ЭМДЕГ эрх баригчдад зориулсан уушийн газар уу, Л.ОЮУН-ЭРДЭНЭ ээ!!!

Шадар сайд С.Амарсайхан ажлаа аваад удаагүй байхдаа Эрүүл мэндийн салбарт өвчнөөр бизнес хийдэг хэсэг бүлэг, дунд шатныхан байдгийг хэлж байв. Тэрбээр “Эмийг бүртгэхээс эхлээд нугалаа гардаг. Бүртгэл хийхдээ олон улсын нэршлээр хийдэггүй. Нэг компанийн нэрээр бүртгэдэг. Тэгээд зөвхөн тэр компани оруулж ирвэл хэрэглэдэг. Тус компанийн оруулж ирж байгаа нь чанартай юу, үгүй юу хэнд ч падгүй, ямар ч хяналтгүй. Бусад ижил төрлийн аж ахуйн нэгжүүд үнээр, чанараар өрсөлдөх боломж түй ч үгүй” гэж ганцаар хашгирсаар таг болсон.

Монголд эмийн бизнес 500-600 тэрбум төгрөгт эргэлддэг. Өргөн хэрэглэгддэг 55 эмэнд судалгаа хийхэд 5-6 дахин өндөр үнээр худалдаалагдаж байгааг УИХ-ын гишүүн С.Ганбаатар чуулганы хуралдааны үеэр хэлж байсан юм.

Зуд болоход нохой зоолно гэгчээр цар тахлаар эм ханган нийлүүлэх байгууллага, улс төрийн бүлэглэл хөлжиж байна.

Цар тахалд 6 их наяд төгрөг зарцуулсан атал халдварын тархалтаар дэлхийд тэргүүлж байгаагийн шалтгааныг гишүүн Х.Болорчулуун байнгын хорооны хуралдааны үеэр лавласан ч хариулт авч чадаагүй.

Эрүүл мэндийн салбарын төсөв жил бүр нэмэгддэгийн зэрэгцээ гадна, дотны хандив, тусламжийн хэмжээ чамлахааргүй. Гэтэл 1 сая хүнд ногдох тохиолдлын тоогоор тэргүүлж, арчаагүй Засаг төртэйн балагийг харуулж байна. Онгоцны осолтой дүйхүүц хэмжээний хүн долоо хоног бүр нас барах болов.

Гэвч Эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлж байгаа дорвитой ажил алга. Энэ нь өнөөх бизнесийн бүлэглэлтэй шууд холбоотой гэчихэд буруутахгүй.

Тэр дундаа Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн “нууц” бизнес намын нөхдийн нь дотоодод нууц байхаа больж.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байгаа Г.Гийхнаран нь Л.Энх-Амгалан сайдын эхнэрийнх нь төрсөн дүү. Сайдын гэргий М.Сэржмядагтай овог өөр тул андуурч, эндүүрэх нь бий. Машбатын гэх овгоо Ганбатын болгон хэдэн жилийн өмнө өөрчилсөн талаар Улсын бүртгэлийн ерөнхий газар бүртгэлтэй. Овог өөртэй төрсөн эгч, дүүс гэсэн үг.

Сайдын эхнэр М.Сэржмядаг эмнэлгийн тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгсэл, лабораторийн урвалж бодисын худалдаа эрхэлдэг “Мед импекс интернэйшнл” ХХК-ийг эзэмшдэг. Энэ талаар Л.Энх-Амгалан сайдын Хөрөнгө орлогын мэдүүлэгт байхгүй. Учир нь Л.Энх-Амгалан УИХ-ын гишүүнээр сонгогдохын өмнө буюу 2011.12.22-нд “Медимпекс интернэйшнл” ХХК-иа Түдэвийн Отгонтуяагийн нэр дээр шилжүүлж амжсан байдаг. 

Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс хоцорч байгаагүй, Хөгжлийн банкнаас зээл аваад төлөөгүй, уул уурхайн салбарт бизнестэй гээд Л.Энх-Амгалан сайдад холбогдох таагүй намтар арвин. Сурах бичгийн тендэрээс сугарч байгаагүй “Интерпресс” ч түүнийх. Дээр нь эмийн бизнестэй. “MCS” гэх тодотголынхоо цаана нуугдах далд мөнгийг дээрх салбаруудаар угаадаг юм биш биз гэх хардлага үргэлж түүнийг дагалддаг. 

Нийгмийн даатгалаас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг өрх тусгаарлуулж, үйл ажиллагааг нь салгаснаар эрүүл мэндийн салбар төгөлдөршинө хэмээн олон хүн ам гарч байв. Харамсалтай нь эсрэгээрээ эргэснийг одоо бүгд харж байна.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар бүлэглэлийнхэнд “барьцаалагдаж”, даатгуулагчийнхаа эрх ашгийг уландаа гишгэсэн гэх хамгийн хатуу шүүмжлэлийг дагуулаад удлаа.

Хүн бүрийг эрүүл мэндийн даатгалд хамруулж, даатгалын тогтвортой сан бүрдүүлэн, даатгуулагчийн хэрэгцээнд нийцсэн эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг авдаг үйлчлүүлэгч төвтэй, нийгмийн хариуцлага бүхий менежментийг хэрэгжүүлэх нь тус газрын зорилго. Даатгуулагчийн эрх болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломжоор хангах, бодит тарифыг бий болгох учиртай байгууллага.

Гэтэл Эрүүл мэндийн салбар дахь төсөв хяналтгүй, эмийн үнэ тэнгэрт хадсан байдалтай, даатгуулагчид өвдвөл үх, хохино гэх байдалтай ажиллаж байгаа нь үнэхээр улстөрчдийн гар хөл болсны илрэл юм.

Л.Энх-Амгалан сайдын хадам дүү Г.Гийхнаран энэ газрын дэд дарга бөгөөд Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлгийн ТУЗ-ын гишүүн бол Эрүүл мэндийн салбарын эдийн засгийн бодлого, хэрэгжилтийн газрын дарга Д.Нарантуяа гэхэд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ТУЗ-ийн дарга гэх давхар сэтэртэй.

Эдийн засгийн бодлого, хэрэгжилтийн газрын дарга Д.Нарантуяагийн төрсөн хүү Б.Очиртогтох хот төлөвлөлтийн мэргэжилтэн хэдий ч Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг сайжруулах Азийн хөгжлийн банкны төслийн тусламж, үйлчилгээний өртөг, төлбөрийн арга хариуцсан зөвлөхөөр ажилладаг. Түүнийг ажилд оруулж өгсөн хүн нь Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын Төсвийн зарлагын хэлтсийн дарга М.Санжаадорж гэж байгаа.

Үүнийхээ хариуд М.Санжаадорж нь өөрийн төрөл Г.Амаржаргалыг ЭМЯ-ны Санхүүгийн хэлтсийн гүйцэтгэлийн санхүүжилт хариуцсан мэргэжилтэн болгосон гэдгийг яам даяар ярьж байна. Г.Амаржаргал нь Санхүү эдийн засгийн дээд сургуулийг 2019 онд төгссөн нэгэн болохоос төрийн жинхэнэ албан хаагч биш. Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага хангахгүй гээд зөрчил мундахгүй юм.

Бэгз овогтой Очиртогтох ээжийнхээ шууд удирдлага дор ажилладаг.

Мөн Д.Нарантуяагийн гэр бүлийн найзууд төдийгүй бизнесийн хамтрагч болох Санхүүгийн хэлтсийн шинжээч Л.Мөнхцэцэг гэж бий. Энэ нөхөр гэхэд шинжээчийн шалгалт өгч байгаагүй атал өгсөн мэт ажил эрхлээд явж байгаа. Л.Мөнхцэцэгийн нөхөр Дөшдөөбөр овогтой Явуу нар дундаа хамтран эзэмшдэг “Адвэнсид эккаунтинг консалтинг” ХХК-ийг 2016 онд байгуулж байсан. Өөрөөр хэлбэл, Санхүүгийн хэлтсийн шинжээч байх боломжгүйгээр ашиг сонирхлын зөрчилтэй этгээд байх юм.

Д.Нарантуяагийн сүлжээ үүгээр дуусахгүй гэдгийг бүгд хэлж байна. Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дарга Д.Баярсайхан нь Д.Нарантуяаг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий нягтлангаар ажиллаж байхад шууд удирдлага дор нь эдийн засагчаар ажиллаж байж. Түүнийг мань Д.Нарантуяа хөөцөлдөж байгаад ЭМЯ-ны даатгалын хэлтсийн даргаар авчирсан аж.

Тэрчлэн ЭМЯ-ны санхүүгийн хэлтсийн дарга Т.Хонгорзул гэхэд анагаахын сургуулийн нэг ангийн найзууд гэж байгаа. Энэ албан тушаалд томилогдохоосоо өмнө Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Стратеги, төлөвлөлт эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан бөгөөд Тагнуулын ерөнхий газрын дэд даргын эхнэр юм байх.

Энэ салбарынхны төрөл садны сүлжээ үүгээр зогсохгүй.

Эл дурьдсан нэрс дөнгөж эхлэл төдий. ЭМЯ-ны Санхүүгийн хэлтсийн эрүүл мэндийн салбарын эдийн засаг, санхүүжилт, зээл, тусламж, хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн У.Сүхдарь гэхэд Эрүүл мэндийн дэд сайд асан Ш.Анхмаагийн дүү. Санхүү эдийн засгийн их сургуулийг 2019 онд бакалавраар төгссөн У.Сүхдарь мөн төрийн жинхэнэ албан хаагч биш. Одоогийн ажиллаж байгаа албан тушаалынхаа тодорхойлолтод заасан шаардлагыг хангахгүй гэсэн үг.

Д.Нарантуяа хатагтайн тухайд Эрүүл мэндийн яамны шууд харьяанд байдаг төрийн өмчийн томоохон эмнэлгүүд болох ХӨСҮТ, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв зэрэг эмнэлгүүдийн төсөв, санхүүжилтийг өөрийн даалгавраар шууд захиран “зарцуулдаг”. Товчхондоо салбартаа даам нөхөр гэж байгаа. 

Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан Т.Мөнхсайхан хүртэл ГССҮТ-ийн эдийн засагчаар ажиллаж байсан Х.Батчимэгийг ЭМЯ-нд шургуулчихаад явсан байдаг. Х.Батчимэг ч Т.Мөнхсайхан сайдын оруулсан хууль бус, төрийн жинхэнэ албан хаагч бус хүмүүсийн төлөөлөл гэнэ. Уг нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Бодлого төлөвлөлтийн газрын дарга нь төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх учиртай. Харамсалтай нь сайд асны татаас энэ шаардлагыг хангадаггүй байна. Гэвч энэ нь Т.Мөнхсайханы гэх Х.Батчимэгт падлийгүй бололтой.

Тэрбээр мөн л Д.Нарантуяагийн ойрын хүн төдийгүй ТЕГ-ын дэд даргын эхнэр Т.Хонгорзултай нэг анги байх нь тохиолдол гэхэд хэтийдэх биз. 

Ядаж байхад ЭМДЕГ-ын Хяналт зохицуулалт, чанарын үнэлгээний хэлтсийн дарга Г.Ариунсайхан хүртэл Т.Хонгорзулын анагаахын нэг анги. Гэхдээ бүр дотно найзууд гэж байгаа.

ЭМДЕГ-ын Санхүү, бүртгэлийн хэлтсийн дарга Л.Нарантуяа нь гэхэд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт тооцооны нягтлан хийдэг байсан бөгөөд мөнөөх Д.Нарантуяагийн хүн гэгдэх нэмэлт гуншинтай.  

Нэхэмжлэлийн хэлтсийн дарга А.Түвшин нь “Мөнхийн тун” ХХК-ийн дэд захирлаар ажиллаж байсан гээд энэ газар хэзээ ч, яагаад ч өөрчлөгдөж, шинэчлэгдэх боломжгүйгээр идээ бээрэндээ баригдаж, эгч дүүс, элгэн садангийн бөөгнөрөл болон цэлцэгнэж байна.

Тэгэхээр Эмнэлгийн дарга, ТУЗ-ийн гишүүн болох гэж амиа тавих шахам үхэлддэгийн цаад шалтгаан энэ аж.

Өвчин намдаах болон харшлын эмийн үнийг зохиомлоор хөөрөгдсөн 69 эмийн санд хариуцлага тооцохоор болсноо Нийслэлийн мэргэжлийн хяналтаас сүржин зарлаж байсан ч энэ мэт бүлэглэлүүдийн цэр, нусанд тээглээд сураггүй болсон.

Сошиал орчинд шуугиан болоод буй 200 мянган хуурамч оношлуур буюу 480000 ам.долларын хэрэг ч эдгээр бүлэглэл, фракцуудын үйлдэл гэдгийг нотлох баримтуудыг эх сурвалжаас өгч байна. Энэ талаарх баримт болон ЭМДЕГ дахь төрлийн хэлхээсийн үргэлжлэл мэдээллийг дараагийн дугаарт хүргэх болно.

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо

Орчуулах »