Нөөцийн мах бүрдүүлэх зорилгоор 100 тэрбум төгрөгийг 3 хувийн хүүтэй олгоно

2021-11-10
1 min read

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, тээвэрлэлттэй холбоотой асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг тодорхой ажлуудыг хийсэн. Нөөцийн мах бүрдүүлэх зорилгоор 100 тэрбум төгрөгийг 3 хувийн хүүтэй зээлэх нөхцөл бүрдүүлээд байгаа. Арилжааны банкуудаас өгсөн мэдээллээр 81 тэрбум төгрөгийн зээл судлагдаад мах бэлтгэлийн ААН-үүдэд олгогдсон байна. Одоо судлагдаж байгаа 19 тэрбум төгрөгийн зээл ойрын хугацаанд шийдэгдэх байх.

Одоогийн байдлаар ирэх оны нөөцөд 5.5 мянган тонн мах бэлтгэгдээд байгаа. Үүнээс гадна ХАА-г дэмжих санг корпорац болгож, зах зээлийн өрсөлдөөнт зарчмаар ирэх оны суурин газрын махны хэрэглээг тогтвортой байлгах зорилгоор мах бэлтгэх шийдвэр гарсан. Энэ хүрээнд ирэх долоо хоногийн хуралдаанаар ХАА-г дэмжих санг төрийн өмчит компани болгох шийдвэрийг гаргуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Энэ өвлийн идэштэй холбоотойгоор 31 мах борлуулах цэг байгуулахаар болсон. Эхний ээлжид долоон цэгийн байршлыг тогтоосон. Мөн 1000 машины зогсоол, Төв цэнгэлдэх хүрээлэнд махны задгай худалдаа явуулахаар боллоо. Махыг аль болох орон нутгийн иргэдээс нийслэл рүү буюу дундын оролцоогүйгээр явуулах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Гол нэрийн бараа бүтээгдэхүүнийн импортын тухайд 79 вагон цагаан будаа, 70 вагон элсэн чихрийн захиалгыг ЗТХЯ, ГХЯ-аар дамжуулан өгөөд байгаа. Одоогийн байдлаар 16 вагон гол нэрийн бараа бүтээгдэхүүн орж ирсэн. 37 вагон ачигдаж байна. Энэ сардаа багтаад 106 вагон бараа ачигдаж орж ирнэ. Хүнсний нарийн ногоо импортлох 60 вагон захиалснаас уржигдар долоо нь орж ирсэн. Зургаан вагонд ногоо ачигдаж байна. Цаашдаа бид гол нэрийн хүнс, нарийн ногоог төмөр замаар импортлох ажлаа тогтворжуулна. Хүнсний бүтээгдэхүүн, нарийн ногоо импортоор орж ирснээр үнэ өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад бодитоор буурсан.

Гашуунсухайт, Ханги боомт дээр мэргэжлийн хяналтын лабораторийг байгууллаа. ААН-үүд маань эдгээр боомтоор хүнс болон сав баглаа боодлоо оруулж ирэх боломжийг бүрдүүлсэн” гэдгийг хэллээ.

Орчуулах »