15 настай охинд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

2021-11-02
1 min read

ЭХЭМҮТ болон Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн дэргэдэх Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийнхан хамтарч элэгний хатуурал нь эцсийн шатандаа орсон 15 настай охин элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийжээ. Хүүхдийн бие ямар байгааг ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн эмч А.Цэнджаваас тодрууллаа.

-Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хэзээ хийсэн бэ?
-Аравдугаар сарын 15-ны өдөр хийсэн. Хүүхдийн бие сайжирч байна.

-Охинд хэн нь донор болсон бол?
-Төрсөн ах дүүгийн хүүхэд буюу үеэл нь донор болсон. Донор болон элэг шилжүүлэн суулгуулсан хүүхдийн бие сайн, эмнэлэгт эмчилгээ үргэлжүүлж байна.

-Энэ хүүхэд танай хяналтад байсан уу?
-Тийм ээ. Сүүлийн хоёр жилд хяналтад байсан. Яаралтай мэс засалд орох шаардлагатай хүүхэд байсан. 

-Хагалгааны өртгийг Эрүүл мэндийн даатгалаас хариуцсан уу?
-Тийм ээ. Хүүхдээс төлбөр аваагүй.

-Та бүхэн Монголдоо хэд дэх хүүхдэд энэ мэс заслыг хийж байна вэ?
-Монгол Улсад хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг анх 2014 онд хийж байлаа. ЭХЭМҮТ, О.Сэргэлэн ахлагчтай Элэг шилжүүлэн суулгах үндэсний баг, БНСУ-ын “Асан” анагаах ухааны төвийн эмч нартай хамтарч 2014 онд эхний хоёр мэс заслыг хийсэн. Анх хагалгаанд орсон хүүхдүүд маань одоо 8, 14 настай болсон. Хичээл сургуульдаа яваад маш сайн байгаа. Түүнээс хойш 2017, 2018 онд гурван хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг монгол эмч нар бид нар бие даан хийсэн. Хүүхдүүд бүгд сайн байна.

-Элэг шилжүүлэн суулгах шаардлагатай хүүхэд Монголд хэр олон байна вэ?
-ЭХЭМҮТ-ийн хяналтад 84 хүүхэд бий. Үүнээс ойрын үед хагалгаанд орох шаардлагатай 10 хүүхэд байна. 

Орчуулах »