Л.Оюун-Эрдэнийн 2 кноп буюу ордны шинэ сувинерүүд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ хүүхэлдэйнүүдээр багаа тэлж нам доторх байр сууриа бататгалаа. Өмнөх нөхөн сонгуулиудаар ихэвчлэн сөрөг хүчний нэр дэвшигч ялалт байгуулж байв. Харамсалтай нь энэ удаад АН юун ялалт байгуулах, өөр зуураа хэмлэлдэн өдөр ирэх бүрт улс төрийн тавцнаас арчигдаж байна. Сүүлийн хүн нь намын гэрлээ унтраагаад гарахыг нь харах үлдлээ.

Энэ зуурт нүглийн нүдийг гурилаар хуураад эрх баригчид парламент дахь суудлаа эрх танхи жаалуудад тоглуулах гэж өгөв.

Н.Энхбаярын хүү Э.Батшугарыг УИХ-ын гишүүн болгохын тулд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, хотын дарга Д.Сумъяабазар нарын баг бүрэлдэхүүнээрээ ажиллалаа. Санал хураалтад намын батлахтай троллуудаас өөр хүн байсангүй. Жинхэнэ сонгогчид буюу ард түмэн саналаа өгөхөөр ирсэн ч үгүй. Ихэнх нь дижитал шоуны нэг, хоёрдугаар хавьтагчид болоод эмнэлэг болоод гэр зууртаа тусгаарлагдсан байсан биз ээ.

Тэгэхээр зүтгүүллээ зүтгүүллээ гээд намын гишүүдийн тоо яахан нийт сонгогчдын ирцийн 50 хувьд хүрэх билээ. Дахин санал хураалт явуулаад ч 00.

Гэсэн ч хэл ам, хэрүүл тэмцэл хийх сөрөг хүчин гэж байх биш… Э.Батшугар, Ц.Идэрбат хоёрын хэн хэн нь ард түмний сонголтоор бус намын анхан шатны үүрээс сонгогдсон УИХ гишүүд боллоо.

Сонгогдсон тоон үзүүлэлтээр нь УИХ-ын гишүүд гэхээсээ намын үүрийн дарга төдий гэж болох ч дархан эрх, ямбатай гишүүд болж 3 жил Төрийн ордонд тонгочих боломжийг арчаагүй сөрөг хүчнээс зүгээс ийнхүү бүрдүүлж өгөв.

МАХН-ын дарга Н.Энхбаярын туйлын хүсэл биеллээ. Хүүгээ хууль тогтоох дээд байгууллагад шургуулсныхаа хариуд энэ Засгийн газрын муу муухайг нүдээ таглаж, чихээ бөглөн өнгөрүүлнэ.

Сонгууль бүрээр сортолзон, тэр тоолондоо үргэлж өвдөг шороодож явсан Э.Батшугарыг Сонгинохайрхан дүүргийн иргэд дэмжиж байсан удаагүй. Сурталчилгаанд нь явсан ухуулагчид ч саналаа өгөхөөс татгалзаж байсан гэх яриа бий. Гэсэн ч тэр эцэгтээ хөтлүүлж явсаар эрх баригч намынхны хэвтүүл боллоо.

Түүнд Сонгинохайрхан дүүргийнхний төлөө бус эгнээндээ элсүүлсэн эрх баригчдын төлөө, парламентын босго алхуулж өгсөн хүмүүстээ ачийг нь хариулж, кноп бүрээ тэдний төлөө дарахаас эхсүүлээд нөр их ажил бий.

Орчуулах »