Арабаас мөнгө босгоно хэмээгээд төсвийн хэлэлцүүлгийг үл тоон тэргүүн хатагтай мэт тэвдэж явна, ТЭР

Эдийн засаг элгээрээ хэвтэж, эгээтэй амь тавихын наана байгаагаа үл тоон эрх баригчид хоёр яам, дөрвөн агентлаг шинээр байгуулахад 40 тэрбум төгрөг төсөвлөв. Нэн тэргүүнд байгуулагдах Цахим хөгжлийн сайдын багц 1.86 тэрбум төгрөг. Төсөв батлагдмагц байгуулна.

Өдгөө 30 хүнтэй Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газар яам болж өргөжсөнөөр 80 хүний орон тоотой ажиллах аж. Энэ хэрээр урсгал зардал тоймгүй өснө.

Өөрсдийгөө яая гэж байж дороо “Е-Mongolia академи” гэх улсын төсөвт үйлдвэрийн газар шинээр байгуулж байгаа. Зөвхөн урсгал зардал нь 7.8 тэрбум төгрөг. 5 нэгжтэй 150 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулах юм байх.  

Амь тавьж буй эдийн засгаа аврахын тулд Эдийн засгийн хөгжлийн яамыг эхэлж байгуулахын оронд эл яамыг он гараад байгуулна хэмээн хойш тавиад Цахим хөгжлийн бодлогын яамыг яаравчлуулан түлхүүрдэж буйг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалантай холбон тайлбарлах гишүүд олон байна.

Намын Их хурлаас урьтаж, генсэкт шинэ яамыг нь “бэлэг” болгон барихгүй бол болохгүй хэмээн Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ ааг амьсгаагүй гүйж яваа гэдгийг намынхан нь хэлж байгаа юм. Шинэ яамны сайдаар томилогдохоор зэхэж байгаа Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнийг генсэкийн гоёл, энгэрийн нь сарнай хэмээн намын гишүүд хошигнодог бөгөөд эдүгээ эл хошигнол нь нэр хоч болон байнга хэлэгддэг болж.

Цар тахлын хяналтыг алдаж, олон мянган иргэний эрүүл мэнд, амь насыг хохиролд оруулсан агентлагуудын нэг хэмээн хариуцлага яригдахын оронд Д.Амарбаясгалангийн дэмжлэгтэй, Л.Оюун-Эрдэнийн нутгийн бүсгүй гэх нэмэгдлээрээ энэ Засгийн газарт эрхэлж, хүссэнээ хийлгэж яваа нэгэн болохоор тийн нэрийддэг биз. (Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газраас Цахим үндэстэн олон нийтийн арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд энэ нь иргэдийн эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй тул хэрэг үүсгэн шалгаж эхэлснийг isee.mn сайт мэдээлсэн байгаа).

Тэрчлэн Салбарынхаа 100-н жилийн ойн медалийг арилжиж, ашиг хайсан байж болзошгүй үйлдэлд нь гав зүүж, цар тахлын үед олон нийтийг цуглуулж эрсдэлд оруулсных нь төлөө ял асуух ч багадах байтал яам, улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулан өгч сөхрөн мөргөж, сөгдөн мөлхөж байгаа нөхдийг иргэд байтугай Их хурлын гишүүд нь ч ойлгохгүй байгаа.

Ямартаа өчигдөр болсон Цахим бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр Н.Учрал болон Ч.Ундрам гишүүн Б.Болор-Эрдэнийг сураглаж “Улсын нэгдсэн төсөв хэлэлцэж байхад гадаад явсан сайд, дарга Б.Болор-Эрдэнээс өөр байна уу. Төлөөлж ирсэн хүмүүс нь ажлаа мэдэхгүй, асуултад хариулж чадахгүй. УИХ-д ингэж хүндэтгэлгүй хандаж болох уу. Хуультай орон шүү” хэмээн уурссан.

Үнэхээр ч ирэх оны нэгдсэн төсөв хэлэлцэх үеэр холбогдох дарга нарын хөл тушигддаг зарчимтай.

Гэвч Б.Болор-Эрдэнэд өнөөх зарчим үйлчилсэнгүй. Түүний эл үйлдэл салбарын мэдлэг мэдээлэл дутмаг, мэргэжлийн бус, туршлагагүй гэдгээ өөрөө баталсан хэрэг бөгөөд Байнгын хорооны хуралдаан дээр асуугдаж, ээрч муурахаас эмээн зугтсан хариуцлагагүй явдал хэмээн хуралдаанд оролцсогсод дүгнэж байгаа юм.

Өмнө нь гишүүн Т.Аюурсайхан “Хэнийг тавих вэ. Ажлаа хийж чадахгүй хүмүүс их байна. Бичиг цаасны ажил хийж чадахгүй, зохион байгуулалтгүй хүмүүс их. Бас нэг нөхөр ирээд ажлаа хийж чадахгүй бол яах вэ. Үүний төлөө яам байгуулах хэрэг бий юү. Эхлээд яамаа байгуулаад дараа нь ранкийг нь шийднэ гэх хариуцлагагүй түүхий төсөл оруулж ирлээ” хэмээн генсэкт хаяглах мэт хатуухан донгодсон.

Үнэхээр ч 11-11 төвийн үйл ажиллагааг эрхлэх төдийхөн, сургалт дамжаа хичээллүүлж, программ бичихээс хэтрэхгүй Цахим хөгжлийн яам 3-хан сая хүнтэй Монголд огтоос хэрэггүйг бүгд мэдэж байгаа хэдий ч эл яамыг давчдуулан зүтгүүлж буй гэх генсэкийнхээ өөдөөс зориглон дуугарах гишүүд байхгүй байгаа гэдгийг намын ахмадууд хэлж байна.

Улсын сан хөмрөг ямар хэмжээнд байгааг хамгийн сайн мэдэх Сангийн сайд Б.Жавхлан хүртэл “Ирэх онд Сайд, яам, агентлагийн дарга нар ганц туслахтай ажиллана. Бүгд хоёр туслахынхаа нэгийг явуулна даа” хэмээн унжийх атлаа гүйцэтгэх засаглалын тэргүүн, намын генсэк хоёрынхоо хүчлэн зүтгүүлж буй Цахим хөгжлийн яам, “Е-Mongolia академи” улсын төсөвт үйлдвэрийн газрыг илүүдсэн бүтэц хэмээн шүүмжилчихэж чадахгүй явна.

Шүүмжлэх байтугай өчигдрийн Байнгын хорооны хуралдаан дээр Б.Болор-Эрдэнэ нь энэ үеэр хаачив даа гэсхийн зөөлөн зөөлөн нугдайсхийн дуугарч байгаа нь хөөрхийлөлттэй.

Уг нь Сангийн сайдад хоёр туслах, Цахим Монголд ганц агентлаг л хангалттай юм.

Ийнхүү бөөн хэл ам, хэрүүл тэмцлээс үл эмээн байж шинэ яам, шинэ академи байгуулж өгөхөөр Ерөнхий сайд нь нүүр амаа ширлэн мачийж байхад (Н.Учрал, Ч.Ундрам нарын хэлсэн агуулга) мөнөөх Б.Болор-Эрдэнэ дарга нь Арабын ертөнцөөс мөнгө босгоно хэмээгээд энэ улсын тэргүүн хатагтай мэт өөрөө өөртөө “томилолт” бичээд яваад өгч…

Түүгээр зогсохгүй алсын Арабаас Ерөнхий сайдаа намбийтал шүүмжилж “Би зохион байгуулагч орны зардлаар ирсэн шүү. Хөрөнгө оруулах хүсэлтэй томоохон компанийн удирдлагууд улс төрийн тогтворгүй байдал нь хамгийн том эрсдэл гэж үзээд Монголд хөрөнгө оруулахгүй байгаа. Шийдвэр гаргагч нар ахуйн хэрүүлээсээ сал” хэмээн сошиал орчинд салам загнасан байгаа нь ТОМ.

Ямартаа ч, юу ч болдог бай хамаагүйгээр намын их хурлын өмнө “захиалсан” яамыг нь генсэкийнхээ ширээн дээр “бэлэг” болгон бэлдэхгүй бол айхгүй ч аягүй гэгч болох тул эрхэм гишүүд нааш харж инээн, цааш харан уйлалдсаар төсөвийг батлах нь тодорхой хэмээн гүйлдэж байна.

Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн НАЖ МОГОЙ үндэсний холбоо

Орчуулах »