Шинэхэн Ерөнхий сайдын танхим бүрдэх үйл явц олон нийтийн анхаарлын төвд байгаа энэ цаг дор МАН-ын гишүүн О.Даваасамбуутай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Засаг төр бужигнаантай байна. 12 сайдын нэр тодорчихлоо. Өнөөдөртөө багтаад дахин гурван сайдын нэр тодорно. Таны хувьд МАН-ын гишүүний хувиар шинэ Ерөнхий сайдын томилгоог хэрхэн харж байна. Сайдуудын томилгоо нүдээ олоо болов уу?

Ерөнхий сайд өөрийн бүрэн эрхийнхээ дагуу Засгийн газрын гишүүд  бүрэлдэхүүнээ сонгох ёстой. Энэ удаа У.Хүрэлсүх сайдыг нийгмээрээ дэмжиж гаргасан. Ард түмэнд түүний Засгийн газар, танхимаа хэрхэн бүрдүүлэх нь хүлээлт үүсгэж  байна. Ажлаа авсан даруйдаа хэлсэн үгийг намын эгэл жирийн гишүүд дэмжигчид төдийгүй нийт иргэд өндөр сэтгэгдлээр хүлээж авсан шүү дээ. Сайдуудын бүрэлдэхүүнийг харахад  Ерөнхий сайд өөрийн бүрэн эрхийнхээ дагуу шийдэж чадсангүй гэсэн байдал анзаарагдаж байна. Шинэ Ерөнхий сайдын бүрэн эрхийг олгохгүй байна уу даа гэж харж байна. Түүнд хэний ч нөлөөнд автахгүйгээр багаа бүрдүүлэх эрхийг нь олго. Тэгж байж бид хариуцлагыг нь бүрэн үүрүүлэх хэрэгтэй.

Намынх нь нөхөд түүнийг хэрхэн дэмжиж гар нийлэхийг харах л үлдээд байх шиг?

У.Хүрэлсүх бол нийгмийн захиалгаар Ерөнхий сайд болсон хүн шүү. Монголын ард түмэнд ус агаар мэт хэрэгтэй байгаа шударга ёсыг бий болгох, МАНАН-гийн бүлэглэлтэй тэмцье, 60 тэрбумын асуудлыг шийдье, намаа бодъёо, эх орон ард түмнийхээ эв нэгдлийг хангая гэсэн суурь үзэл дээр гарч ирсэн Ерөнхий сайд. Тэгэхээр өнөөдрийн байдлаар би суудлаасаа огцорчихлоо ч гэдэг юм уу, намайг сайд болгож өгөөч ээ, биднийг сайд болгохгүй бол намын эв нэгдэл, хагарал бутрал ярьж шантаажлана шүү гэсэн увайгүй яриа, гомдлоо 65-ын бүлэг болих хэрэгтэй. Бид олонхи болж чадсан ялалтаа үнэ цэнэгүйдүүлж болохгүй ээ. Ерөнхий сайдыг сөрөөд байгаа хэсэг нөхөд амбийцаа дараад энэ удаад тэвчээчээ. Намынхаа эв нэгдлийг бодолгүй яах вэ, гэхдээ нэгдүгээрт, сонгогчид болоод улсын эрх ашиг байх ёстой. Хоёрдугаарт, намын эрх ашиг яригдах ёстой. Эцэст нь хувийн эрх ашиг гэдэг зүйлээ ярьцгаа. Намын эрх ашгийг дээдэлж байна гээд сонгогчдын итгэл үнэмшлийг умартаж болохгүй.

 ШУНАЛАА ТАТАХГҮЙ БОЛ МАН СӨРӨГ ХҮЧНИЙ ӨГӨӨШ БОЛНО

Нэг хэсэг нь суудлаа өгөхгүй гэж гоншигонож байхад нөгөө талд нь би сайд болохгүй гэж байгаа хэсэг байх. Үүний учир юунд байна вэ?

Энэ бүлэг хоёр хуваагдчихаад байгааг ард түмэн харж байгаа шүү дээ. Бие биендээ үнэрхэж тунирхалгүй хэнд нь ч санал тавьсан бай “Монгол Улсынхаа төлөө зүтгэе” гээд нэг баг болоод ажиллах л ёстой. Бас нэг зүйл онцлоход, нэгэнтээ зориглоод Засгийн газраа унагасан. Ийм том ажлыг эхлүүлсэн намынхаа залуусыг үнэлэхгүй ярихгүй байж болохгүй. Засгийн газрыг огцруулах том ажил эхлүүлчихээд “Би сайд болохгүй” гэж байгаа намынхаа залуу лидерүүдийг хараад нэг талдаа баярлаж сууна. Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ зэрэг залуусын татгалзсан саналыг олон талаас нь тунгааж байна. Манай намын ирээдүй албан тушаал, эрх мэдлийн шуналгүй өсч бэлтгэгдэж байгаад нь талархаж байна. Зарим нэг хүний сайд болохгүй гэж хэлсэнд нь харамсаад байна. Салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, Монгол Улсын төлөө ажиллаж чадна гэдэгт нь итгэж болох олон хүн манай намд бий. Жишээлбэл, Ц.Нямдорж, Ж.Энхбаяр, Ч.Улаан, Ч.Хүрэлбаатар, Я.Содбаатар, Д.Цогтбаатар, Ц.Даваасүрэн гэх мэтчилэн. Энэ хүмүүс яагаад байж болохгүй гэж. Ж.Энхбаяр Шадар сайдын ажлыг чөлөөтэй хийх хүн шүү дээ. Чадалтай, хүлээн зөвшөөрөгдсөн хүн олон байна. Хэт намынхаа эв нэдлийг бодсон юм болов уу гэж бодогдож байна. Нэлээд шахаа орчихлоо доо гэж харж байна. Түүнээс У.Хүрэлсүхийн өөрийн эрх мэдлийн хүрээнд хийх сонголт биш. Нийгэм үүнийг чинь харж байгаа шүү. Эрчээ битгий алдаач ээ. 65-ын бүлэг зүгээр л нэг фракцийн, хувь хүний асуудлыг дэвэргээд шийдээд байх цаг үе биш шүү. Том ажил эхлүүлчихээд Ерөнхий сайдынхаа багт орж ажиллах ёстой. Энэ ганц миний бодол биш болов уу. Нийгмийн захиалга.

Энэ удаад ч мөн хагарах магадлалтай Засаг учраас “урт насгүй” суудалд очих сонирхолгүй байна гэсэн олны хардлага хэр голтой юм бол. Анхнаасаа МАН Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэсэн зорилгоосоо хазайсан нь олны бухимдлыг төрүүлэв үү?   

Анх удаагаа МАН нийгмийн захиалга болсон хүнээр Засгаа удирдуулах гэж байна. Ерөнхий сайд олон нийтийн хүлээлт, дэмжлэг хоёрт итгэж засгаа бүрдүүлэх ёстой. Шинэчлэл шударга ёсыг авчрах холын зорилгын төлөө ойрын эрх ашгаа түр хойш нь тавиач гэж намынхандаа уриалмаар байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимаа хэрхэн бүрдүүлэхээс Засгийн газрын “наслалт” тодорхойлогдоно. Хамгийн харамсалтай нь Хүрэлсүхийн Засгийн газрын нас МАН ын ирээдүйг тодорхойлно.

Мөн ер нь манай намын боловсон хүчний бодлого яагаад урд урдны Засгийн газраас эхлээд алдагдав гэдгийн хариулт нь тодорхой. Салбартаа хүлээн зөвшөөрөгдөөгүй сайдуудыг томилсноос Засгийн газрын нэр хүнд унадаг. Тэгвэл энэ алдааг шинэ Ерөнхий сайд давтаж болохгүй. Мэдээж дараагийн асуудал нь элдэв янзын шахаа байгаа учраас Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ дагуу томилгоо хийж чадахгүй байгаа нь хэнд ч илт байна. Тиймээс намын бусад удирдлагууд ч мөн ухамсартай, ёс зүйтэй байж шахаагаа болиоч ээ. Тэгэхгүйгээр нэг хэсэг нь Ерөнхий сайдад туниад, нөгөө хэсэг нь шахагдаад өөх ч биш булчирхай ч биш байснаас болж сөрөг хүчиндээ ч мөн өгөөш болж байна. Намын ирээдүй ч мөн хэцүү байдалд орох нь. Энэ байдлаар удаан явбал төрийн хямрал руу ч халтирах магадлалтай. Ямар ч зорилго агуулсан шахааны хүмүүс танхим бүрдүүлж  байж болно. Тиймээс У.Хүрэлсүх сайд өөрийн эрх мэдлийн хүрээнд шийдвэрээ гаргаач. Өөрийн багаа хүчтэй байлгах, олон нийтэд таацуулах эрх мэдэл танд байна гэдгийг хэлмээр байна. Ерөнхий сайд өөрөө хэлсэн. “Би ард түмний итгэлийг алдахаас айж байна” гэж. У.Хүрэлсүх сайдын гол үндсэн зорилт нь Ерөнхий сайд болох биш байсан болов уу. Нийгэмд бугшсан идээ бээрийг шахая, шударга ёсыг тогтооё, жинхэнэ утгаар нь мэргэжлийн Засгийн газрыг байгуулъя гэсэн зорилготой гарч ирсэн болов уу. Засгийн газрынхаа тогтвортой байдлыг хангах, намын эв нэгдлийг бэхжүүлэх хэрэгтэй гэдгийг дэргэд нь яваа олон хүн хэлж байгаа л байх. Гэхдээ хэн ч харсан У.Хүрэлсүх л энэ хүмүүсийг сонгож чадна даа гэж ойлгогдох бүтэц бүрэлдэхүүнийг гаргаж ирэх юм бол Монголын ард түмэн үнэхээр дэмжиж чаддаг юм байна.

Энэ байдлаар нам эв нэгдлээ хангахгүй бол 2020 оны сонгуульд дүнгээ тавиулна. Таны хувьд МАН-ын хяналтын хорооны гишүүнээр дөрвөн ч удаа сонгогдон ажиллаж байсан хүний хувьд намынхаа алдаа дутагдлыг шүүмжлээч гэвэл юу хэлэх вэ?

Амлалтаасаа буцсан, албан тушаалын томилгоо нүдээ олоогүй, залуу гишүүдийн балаг гээд намын нэр хүндэд харшлах хэтэрхий олон хар үйл явдлууд хөвөрлөө. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэж үг байдаг. Намын удирдлагууд эхлээд өөрийн хэлсэн ярьсан үг үйлдэл бүхнээ цэгнээд дараа нь ажил хэрэг болгодог байвал алдаа арай бага гарах болов уу. Хамгийн цаад утгаараа намын боловсон хүчний бодлого алдагдсаны л шинж шүү дээ. Алхам алхмын зарчмаар явахгүй, хэн мөнгөтэй нь албан тушаал авчихдаг байдал гаарсан учраас хаа хаанаа хариуцлага алдагдсан. Төрийн алба хэт шахаанд орж цус ойртсон тохирооны хүмүүсээр дүүрчихээр итгэл үнэмшил байхгүй болдог. “Би энэ ажлаа сайн хийвэл таван жилийн дараа ахлах мэргэжилтэн болно. Дахиад хэдэн жил үр бүтээлтэй ажиллавал хэлтсийн дарга болно” ч гэдэг юм уу албан тушаалын дараалал алдагдсан. Ийм л учраас ажлаа мэдэж байгаа мэргэжилтнийхээ зиндаанд хүрэхгүй дарга олон болсон. Ингэхээр залуусын урам хугарна биз дээ. Чадалтай, ажлаа мэддэг дарга салбарыг нь хариуцаад явбал мэдээж залуус, ажилчид нь дэмжээд явна шүү дээ. Нэг хэсэг манай нам дотроо боловсон хүчний хэлтэстэй тэр нь боловсон хүчний судалгаа хийдэг байсан. Гэтэл өнөөдөр хэчнээн нөөцөд бүртгэлтэй байгаад ч мөнгөгүй бол ирээдүйгүй болчихоод байна. Хэн хэний төлөө ажиллаж хэний төлөө гүйв, хэнд хэдэн төгрөгийн хандив өгөв гэснээр ажилтай ажилгүй байх нь шийдэгддэг болсон байна.

М.МӨНХ

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!