар нийт 7.6 их наяд төгрөгийн дотоодын болон гадаадын зээл авах шаардлагатай байгаа. Үүний 69 хувийг Засгийн газрын өрийн үндсэн төлбөр төлөхөд зарцуулах тухай туссан. Гэтэл энэ хүнд цаг үед Монгол Улсад зээл өгөх нь өндөр эрсдэлтэй гэдгийг “Fitch”, “Moodys” байгууллага олон улсын хөрөнгө оруулагчдад “ховлолоо”. Хамгийн гол нь зээлжих зэрэглэл буурах нь зөвхөн улс орны төр засагтай холбоотой асуудал биш. Үндэсний компаниудаа давхар чирдэг. Учир нь тухайн улсын компани, санхүүгийн байгууллага, банк, даатгал хэчнээн сайн үзүүлэлттэй байлаа ч улсынхаа зэрэглэлээс өндөр тогтоолгох боломжгүй. Тиймээс зээлжих зэрэглэл бол тухайн улсын нийт эдийн засагт маш хүчтэй нөлөө үзүүлдэг хүчин зүйл юм.

Төсвийн алдагдлыг 9.1 хувь болгож бууруулна гэдэгт “Moodys итгэхгүй байна

Энэ талаар эдийн засагч, судлаач, Монголын актуарчдын нийгэмлэгийн УЗ-ийн дарга Д.Гантулгаас тодрууллаа.

 Саяхан Монголын Засгийн газар болон арилжааны банкуудын зээлжих зэрэглэлийг шат дараалан буурууллаа. Нөхцөл байдлыг та хэрхэн харж байна вэ?  

 “Moodys”-ээс Засгийн газрын зээлжих зэрэглэлийг бууруулсан. Мөн хоёр хоногийн өмнө долоон банкны зэрэглэлийг буурууллаа. Зээлжих зэрэглэлийг бууруулах болсон хоёр шалтгаан дээр тайлбар хийсэн байсан. Нэгдүгээрт, Монгол Улсын Засгийн газрын өр өндөр байна. Өрөө ойрын хугацаанд төлөх чадвар нь тодорхой бус хэвээр байна. Хоёр дахь нь төсвийн алдагдал өндөр байгаа. Ойрын хоёр жилийн хугацаанд төсөв алдагдалгүй болох боломж бараг байхгүй гэж үзсэн учир зээлжих зэрэглэлийг бууруулсан.

Засгийн газрын өрийн тухайд тодруулахгүй юу?

Нэгдүгээр үндэслэлийн тухайд, манай улс Засгийн газрын баталгаа гаргаж Хөгжлийн банкны авсан 580 сая ам.долларын зээлийг ирэх оны гуравдугаар сар гэхэд төлж барагдуулах ёстой. Үүн дээр нэмээд нийт 800 орчим сая ам.долларыг Монгол Улс төлөх ёстой. Өөрөөр хэлбэл, энэ бол манай улс 2017 онд гадаад төлөх өрийн дүн юм. Дотоодын хувьд саяхан УИХ-аар төсвийн алдагдлыг 2.5 их наяд төгрөгийн алдагдалтай баталсан. Алдагдлыг санхүүжүүлэх хэрэгтэй болно. Энэ бүгдийг аваад үзэхээр 2016 онд Засгийн газрын зээл 26 хувь байсан бол 2017 онд 20 орчим хувь буюу өндөр хэвээр байна гэсэн төсөөлөл гарч байгаа.

Төсвийн алдагдлын тухайд ирэх онд хоёр дахин бууруулах зорилт тавьсан. Гэтэл зээлжих зэрэглэлийг бууруулсан үндэслэл дээр төсвийн алдагдал өндөр хэвээр байгаа гэж дүгнэсэн байна. Энэ тухай тодруулахгүй юу?

Зээлжих зэрэглэлийг бууруулах болсон хоёр дахь үндэслэл нь төсвийн алдагдал байгаа. Уг үндэслэлийн хувьд 2015 онд төсвийн алдагдал ДНБ-ий 5 орчим хувь байсан. 2016 онд 19.5 хувь болж өссөн. Батлагдсан төсвөөр ирэх онд алдагдал 9.1 хувь болж хоёр дахин буурна гэсэн. Гэхдээ үүнд “Moodys” итгэхгүй байна. Тэдний тооцооллоор 12 орчим хувь байх болов уу гэж харж байна. Нэгэнт өндөр алдагдалтай гарсан төсөв буцаж буухад тодорхой хугацаа шаардлагатай. Тийм учраас Засгийн газрын зээлжих зэрэглэлд нөлөөлнө гэж үзэж байна.

Ер нь нийт дүнгээр тооцвол Монгол Улсын өр ДНБ-ий 58 хувьтай тэнцэж байсан шүү дээ. Энэ жил 80, ирэх жил 90 хувь болно гэсэн. Энэ нь зээлжих зэрэглэлийг бууруулах зайлшгүй шалтгаан болж байна гэж тайлбарласан.

Зэрэглэл буурсантай холбоотойгоор Засгийн газар төв банктай хамтарч мэдэгдэл гаргасан. Энэ тухайд?  

Тийм ээ. Мэдэгдэл гаргасан. Ер нь эдийн засагч, судлаачийн зүгээс харахад төр удаан байна. Эдийн засгийн хямрал болох гэж байна, болж байна гэж нэг хэсэг маргалаа. Мөн хямрал мөн биш гэж маргасан. Энэ он бол их онцлог жил. Тодруулбал, намууд мөрийн хөтөлбөрөө танилцуулж өрсөлдөөд сонгуулиар Засгийн эрхэнд гарч ирдэг. Өөрөөр хэлбэл, юу хийх нь тодорхой байх ёстой. Магадгүй хоёр жилийн өмнө байсан бол харзансан байдалтай байж болох юм. Төр засгийн зүгээс шийдвэртэй алхам хийхгүй удахаар тодорхойгүй байдал улам ихсэж, нөхцөл байдал улам хүндрээд байна. Тухайлбал, ОУВС-ын “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудал хоёр жирлийн өмнө яригдаж байсан зүйл. Мөн үргэлжлүүлж өнгөрсөн зургаан сараас хойш ярисаар байгаад он дуусах гэж байна. Энэ бүхэнд шийдвэрээ гаргаад манлайлал үзүүлээд явахгүй бол эдийн засаг сайжрахгүй.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!