Дөрвөн удаагийн шууд нислэгээр эм, эмнэлгийн хэрэгслийг шуурхай татан авна

2021-11-02
1 min read

Эрүүл мэндийн сайд С.Энхболд эм, эмнэлгийн хэрэгслийг гадаадаас шуурхай татан авч, нөөц бүрдүүлэх асуудлаар Эм зүйн байгууллагуудын нэгдсэн Эм холбоо, Эм хангамжийн байгууллагуудын холбоо, зарим үндэсний эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрүүдийн удирдлагуудыг хүлээн авч уулзан, үүрэг чиглэл өгөв.

Уулзалтад Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайхан болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо. Гэрэл зургийн эх сурвалж: ЭМЯ

БНХАУ-ын Эрээн боомт хаагдсан, Тяньжин болон бусад зарим боомтод ачаа саатсаны улмаас эм, эмнэлгийн хэрэгсэл хомсдох эрсдэл үүсэв. Тус уулзалтаар ойрын хугацаанд хомсдолд орж болзошгүй эмийн нөөцийн таталтыг Бээжин хот болон Инчоны нисэх онгоцны буудлаас татан авч төвлөрүүлэх талаар хэлэлцлээ.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах зорилгоор Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу ЭМЯ-аас дөрвөн удаагийн шууд нислэгийг зохион байгуулж, эм, эмнэлгийн хэрэгслийн татан авалтыг шуурхай хийн ажиллахаар шийдвэрлэв.

Түүнчлэн эм ханган нийлүүлэх байгууллагуудад үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх чиглэлийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд үүрэг болгов гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Орчуулах »