Ш.Энхтөр: Эмч хүнийхээ хувьд дүгнэлт хийж, ёс зүйн хариуцлага хүлээн ажлаа өгнө

0
54

ЭХЭМҮТ-ийн гадаа жирэмсэн эх амаржсан талаар мэдээлэл сүүлийн хоёр өдөр олны анхаарлыг татаж буй. Энэ талаар өнөөдөр ЭМЯ болон ЭХЭМҮТ-өөс мэдээлэл хийлээ.

ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр хэлэхдээ, “Юуны өмнө эрүүл мэндийн салбарт таагүй үйл явдал болсонд эмч хүний хувьд харамсаж буйгаа илэрхийлье. Аливаа эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн тусламж үйлчилгээнд дотоод хяналтын механизм ажиллаж байдаг. ЭМЯ болон яамны Ёсзүй, хяналтын хорооныхон тухайн үед ажиллаж байсан эмч, мэргэжилтнүүдтэй уулзаад ирлээ. Бодит байдлыг эцэслэн тогтооход маргаантай мэдээлэл их цацагдаж байна. Тухайн эх бол өөрийнхөө тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хүсэхгүй байгаа. ЭМЯ-ны газрын дарга өөртэй нь дөнгөж сая уулзсан. Тэрээр 26 настай хоёр дахь жирэмслэлт, анхны төрөлт. 12 дугаар сарын 02-ний орой төрөх үйл ажиллагаа /эмнэлгийн албан ёсны нэршлээр/ нь эхлэн амаржих газруудаас ЭХЭМҮТ-д очвол өөрийг нь хүлээж авах магадлалтай гэж шийдээд такси хөлсөлж очсон байгаа юм. Манай эмнэлэг Хүүхэд болон Эх барих эмэгтэйчүүдийн гэсэн 2 яаралтай тусламжийн тасагтай. Тухайн эх таксины жолоочтой хамт Хүүхдийн хүлээн авах тасагт орж ирээд төрөхийн хүлээн авах тасаг хаана байдгийг асуусан юм билээ. Тухайн үед ажиллаж байсан резидент эмч, сувилагч нар төрөх тасгийн байрлалыг зааж өгсөн. Ингээд гараад явах замдаа төрөлт явагдсан гэж үзэж байгаа. Нэгэнт төрсөн учраас ойролцоо байсан Хүүхдийн яаралтай тусламжийн тасагт ороход нь манай эмч мэргэжилтнүүд тусламж үзүүлсэн. Одоогоор эх, хүүхдийн биеийн байдал тогтвортой байгаа. Нэгдүгээрт эх болон шинэ төрсөн иргэний эрүүл мэндтэй холбоотой учраас эх, хүү хоёр манай эмнэлгээс эрүүл саруул болоод гараасай гэж бодож байна. Эх, хүүхдийг эмчлэх, биеийн байдлыг нь баталгаатай болгоод гаргах асуудалд анхаарал хандуулж байна. ЭХЭМҮТ тусламж үйлчилгээнийхээ чанар хүртээмжийг сайжруулахаар чадлаараа ажиллаж байгаа. Гэхдээ бидний ажилд алдаа дутагдал гарлаа. Ард түмнээсээ албан ёсоор уучлал хүсч байна. Миний хувьд өөрийгөө зөвтгөх шалтгаан байхгүй. Нэгэнт хувь хүн, эмч хүнийхээ хувьд дүгнэлт хийж, ёс зүйн хариуцлага хүлээн ажлаа өгнө” гэв.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!