Сургууль, цэцэрлэгүүдийн зардлыг ч хандив нэрээр цөлмөжээ

-Хандивт хяналт тавих байгууллага байхгүй тул эрх баригчид дураараа дургиж байна-

Хятадын Ухань хотод дэгдсэн коронавирусийн сургаар Монгол Улс 2020 оны нэгдүгээр сард хилээ хааж байв. БНХАУ-тай хил залгаа, ядуу буурай орон тул цар тахал ороод ирвэл хохирол багатай, богино хугацаанд даван туулаасай гэсэн гадаад, дотоодын хандив тусламж энэ үеэс эхлэн өнөөг хүртэл тасраагүй хэвээр. Зөвхөн шилэн дансны мэдээллээр гэхэд л Эрүүл мэндийн яаманд:

  • 2020.02 сард 14.075.420 төгрөг
  • 2020.03 сард 695.534.648 төгрөг
  • 2020.04 сард 55.380.000 төгрөг
  • 2020.05 сард 2.571.000 төгрөг
  • 2021.04 сард 97.006.00 төгрөг
  • 2021.06 сард 294.190.070
  • 2021.07 сард 569.820.000

Онцгой байдлын ерөнхий газрын дансанд:

  • 2020.02 сард 36.389.708
  • 2020.03 сард 2.261.262.111.26
  • 2020.04 сард 795.219.697.70
  • 2020.05 сард 65.337.858.00
  • 2020.06 сард 61.507.645.63
  • 2020.07 сард 228.303.230.00
  • 2020.08 сард 6.487.700
  • 2020.09 сард 45.393.000.00
  • 2020.10 сард 158.602.000.00
  • 2020.11 сард 348.340.346.37
  • 2020.12 сард 275.762.930.00
  • 2021.01 сард 2.370.000
  • 2021.02 сард 398.394
  • 2021.03 сард 7.335.000
  • 2021.04 сард 3.085.000
  • 2021.07 сард 900.000
  • 2021.08 сард 10.200.000
  • 2021.09 сард 20.000.000

Нийслэлийн онцгой комиссийн дансанд:

  • 2020.03 сард 8.491.000.00
  • 2020.04 сард 227.661.794.10
  • 2020.06 сард 19.058373.74
  • 2020.07 сард 2.130.000
  • 2021.01 сард 47.307.460
  • 2021.02 сард 10.000.000 төгрөг цугларчээ.

Бараа материалын тусламж тусдаа. Дээрх дүн бүр хожуу буюу бараг жилийн дараа нөхөн мэдүүлсэн тоо баримт гэдгийг энд тодотгоё.

УОК-ийн дансанд 2020 оны эхний дөрвөн сарын байдлаар 3.3 тэрбум төгрөг цугларсныг тухайн үеийн Шадар сайд Ө.Энхтүвшин чуулган дээр танилцуулж байсан.

Тэрбээр “Гадаад орны Засгийн газар болон олон улсын байгууллагуудын зээл, буцалтгүй тусламжаар нийт 179.7 тэрбум төгрөгийн дэмжлэг авч эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгсэл, оношлуурын санхүүжилтийг шийдлээ. Үүнд

  • Азийн хөгжлийн банкнаас 4.2 тэрбум
  • Дэлхийн банк 6.0 тэрбум
  • БНСУ-аас 4.5 тэрбум
  • Бусад олон улсын байгууллагаас 6.0 тэрбум төгрөг зэрэг техник туслалцаа үзүүлсэн.

Нэмэлтээр

  • Адийн хөгжлийн банкны зээл 81.9 тэрбум
  • Азийн хөгжлийн банкны тусламж 2.7 тэрбум
  • Дэлхийн банкны 74.4 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилтийг шийдвэрлэж байна гэж танилцуулгадаа дурьдаж байв.

Энэ нь зөвхөн мөнгөн дүнгийн үзүүлэлт.

Үүний цаана хэдэн тэрбумаар хэмжигдэх бараа материалын хандив дээрх байгууллагуудад цугларсан.

Тэрчлэн хамтлаг, дуучид онлайнаар тоглолт зохион байгуулж, иргэд аж ахуйн нэгжээс нийт 2 тэрбум 897 сая төгрөгийн мөнгөн хандив өгч байсныг саная. Тухайлбал,

  • “Буцааж нэхэхгүй хайр” тоглолтоос 284.252.289 төгрөг
  • “The HU” хамтлагийн “Гэрэг” тоглолтоос 53 сая төгрөг
  • Монголын улаан загалмай нийгэмлэг, “Монгол HD” телевизтэй хамтран “Монголчууд гэртээ” хандивын теле концертоос 333 сая төгрөг өгч байв.

Хандив, тусламжийг бүрэн гүйцэд шилэн дансанд мэдүүлсэн эсэх эргэлзээтэй. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү гэхэд иргэдийн өгсөн 1 тэрбум төгрөгийг 500 саяар багасгаж тайлагнасан гэх баримт ил болж байсан. Мөн УИХ-ын сонгуульд хэрэглэх гэж 1.7 тэрбум төгрөгөөр амны хаалт худалдан авсан гэх хөгийн тайлбарт асуудал бий. 

Олонд ил болсон нь тухайн үеийн хотын дарга С.Амарсайхан нийслэлийн удирдлагуудаа 21 сая төгрөгөөр урамшуулсан баримт. Шагнал урамшуулал үүгээр дуусахгүй. Цар тахалтай тэмцэх, онцгой нөхцөлд дадлага сургуулилтыг амжилттай зохион байгуулсан хэмээн 13.950.000.00 төгрөгийг зөвхөн шагналд зарцуулсан байдаг.

Цар тахалтай тэмцэх ажлын хэсгийн үйл ажиллагааны зардалд 58.3 сая, эрүүл мэндийн багц худалдан авахад 39.7 сая төгрөгийг зөвхөн албан хаагчдын хэрэгцээнд зарцуулсан.

Мөн ажлын хэсгийнхэнд хантааз авахад 1.8 сая, эмч нарын уулзалтад 2.6 сая, утасгүй микрофонд 3.8 сая төгрөг зарцуулсан талаар тайлагнажээ. Түүнчлэн БНСУ-ын эмч нарт набор, бэлгийн уут авахад 1.7 сая, эмч ажилчдад орон сууцны эрх олгох ёслолын ажиллагаанд 3.8 сая, батламжинд нь 800.000 төгрөг салхинд хийсгэсэн байх жишээтэй.

ОБЕГ телефон утаснаас гадна QR код уншигч гар утас худалдан авахад 14.9 сая, дугаарын үнэ 340.000 төгрөг зарцуулсан байна. Халдаг наалт 78 сая, дархлаа дэмжих амин дэм 30.4 сая, үйл ажиллагааны зардалд 400 сая гэхчлэн гарын салаагаар урсгасан мөнгөн дүнгийн үзүүлэлт тоймгүй.

Шуурхай штабын цайны зардалд сар бүр сая шахам төгрөг, Нийслэлийн онцгой комиссоос  сар бүр 15 сая төгрөгөөр дархлаа дэмжих дусал авсан талаар ч шилэн дансанд бий.

Хамгийн хачирхалтай нь, Нийслэлийн боловсролын газарт 2020 оны 5 сараас эхлэн сар бүр 38.2 сая төгрөг шилжсэн байна. Тодруулбал,

  • 2020.05 сард 20.8 сая
  • 2020.06 сард 38.2 сая
  • 2020.07 сард 38.2 сая
  • 2020.08 сард 38.2 сая
  • 2020.09 сард 38.2 сая
  • 2020.10 сард 38.2 сая
  • 2020.11 сард 38.2 сая
  • 2020.12 сард 38.2 сая
  • 2021.01 сард 38.2 сая төгрөгийг тогтмол шилжүүлжээ.

Өнгөрсөн жил сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа явагдаагүй. Сурагчид 2020 оны 11 сараас эхлэн гэрийн хорионд орсон. Тийн атал Нийслэлийн боловсролын газрын дансанд ижил дүнтэй мөнгөн гүйлгээ сар бүр хийгдэж байсан нь анхаарал татна.

Үүнтэй зэрэгцэн мөнгө угаалт явагдсан юм биш байгаа гэмээр мэдээллийг “Захиргааны шинэ санаачилга” ТББ-аас олон нийтэд мэдээлж байлаа.

Онцгой комиссийн дансанд цугларсан хандивын тодорхой хувийг боловсролын байгууллагууд эзэлдэг. Нийслэлийн Онцгой комиссын дансанд 2020 оны гуравдугаар сарын 5-наас дөрөвдүгээр сарын 1-ний хооронд хийсэн дүн шинжилгээгээр нийслэлийн төрийн өмчит болон хувийн цэцэрлэг, сургуулиуд буюу нийт 337 байгууллагаас 227.2 сая төгрөгийн хандив цугласан байдаг. Тодруулбал,

  • Төрийн өмчийн 16 сургууль
  • Хувийн 49 сургууль
  • Улсын 169 цэцэрлэг
  • Хувийн 98 цэцэрлэгийн хамт олон оролцжээ.

Дээрх байгууллагуудын хандив өгсөн дүнг хувиар авч үзвэл:

  • Хувийн цэцэрлэг 30 хувь  буюу 68 сая төгрөг
  • Улсын цэцэрлэг 29 хувь  буюу 113 сая төгрөг
  • Улсын сургууль14 хувь буюу 31.7 сая төгрөг,
  • Хувийн сургууль 5 хувь буюу 11.3 сая төгрөгийг тус тус хандиж.

Ингэхдээ сургууль, цэцэрлэгийн захирлууд албан шахалтаар хандив өгсөн байж болзошгүй асуудлыг дээрх ТББ хөндсөн. Тус ТББ-ын гүйцэтгэх захирал С.Цэрэнпүрэв “Гагцхүү яагаад сургууль цэцэрлэгүүд хандив өгөхөд идэвхийлэн оролцсон нь сонирхол татсан. Бид уг асуудлаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Санхүү үйлчилгээний албаны дарга, дэд хурандаа Д.Урантулгаас тодруулахад “Албан даалгавраар авсан болов уу” гэсэн. Бас хэд хэдэн сургууль, цэцэрлэгийн нярваас асуухад “Мэдэхгүй даргаас асуу” гээд, дарга нь “Сайн мэдэхгүй. Албан бичиг ирсэн бил үү” гэх байдлаар хариулсан нь сургууль, цэцэрлэгт төвлөрсөн байсан мөнгийг хандив нэрээр хурааж, мөнгө угаалт явагдсан уу гэх хардлагыг төрүүлж байгаа.

Мөн НЗДТГ-аас сар бүр захирамжийн зардалд 6 сая төгрөг зарцуулжээ.

Зөвхөн 2020 онд цар тахлаас урьдчилан сэргийлэхэд ажилд Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд нийт 22,441.7 сая төгрөгийг зарцуулсан талаар аудитын дүгнэлтэд бий. Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудад 2317 аж ахуйн нэгж, иргэнээс нийт 7.476.3 сая төгрөгийн мөнгөн, 7.413.4 сая төгрөгийн бараа материалын хандив цугларсан аж. Гэвч зарцуулалт нь хуудуутай. Шадар сайдын 2020 оны 37, 54, 65, 73 дугаар тушаалаар нийт 178.1 сая төгрөгийн зардлыг батлагдсан төсвийн багцаас санхүүжүүлэхээр заасныг зөрчин байгууллага, иргэдийн хандивын хөрөнгөөс зарцуулсан нь илчлэгдсэн. Мөн коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор тусгаарлах байруудаар үйлчилж байгаа аж ахуйн нэгжүүдтэй ор хоногийн төлбөрийн 201.4 сая төгрөгийн өглөгийг тооцоо нийлж баталгаажуулаагүй зөрчил илэрчээ.

ЭМЯ-нд мөнгөн хөрөнгөтэй холбоотой 5,498.1 сая төгрөгийн зөрчил илэрсэн байна. Тухайлбал,

  • Ажилчдын цалин, урамшуулал, нэмэгдлийг илүү, дутуу тооцож олгосон, ээлжийн амралттай, томилолтоор ажилласан хүнд цалин давхардуулан олгосон, сахилгын шийтгэлтэй ажилчдад үр дүнгийн урамшуулал олгосон нийт 2,433.8 сая төгрөгийн зөрчил илэрчээ.
  • Батлагдсан төсвийг хэтрүүлсэн, зориулалт бусаар, үр ашиггүй зарцуулсан, орлогын төлөвлөгөө биелүүлээгүй, зардлын эдийн засгийн ангилал хооронд гүйлгэн зарцуулсан нийт 2,303.0 сая төгрөгийн зөрчил
  • Мөнгөн хөрөнгө, кассын үлдэгдлийг тоолж баталгаажуулаагүй, анхан шатны баримтгүй, хүчин төгөлдөр бус баримтаар ажил гүйлгээг хүлээн зөвшөөрч бүртгэсэн нийт 732.7 сая төгрөгийн зөрчил
  • Бараа материалын худалдан авалтыг хуулийн дагуу зохион байгуулаагүй, анхан шатны баримтын бүрдэл дутуу, шууд зардлаар тайлагнасан 3,282.9 сая төгрөгийн зөрчил
  • Бараа материалын үлдэгдлийг тооцоо нийлж баталгаажуулаагүй, тодруулга тайлан, орлого, зарлагын журналаас зөрүүтэй 1,474.4 сая төгрөгийн зөрчил
  • Автомашины 100 километрт зарцуулах шатахууны норм, нормативыг хэтрүүлсэн, шатахууны тооцоо хийгээгүй, тайлан гаргаагүй зэрэг 234.1 сая төгрөгийн зөрчил
  • Бараа материалын ангиллыг буруу бүртгэсэн, нөөц үүсгэсэн, зориулалт бусаар зарцуулсан 229.0 сая төгрөгийн зөрчил

Мөн Улсын 3 дугаар төв эмнэлэг гэхэд Эрүүл мэндийн дэмжих сангаас Ковид 19-тэй холбоотой сургалтын 36.6 сая төгрөгийн санхүүжилт авсан боловч сургалт зохион байгуулаагүй, шууд зардлаар тайлагнасан байх жишээтэй.

2020 оны 12 сарын 25-ны өдөр “Голден Мед” ХХК-тай гэрээ байгуулан 48.0 сая төгрөгийн 5 ширхэг зүрхний холтерийг худалдан авахаар төлбөрийг бүрэн шилжүүлж авлагаар бүртгэсэн атлаа аудитын явцад тооллого хийхэд материал биетээр хүлээж аваагүй.

ХӨСҮТ зарим ажилчдад Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээгүй 77.0 сая төгрөгийн нэмэгдэл олгосон.

 Covid-19-ийн эмчилгээнд хэрэглэдэг “Арбидол”-ыг зах зээлд ЭМЯ-нд нийлүүлснээс 43-46 хувиар илүү үнэтэй борлуулж байгаа талаар Үндэсний аудитын газрын тайланд бий. Түүнчлэн 759 сая төгрөгийн 4 гүйлгээний мэдээллийг Шилэн дансны нэгдсэн цахим хуудаст мэдээлээгүй байсныг ил тод байршуулж, нэг удаагийн импортын лицензийн зөвшөөрөлтэй байгууллагуудыг тендер шалгаруулалтад оролцох тэгш боломжоор хангах зөвлөмжийг аудитаас анхааруулсан байдаг.

Коронавирусийн халдвараар өвчилсөн 1 иргэний эмчилгээний зардалд эхэндээ 12 сая төгрөг зарцуулж байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байв. Сүүлдээ энэ мөнгөн дүн 8 сая, 4 сая болж, өдгөө 160 мянган төгрөгийн багцаар хэмжигдэж байгаа. Тиймээс эмчилгээний зардал ч хамгийн их хардлага дагуулдаг.

Олон нийтээс цугласан хандив, тусламжийн мөнгөний зарцуулалтад Авлигатай тэмцэх газраас хяналт тавьж байгаа гэх тайлбарыг эрх баригчдаас өгдөг ч үнэн хэрэгтээ АТГ нь хандивын мөнгөний зарцуулалтад хяналт тавих чиг үүрэггүй байгууллага юм.

Уг нь хандивын зарцуулалтад хяналт тавих чиг үүрэг нь Үндэсний аудитын газарт бий боловч тус газар УИХ-аар батлуулсан төлөвлөгөөний дагуу л санхүүгийн хяналт шалгалт хийхээс хэтрэхгүй.

Тиймээс яг энэ цоорхойг ашигласан эрх баригчид тахалд хаяглагдсан хандивын мөнгийг ямар ч хяналтгүйгээр цөлмөж байна.

Тэгэхээр цар тахлын үеийн зардал, хандив, зээл тусламж, тэрдундаа ЭМЯ-нд холбогдох төсөл тендэрийн мөрөөр бид шаргуу ажиллаж үнэн мөнийг хайн, холбогдох баримтуудыг дэлгэн ажиллана.

Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн НАЖ МОГОЙ үндэсний холбоо

Орчуулах »