Террористуудын жагсаалтаас талибуудыг хасах Оросын төлөвлөгөөг сайшаажээ

2021-10-25
1 min read

Афганистаны эрх мэдлийг гартаа авсан “Талибан” хөдөлгөөнийг террорист байгууллагуудын жагсаалтаас хасах боломжийн талаарх ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний үгийг тус хөдөлгөөнийхөн сайшаан хүлээн авсан байна. Энэ тухай Афганистаны түр Засгийн газарт Гадаад хэргийн яамны хэвлэлийн нарийн бичгийн даргаар томилогдсон талибуудын төлөөлөгч Абдул Кахар Балхи мэдэгджээ.

“Афганистаны Исламын Эмирт Улсын Гадаад Хэргийн Яам (АИЭУ, талибуудын хэрэглэдэг улсын нэр) ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний АИЭУ-ын удирдагчдын нэрсийг хар жагсаалтаас хасах талаар хэлсэн үгийг сайшаан хүлээн авч байна. Дайн дуусахын хэрээр дэлхийн улс орнууд Афганистанд хандах хандлагадаа эерэг өөрчлөлт хийх ёстой. Бид харилцан адил байх зарчимд тулгуурлан олон улсын хамтын нийгэмлэгтэй сайн харилцаатай байхыг хичээж байна” гэж талибуудын төлөөлөгч өөрийн “Тwitter” хуудсанд бичсэн байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 10 дугаар сарын 21-нд олон улсын хэлэлцүүлгийн “Валдай” клубийн хуралд үг хэлэхдээ, талибуудыг террорист байгууллагуудын жагсаалтаас хасах боломжийг хүлээн зөвшөөрч, Москвагийн байр суурь “энэ чиглэлд шилжинэ” гэдгийг цохон тэмдэглэжээ.

Эх сурвалж: Монцамэ

Орчуулах »