Үнсүүлж үлддэг Хаян өшиглүүлж хөөгддөг ЦАГ буюу “Эрдэнэс Монгол”-ыг ГАЛЧ сонирхсон нь

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирал Д.Хаянхярвааг золигт гаргаж, Х.Баттулга эзэн суухаар шийдэв бололтой. Эс бөгөөс түүний тэргүүлсэн Засгийн газар амь тавихын өмнөх ширээн дээр байна.

2020 оны УИХ-ын сонгуулиар Д.Хаянхярваад тухайн үеийн намын даргаар ажиллаж байсан У.Хүрэлсүх мандат олгохоос татгалзсан. Ингэхдээ Дархан-Уул аймагт сонгуулийн сурталчилгаа хийх үеэрээ “Д.Хаянхярвааг сайд болгоно” гэж горьдлогын ганц мөсөн чихэр долоолгочихоод арилж байв. Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгуулиар эсрэг ажиллахаас нь айж оны өмнөхөн “Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирлаар томилж бүлэг фракцийнхны нь дайралтын хүчийг чүд сулруулсан билээ.

Хууль бус алт олборлогчдын уршгаас эхтэй Дархан-Уул аймгийн Хонгор сумын хордлогын асуудал Д.Хаянхярваагаас салдаггүй.

Хонгорын хордлого, нутгийн иргэдийн тэмцэл Д.Хаянхярваагийн улс төрийн урт замд саад бус эсрэгээрээ түмэнд танигдах түвэг багатай хар пиар болсон нь үнэн.

Завхан гаралтай Д.Хаянхярваа Дархан-Уул аймагт ирж суурьшсан нэгэн. Дархан хотын Угсармал барилга үйлдвэрлэлийн нэгдэлд эдийн засагчаар ажлын гараагаа эхэлж байсан түүнийг аймгийн Засаг ноён болтол нь нутгийн уулс түшсэн уг нь.

Гэвч тэрбээр аймгийн Захиргааг Завхан нутгийнхнаар дүүргэж, хөл гар, хүзүү сээрээ бөхөөхөн шиг бэхлээд авсан бөгөөд өдгөө Дархан-Уул аймаг түүний вант улс мэт болсон. Тэнд Хаянгүй юм ховор. Шил, толь болсон барилгуудад нь хүртэл түүний шошго зүүлгээстэй.

Цэцэрлэг, сургуулийн захирлууд хүртэл түүний гараас хэлхээтэй байдаг гэж байгаа. Тиймээс У.Хүрэлсүх Хаян вангийн нутгаар дайран өнгөрөхдөө иргэдэд нь “Ван, гүнг тань сайд болгомц” гэж аядуухан амлаад мурьсан хэрэг.

М.Энхболдын фракцид багтдаг “Дарханы ван” холын амбицтай. М.Энхболдыг намын даргаар ажиллах зурвас хугацаанд УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж амжсан. Намын даргад үе үе соохолзон нэрээ дэвшүүлдэг ч духан дээрээ үнсүүлээд хоосон хоцордог хонх дамар байв.

Гомдохынхоо эрхэнд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болсны дараахан хэдэнтээ жингэнэж, ЖДҮ-чидтэй тэмцэнэ гэж хашгичиж яваад худтайгаа нийлж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас авсан байсан дэмжлэгээ зарлуулж, сэгсчүүлэхээ дөхсөн.

Тэрбээр худ ургийн хэлхээт Р.Болорсайхантайгаа “Газар Өгөөж” компанийг нийлэн байгуулж, ХААХҮЯ-наас Хүнсний улаан буудайн урамшууллаар 2017 онд 58.8 сая, 2018 онд 166.5 сая төгрөгийг халаасалсан байсан нь илэрч амаа алгадуулсан нь саяхан.

Түүний компани Хятадын Хао Тяньтай хамтран 2008 оноос эхлэн рапс ургамлыг БНХАУ руу экспортолдог. Рапс газрын хөрсний хамаг шимийг сордог учраас Хятадууд өөрийн хөрсөнд тариалахыг хүсдэггүй.

Харин Д.Хаянхярваа нарын амин хувийн эрх ашгийг тэргүүнд тавьсан нөхөд эх орныхоо хөрсөнд уршиг ихт рапсыг их хэмжээгээр тарьж Хятад руу гаргадгийг намын дарга нар нь ил болгон шүүмжилж, урж идчих гээд явдаг байсан Д.Хаянхярвааг улс төрийн хувьд унтаа нэгэн болгосон билээ.

У.Хүрэлсүхийг чадваргүй, хэлсэндээ хүрдэггүй, худалч хэмээн зүхэж явсан тэрбээр чимээгүй болж, хөрөнгөтэй фракцын нөмөрт явсны шанд “Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирлын тамга бариад жил болоогүй байсан юм.

“Эрдэнэс Монгол” компани 2007 онд байгуулагдсан цагаас хойш 8 захирлын нүүр үзэв.

Нэг захирал дунджаар жил хагас л болдог. Хамгийн удсан нь П.Ганхүү. Тэрбээр 2.5 жил ажилласны эцэст хэрэгцээ нь дуусч, Д.Хаянхярваад суудлаа өгөөд арилсан.

Гэхдээ П.Ганхүү ч М.Энхболдын фракц, уяаны галын хамтрагч. Түүнийг Эрчим хүчний сайд болтол крандаж, хожим өөрөө унахдаа улс төрийн тохироогоор “Эрдэнэс Монгол”-ын захирлаар томилуулж байв.

Харамсалтай нь, П.Ганхүү компанийн үйл ажиллагааг удирдах болсноор дордсон уу гэхээс дээрдээгүй.

Дэлхийн хэмжээний менежменттэй уул уурхайн том холдинг болох мөрөөдлөөр байгуулж, Монголын нэрийг олон улсын уул уурхайн зах зээл дээр өргөх байсан компани Тавантолгойн төрийн эрхээ яаманд алдаж, Эрдэнэт үйлдвэр нь луйврын маргаантай, Багануур ХК нь хэний өмч болох нь тодорхойгүй шүүхийн маргаанд манарсан, Шивээ Овоо нь өрөнд баригдаж өтөнд идэгдэн, Оюутолгой нь үүц баялгаа гадагш урсгаж ард түмэнд хэзээ ч ашгаа өгөхөөсөө өнгөрсөн байдалтай болсон нь П.Ганхүүгийн гавьяа.

Гашуун Сухайтын зам засварт жил бүр 12-17 тэрбумыг төсөвлөдөг, түүнээс нь “Эрдэнэс Монгол” тендэр шалгаруулалт нэрээр мөнгө хүүлдэг компани болж хувирсан нь үнэн. Энэ шалтгаанаар П.Ганхүүг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Д.Хаянхярвааг томилсон ч нэмэгдэхүүний байрыг солиод нийлбэр өөрчлөгдөхгүй дүрмийн тоглолт явагдсаар байгаа.

Дээр хэлсэнчлэн “Эрдэнэс Монгол” компани М.Энхболдын галынх учраас тэр.

Д.Хаянхярвааг энэ оны аравдугаар сарын 1-н хүртэл тохироотой томилсон гэдэг. Намрын чуулгантай зэрэгцэн шинэ Засгийн газар байгуулах, эс бөгөөс шинэ яамд нэмж байгуулах улс төрийн тохироо МАН-д байсан. Тэр утгаараа М.Энхболдын уяаныханд Засгийн газарт сайдын суудал гаргаж өгөх тохироотойгоор томилж байжээ.

Харин одоо Л.Оюун-Эрдэнэ фракц хоорондын тохироог мурьж, Д.Хаянхярвааг золигт гаргахаар нүүж эхлэв.

Гэхдээ овоо босгоогүй бол шаазгай юунд суухав гэгчээр Хаян ван өөрөө унтаж байсан муурын сахлаар тоглосон гэх мэдээллийг эх сурвалжаас өгч байна. Учир нь нас барсан дэд даргын суудалд Н.Энхбаярын чиргүүлүүдийн нэг гэгддэг Э.Эрдэнэжамъяныг томилуулах саналыг Л.Оюун-Эрдэнийн зүгээс гаргасан ч Д.Хаянхярваа татгалзаж ширэв татаж. Энэ нь Ерөнхий сайд бөгөөд МАН-ын даргын зөвлөх Х.Баттулгад таалагдаагүй байна.

Удаа ч үгүй Хаян ван дээр Авлигатай тэмцэх газраас гэнэтхэн гүйцэтгэх ажиллагаа явуулж, “Эрдэнэс Монгол”-ын албан өрөөнөөс бус хувийн оффисоос нь 20.000 ам.доллар, 6 сая төгрөг гарган олон нийтэд задалсан нь тохиолдлын гэхэд хэтэрхий үнэмшилгүй.

Д.Хаянхярвааг хэд хэдэн тендэрийн сонгон шалгаруулалтад холбон буруутгаж, нэгжлэг хийсэн хэмээн прокурорын байгууллагаас мэдэгдэж байгаа. Гэтэл нэг компанид давуу эрх олгосон хэмээн буруутгаад байгаа өнөөх тендэрүүд П.Ганхүүгийн үед зарлагдаж, сонгон шалгаруулалт хэдийнэ өнгөрсөн байдаг ч Д.Хаянхярваад наан тохож байгаа нь түүний хэрэгцээ нэгэнт дуусгавар болсон гэдгийн илэрхийлэл хэмээн харагдаж байна.

У.Хүрэлсүх, М.Энхболд хоёрын харилцаа өнөөг хүртэл таатай явж ирсэн. Тиймдээ ч М.Энхболдын хөрөнгөний эх уурхай болсон “Эрдэнэс Монгол”-ыг хөндөж байгаагүй. Харин эрх баригчдын фракц хоорондын эв нэгдлийн дүрэм болсон тоглолтыг ийнхүү огцом тастаж, Л.Оюун-Эрдэнийн гараар Х.Баттулга могой бариулан эзэн суухаар шулуудсан нь энэ хэмээн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өчигдөр нам дээр болсон хурлын үеэр ойрын нөхөддөө бухимдангүй ам алдсан гэнэ.

Тэрбээр Х.Баттулга, Н.Энхбаяр тэргүүтнээр цагаан хэрэм босгосон Л.Оюун-Эрдэнийг Тусгаар тогтнолын ордноос хөөгөөд гаргах зоригтон МАН-д алга болсон, тиймээс Д.Хаянхярваад амалсан сайдын суудал дашийн шог гэдгийг ч нуугаагүй байна.

Орчуулах »