Л.Цандэлэг: Манай намын фракц Алга болох нь бүү хэл бүлэглэл болж өргөжсөн

0
249

Халхголын газраас гадныханд “өгөх” гэж байгаа тухай бусдаас өмнө мэдэж, хэлснээрээ шалгуулаад явж байна

Энэ жил тариалан эрхлэгчдийн хувьд тийм ч таатай байсангүй. Хавар нь шуурч, зун нь ган болсон бол одоо намрын сэрүүн өдрүүд үргэлжилж байна. Зарим аймагт цас орж, зам даваа хаагдсан мэдээд бий. Цаг агаарын таагүй нөхцөл байдал та нарт таагүй мэдээ. Танай компанийн хувьд ургац ямар байна вэ. Эрсдэл хүлээхээр байна уу?

Миний хувьд Монголын хамгийн сайхан, тааламжтай цаг агаартай газарт тариа тариалдаг. Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд. Монгол Улс будаагүй боллоо гэхэд хамгийн хойд талын хилийн сум болох Хүдэр, Зэлтэр хоёрт ургац алдаж байгаагүй түүхтэй. Манай компанийн хувьд бусдыгаа бодвол арай гайгүй. Төлөвлөсөн ургацынхаа 50 орчим хувийг алдахаар байна. Гол нь би Монгол Улсын газар тариалангийн гол бүс нутаг болох Сэлэнгэ тэр чигтээ мөн Булган, Төв аймаг ургацаа алдаж байна. Бид энэ жил нийтдээ 600 мянган тонн улаанбуудай авна гэж тооцсон бол одоо түүнийхээ 80 хувийг алдчихаад байгаа юм. Салбар яамныхан 200 мянган тонн будаа авах байх тухай хэлж байна. Будаа гэдгийг одоо ярьдаг юм биш. Бүх ургацаа хураасны дараа тодорхой болдог. Будааг хураагаад савандаа хийсний дараа “Бид тэдэн тонныг авлаа” гэж ярьдаг. Сая уулархаг нутгаар цас орлоо. Завхан, Архангай аймагт байдал хүндэрсэн. Энэ цас удахгүй газар тариалангийн бүс нутагт орно. Түүнийг дагаад хүндрэлтэй асуудлууд гарна.

Та төлөвлөсөн ургацынхаа 80 хувийг алдах байх гэсэн. Харин салбар яам 40-50 хувийг гэж байна. Гэтэл та бас хэдий хэмжээний будаа хураахыг одоо ярих болоогүй гэх юм. Үнэндээ ард түмэн та нарын мэдээлэл дунд төөрчихөөд байна?

Өнөөдөр ажил хийж байгаа мэргэж­лийн яам аймаг, сум болгонд Хөдөө аж ахуйн мэргэжилтэн гэж бий. Тэднийг улс цалинжуулдаг. Хүнс, хөдөө аж ахуйн яам удирддаг. Товчхондоо босоо удирдлагатай. Гэтэл энэ хүмүүс, салбарын яам нь гол юм руугаа явахгүй байна. Төрийн албан хаагч­дын энэ тогтворгүй байдал ард түм­ний ажилд чөдөр болчихоод байна.

Салбарын яам харин ч ажиллаад байгаа юм биш үү. Наадмын дараахан Ерөнхий сайд ажлын хэсэг байгуулж Д.Эрдэнэбат сайдаар ахлуусан баг тариаланчидтай очиж уулзлаа?

Д.Эрдэнэбат манай салбарын сайд биш. Хүнс, хөдөө аж ахуйн яам гэж тусдаа бий.

Засгийн газраас байгуулсан ажлын хэсэг шүү дээ. Бодвол ажлын хэсэгт нь салбар яамны хүмүүс орсон байлгүй дээ?

Үгүй. Тэр хүн чинь сонгуульд орох гээд л тэрүүгээр эргэлдээд байгаа юм. Шоудаж яваа хүн. Тэр хүн өөрийнхөө ажлыг хийг. Тэр үйлдвэрүүдээ, жижиг дунд бизнес эрхлэгчиддээ санаа тавь. Харин Хүнс хөдөө аж ахуйн яам гэж тусдаа. Газар тариалан, мал аж ахуй, хүнс хоол хариуцсан бие даасан субьект. Гэтэл энэ асуудлыг хариуцсан сайд явахгүй, газар дээр нь очихгүй байна. Бид үүнийг яриад байгаа юм.

Р.Бурмаа гишүүн сайд болсноосоо хойш нэг ч удаа газар тариалангийн бүст очоогүй гэж үү?

Мэдэхгүй. Надтай лав таараагүй.

Уг нь гзар тариалангийн бүст ажил­лалаа гээд байсан биш үү?

Ганц нэг газар, зохион байгуулалт­тайгаар очсон байх. Яамныхаа хүмүүсийг өмнө явуулж, бэлдүүлж байгаад өөрийг нь муу хэлэхгүй гэсэн газарт очсон байлгүй. Яамыг дандаа магтан дуулдаг хэдхэн хүн байна. Тэд нараар хүрээлүүлчихсэн. Уг нь дээр үед салбарын сайд нар ирэхдээ бидэнтэй уулзаж, хээр хонохдоо хонож, яах ийх тухай зовлон жаргалаа яриад явдаг байлаа. Энэ бол том салбар. Монгол Улсын 300 мянган иргэнийг ажлын байраар хангадаг арми. Гэтэл энэ армийн 60 гаруй хувь нь манай холбоонд харьяалагдаж байхад бидэнтэй уулзаагүй.

Та нар яагаад ойлголцож болдоггүй юм бэ. Ер нь яагаад нөхцөл байдал ийм хурцадмал болчихов?

Яагаад ойлголцохгүй байна вэ гэхээр өнгөрсөн жил бид 470 мянган тонн улаанбуудай хурааж авсан. Энэ бол Монгол Улсын түүхэнд байгаагүй их ургац. Тэгэхэд биднийг магтаж сайшаахын оронд урмыг маань хугалж ОХУ-аас импортоор улаанбуудай оруулж ирнэ гэсэн. Рублийн ханшийн зөрүүн дээр тоглож мөнгө олох гэсэн гурван хүнтэй нийлчихсэн шүү дээ.

Тэр гурав нь хэн юм?

Тендерийн материалыг нь харвал тодорхой байгаа. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрынхан шалгаад тендер будилуулсан гэдгийг нь тогтоочихсон. “Улаанбаатар гурил”, “Милл хаус”. Дээр нь Баатарсайханы дүүгийн нэр байдаг “Од” групп. Энэ компани Дарханыг “Ургац” нэртэй гурилаар хангадаг. Гэтэл энэ гурван компани нийт тендерийн 70 хувийг авчихсан. Ийм барин тавин мэдээлэл байдаг. Уг нь Р.Бурмааг сайд болсон даруйд нь хэлсэн. “Та импортоор буудай авч болохгүй шүү. Бид дотоодын нөөцөө бүрэн хангаж чадна. Монголчууд өөрөө өөрсдийнхөө хоолыг бэлдэх ёстой” гэсэн. Гэтэл мэдсээр байж зөрсөн.

Та нарын тариалсан будаа чанар муутай байсан юм биш үү. Хоол хийхээр урсдаг, цавуулаг муутай гээд л…?

“Милл хаус”-ынхан бас тэр Баатар­сайхан төлбөртэй нэвтрүүлэг хийгээд телевизүүдээр тэгж цацсан. “Монголын тариаланчид муу тариа тарьдаг. Гахай нохойны хоол хийдэг. Оросынх сайн” гэчихсэн. Үнэхээр тийм юм болов уу гээд бид оруулж ирсэн будааг нь шинжилгээнд өгсөн. МХЕГ-ын лабораторид шинжлүүлсэн. Гэтэл бидний тарьснаас цавуулаг муутай, муу будаа оруулж ирсэн байсан. Тэгэхээр ямар байна вэ.

Та нар шинжилгээний дүнг зэрэгцүүлээд гаргахгүй яасан юм?

Баримтыг дэлгэсэн шүү дээ. МХЕГ-т очвол таван газрын хийсэн шалгалтын дүн нь бий. Ерөнхий сайдад энэ тухай хэлсэн. Дээр нь оросууд сайн зүйлээ хэзээ ч монголчуудад өгдөггүй. Хойноос орж ирж байгаа буудайн дээр бас нэг аюултай зүйл бий. Тэр нь цацрагт бодисын агууламж. Манай улс хилээр орж ирж байгаа будаанд энэ шинжилгээг хийдэггүй. Гэтэл хойд хөршөөс манайд орж ирж байгаа будааг Чернобелийн атомын цахилгаан станц дэлбэрсэн сав газарт тарьсан гэдэг. Энэ нь хар тугалгын агууламж өндөртэй гэсэн үг. Ийм будааг Африк, Монгол хоёр л иддэг. Үүнийг Хүнс хөдөө аж ахуйн яам анхаарах хэрэгтэй. Бод л доо. Сүүлийн үед хорт хавдар яагаад ихсээд байна вэ. Хөдөө мах, гурилаас өөр зүйл иддэггүй хүмүүс яагаад хорт хавдар тусах болов. Яагаад гэвэл гурилан дотор цөмийн цацрагт идэвхит бодис байгаа юм. Монгол Улсын тусгаар тогтнол, монгол хүний аюулгүй байдал гээд яриад байна. Өнөөдөр гадныхан хэзээ ч буу барьж орж ирэхгүй. Харин биднийг хоол хүнсээр дамжуулж хордуулна. Үүнийг ойлгох ёстой. Бид дээр болсон хэрүүлээс үүнийг л ойлгосон. Иймээс дэлхийн 170 гаруй оронд хүлээн зөвшөөрөгдсөн номер нэгт тооцогддог лабораторийн тоног төхөөрөмжийг “Гачуурт”-ын Л.Чинбат банкнаас зээл авч оруулж ирээд босгосон. Тэнд өмнөх жилийн муу гээд байсан будааг шалгахад ОХУ-аас оруулж ирснээс илүү чанартай байсан. Өнөөдөр монгол хүн эх орныхоо хөрсөнд ургасан зүйлийг идэх ёстой. Энэ олон хүний хөдөлмөр, хичээл зүтгэл, өвөг дээдсийн бидэнд үлдээсэн бүхнийг муу муухайгаар харлуулж болохгүй. Тэр буудайных нь наймаа 15 сая ам.долларын ашигтай юм гэсэн. Үүнийг л бид ярьсан. Гэтэл хүн гүтгэсэн гээд цагдаад өгчихдөг. Өнөөдөр намрын ид ажлын үе. Хадлан хадах хугацаа хаяанд ирчихлээ. Техникээ засч сэлбэх, уриншаа бэлтгэх гээд олон ажил хүлээж байна. Тариаланчдын ажлын бараг 60-аад хувь нь валюттай холбоотой. Тэгэхэд салбарын яам өнөөдрийг хүртэл ямар ч шийдвэртэй арга хэмжээ авсангүй. Биднийг хэрүүлч авгай нар шиг ойлгуулаад дайраад байдаг. Төр байтугай хувь хүмүүс, хөршүүд хүртэл бие биенийгээ ингэж дайрч доромжилж давшилдаггүй биз дээ.

Таныг цагдаад өгсөн гэж байсан. Яг хаана шалгаж байна. Хэдэн удаа мэдүүлэг өгөв?

Цагдаа шалгаад мэдүүлэг өгөөд явж байна. Гэхдээ мөрдөн байцаалтын шатанд байгаа хэргийн талаар мэдээлж болохгүй гэж гарын үсэг зуруулдаг юм билээ. Тэгэхээр олон зүйл ярих боломжгүй. Наадмаар хүмүүсийг баярлаад явж байхад “Дорнодод 500 га газрыг гадныханд өгөх гэж байна” гэж хэлсэн. Үүнийг намайг гүтгэсэн гэж үзсэн. Гэтэл одоо хар. Халхголд “Чөлөөт бүс” байгуулна, гадныханд өгнө гэж байна. Энэ тухай бусдаас өмнө мэдэж, хэлснээрээ өнөөдөр шалгуулж байна.

Би нэг үг хэлээд гурилын үнэ нэмээд, бас нэг хэлээд хасвал

яам байгаад яах юм

Нөгөө талаар та бүхэн төрд хамаг буруугаа тохоод байгаа нь ажиглагддаг. “Ургац алдлаа, төр буруутай. Тийм юм болохгүй байна, яамнаас боллоо” гэх мэтээр. Гэтэл нөгөөтэйгүүр энэ бол та нарын бизнес. Хүнээс бус байгалийн давагдашгүй хүчин зүйлээс болж учирсан эрсдэлээ та нар өөрсдөө хариуцах ёстой. Тийм биш гэж үү?

Энд нэг зүйл байгаа юм. Хэрэв Монгол Улсын Засгийн газар нефть, гурилын үнийг барьдаггүйсэн бол өнөөдөр энэ салбар аль хэдийнэ хөгжсөн. Үе үеийн Засгийн газар, үеийн үеийн улстөрчдийн ард түмнээс оноо авдаг салбар нь манайх болчихсон. Ялангуяа сонгуулийн өмнө гурилын үнэ өсгөхгүй гэдэг. Үүний тулд урамшуулал нэрээр 100 мянган төгрөг өгдөг. Компани юм чинь ядаж л 20-30 хувийн ашигтай байхыг бодно. Дээрээс нь банкнаас өндөр хүүтэй зээл аваад тариагаа тарихын тулд үрээ авах, уриншаа бэлдэх, тарих, ажилчдаа цалинжуулах гээд их зардал гардаг. Ингэсээр байгаад бараг бүтэн хоёр жилийн дараа эцсийн бүтээгдэхүүнээ гар дээрээ авдаг. Харин төрөөс та нар бүтээгдэхүүнийхээ үнийг битгий нэм. Урамшуулал өгье гээд 100 мянган төгрөг өгдөг. Бид ч ард түмнээ бодоод үүнийг зөвшөөрсөөр ирсэн. Гэтэл өнгөрсөн жил УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр тэр мөнгийг өгөхгүй гэсэн. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үнийг нь чөлөөлчихсөн. Тэр нь бидэнд мэдээж сайн. Бүх зардлаа тооцоод үнээ хэлэх боломж олдсон болохоор. Гэтэл одоо сонгууль ойртоод ирэхээр буцаад биднийг ноолоод эхэлсэн. Бид нар хэлсэн. Тэр 100 мянгыг чинь авахгүй. Өөрсдийнхөө үнээр зарна. Үнэхээр чи ард түмэнд хайртай, сонгуульд оролцож оноо авах гэж байгаа бол тэр мөнгөө ард түмний, бидний төлсөн татварын мөнгөнөөс бус өөрсдийнхөө халааснаас гарга гэсэн. Чадахгүй шүү дээ тэд. Эрх баригчид ийм байдлаар нэгнээс нь авсан мөнгийг нөгөөгийнх нь халаас руу хийдэг. Дээрээс нь Р.Бурмаа сайдын хийсэн хамгийн аюултай зүйл нь тариалан эрхлэгчид, ард түмэн хоёрыг хооронд нь маш муухайгаар хагаралдуулж орхисон. Эд нар сүүлийн арван жил урамшуулал нэрээр 460 тэрбумыг авсан гэж ярьдаг. Гэтэл тэрийг бид аваагүй. Тэр мөнгө ард түмэн талхаа 700 төгрөгөөр авч идэх байлаа гэхэд 600-гаар авах боломжийг бий болгож байсан. Тодруулбал ард түмний халаасанд орсон. Сонгуульд нөлөөлдөг зүйл чинь л энэ. Тэгэхээр бид хэлж байгаа. Одоо наад урамшуулал хэрэггүй. Бид өөрсдөө өртөг зардлаа тооцоод үнээ гаргана гэсэн. Яахыг нь харж л байя.

Тэгэхээр та нарын дунд ард түмэн хохирох юм байна, тийм үү?

Ард түмэн хохирохгүй ээ. Энэ асууд­лыг Засгийн газартай, Р.Бурмаа сайдтай ярь. Өнөөдөр тэд гурилыг гурилын үйлдвэр л хийдэг гээд ойлгочихсон. Үгүй байхгүй юу даа. Тариаланчид түүхий эдийг нь бэлддэг юм. Хамтын бүтээл.

Та наадмын үеэр энэ жил ургац алдана гээд хэлсэн. Үүнээс болж гурилын үнэ 100-150 төгрөгөөр нэмэгдсэн. Таны хариуцлагагүй мэдэгдлээс боллоо гэж ард түмэн харж байна?

Би нэг үг хэлээд гурилын үнэ нэмээд бас хасдаг юм бол яам байгаад яах юм. Яамаа татан буулга. Би асуудлыг мэдье, тэгэх үү. Монгол Улс ийм төртэй байгаад ч яах юм. Би чамд хэлье. Өнөөдөр олон гурилын үйлдвэр ажиллаж байгаа. Хүн ашигтай бизнестээ хөрөнгө оруулдаг. Гэтэл Р.Бурмаа сайд тэр дундаас нь онцлоод гурван үйлдвэрт жилийн 3.8 хувийн хүүтэй зээл өгсөн. Үнэ тогтворжуулах хөтөлбөр буюу “Чингис” бондоос 58 тэрбум төгрөг аваад тариаланчдад нэг ч төгрөг өгөөгүй атлаа дээр хэлсэн гуран үйлдвэрт дээрх мөнгөний 70 хувийг өгчихсөн. Ийм хүнийг шударга гэх үү. Хоёрдугаарт өнөөдөр яамны дэргэд байдаг “Тариалан эрхлэлтийг дэмжих сан” 80 тэрбум төгрөгтэй байсан. Гэтэл 40 тэрбумыг нь 1200 тариаланчдад хувааж өгсөн. Тэгсэн атлаа үлдсэн 40 тэрбумыг нь дахиад л гурав дөрөвхөн гурилын үйлдвэрт хуваагаад өгчих жишээтэй. Ингээд байхад бид тэр хүнтэй яаж сайдах юм. Тэр хүн сайд болсон хэдхэн сарын хугацаанд цөөхөн хүний эрх ашгийн төлөө ажиллаа шүү дээ.

Та ирэх сарын цаг агаарын мэдээ харсан уу. Мэргэжилтнүүд есдүгээр сард цаг агаар сайхан байвал ургацад нөлөөлдөг гэж байсан?

Хараагүй. Гэхдээ наад хүмүүс чинь одоо үүл рүү буудаад байна гэж хүмүүс над руу ярьсан. Бид боль гэж хэлсэн. Бод л доо одоо байгаа өвс ногоогоо хурааж хадлангаа бэлдмээр байна. Гэтэл үүлэнд нөлөөлөөд бороо оруулаад байхаар хадсан өвс нь харлаад ашиглах аргагүй болно. Ийм юм ойлгохгүй байна. Ядаж салбараа мэддэггүй юм бол хүний үг сонсдог хүн байх хэрэгтэй. Ийм мэдрэмжгүй, сонгогчийн боловсрол ярьсан хуульч гээд байгаа хүнд том салбар хариуцуулчихлаа.

Оросууд одоо үнэн дээрээ тоглоно

Тариа тарих нэрээр төрөөс өчнөөн мөнгө авсан гэж Р.Бурмаа сайд хэлсэн. Тэгэхэд та ч бас байсан. Та тэр мөнгийг авсан нь үнэн юм бол яагаад төлөөгүй юм бэ?

Тэр чинь ийм учиртай юм. Тариаланчид шатахуун авдаг. Авахдаа хямд үнээр бус харин хамгийн үнэтэйг нь худалдаж авдаг юм. Өнөөдөр Улаанбаатарт нэг литр шатахуун 1600 байхад бид 1800 төгрөгөөр авдаг. Буцаагаад төлөхдөө будаагаараа тооцоо хийдэг. Гэтэл бидний тушаасан будаанаас хорогдол гэж хасаад түүнийгээ гурилын үйлдвэрүүдэд шахдаг. Энэ бол төрийн бизнес. Өнөөдөр би өртэй, үнэн. Гэтэл миний өрийг хэвлэлийнхэн дуудаж байгаад зарласан. Миний эрхэд халдаж, компанийн нууц задалсан. Тийм хуульч байдаг юм уу.

Р.Бурмаа сайдыг та компанийн нууц задалсан гэж үзэж байгаа юм бол цагдаад өгчих л дөө?

Би чинь эр хүн юм байгаа биз дээ. Тэр хүнтэй зарга хийгээд явах сонирхол үнэндээ алга. Харин энэ хүн чинь “Шүүхэд өгдөг Бурмаа” гэдэг нэртэй юм билээ. Хамт сонгуульд явж байсан хүнээ шүүхэд өгсөн л гэсэн. Эргэн тойрныхоо хүмүүсийг жаахан асуудал гарахаар нь шүүхэд өгдөг, шантаажилдаг гэсэн. Амьдралын арга барил нь юм уу даа.

Ингэхэд та энэ салбарт хэдэн жил ажиллаж байгаа юм?

20 гаруй жил ажиллаж байна.

Нууц биш бол та хэн гэдэг улстөрчийг салбарын сайдаар ажиллаж байхад хамгийн их зээлийг авсан юм бэ?

Аль ч сайдын үед зээл аваад л, өгөөд л явсан. Надад нууж хаагаад байх зүйл байхгүй. Та нар сэтгүүлчид. Очоод үзэхэд чөлөөтэй. Тэр ч бүү хэл, энэ жил тариа тарьдаггүй хүмүүс хүртэл зээл авсан. Дандаа Р.Бурмаа сайдын цохолтоор авсан байна гэсэн. Хэлдэг үгээ хэлсэн. Намайг цагдаад өгсөн. Би 20 гаруй жил энэ салбарт ажиллахдаа ийм хүн үзээгүй. Уг нь ганц будааны тухай биш үндэсний аюулгүй байдлын тухай яриад байгаа юм.

Яг үнэндээ та хоёрын маргаан даамжирсаар сүүлдээ нэг сайд, нэг компанийн захирлын хоорондын асуудал биш болчихлоо. Ард түмэн гайхаж байна. Та эр хүн шиг зан гаргаад Р.Бурмаа сайдтай эвлэрчих л дээ. Хэн хэндээ ашигтай бас ард түмэнд ч хэрэгтэй шүү дээ?

Дээр хэлсэн шиг ийм улайн цайм байхад яаж эвлэрэх юм. Хэлээд байхад импортын будаа оруулж ирнэ гэнэ. “Чөлөөт бүс” байгуулаад Монголын газар нутгаас 500 га-г гадны хүмүүст өгчихлөө. Энэ миний хувийн асуудал биш. Бид дуртайдаа хэрэлдээд байгаа ч юм биш. Энэ бол манай Газар тариалангийн холбоонд байдаг Монголын нийт тариаланчдын 60-70 орчим хувь мөн Монголын ард түмний асуудал. Тариаланчид одоо туйлдаж байна. Тэд “Бид талбай дээр очиж жагсмаар байна” гэж хэлсэн. Би айсан. Хэрэггүй гэж хэлсэн. Тэр олон ажилгүй, цалингүй болсон хүмүүсийг талбай дээр авч ирээд “асгачихвал” би лав хурааж авч дийлэхгүй. Нөхцөл байдал ийм л байна. Олон жил зээл авсан, өрөнд баригдсан хүмүүс туйлдаж байна.

Энэ жил байдал хүндэрсэн нь тодорхой боллоо. Тэгвэл ирэх жил яах бол. Та нар будаа битгий оруулж ир гээд байдаг. Тэгсэн атал ургацаа алдлаа гээд байх юм?

Будаагаа оруул оруул гэж хэлнэ. Яг одоо Р.Бурмаа 80 тэрбумаар будаа импортлох тухай ярьж байна. Оруулаад л ир. Өнөөдөр Оросын сайт дээр гарсан байна. Монголын Хүнс хөдөө аж ахуйн сайд нь манайхаас будаа худалдаж авна гээд. Тэр хүмүүс одоо үнэн дээр тоглоно. Үнээ нэмнэ. Өндөр үнээр шахах гэж үзнэ. Ирэх жил байдал бүр хүндэрнэ. Үр дүн байхгүй. Энэ их зээл авсан, өрөндөө баригдсан салбараас эерэг зүйл хүлээхэд хэцүү. Гурилын үйлдвэрийн хэдхэн компани жилийн 3.8 хувийн хүүтэй мөнгө авдаг бол бид сарын ийм хүүтэй мөнгө авдаг. Мэдэхгүй ээ. 60 жилийн хугацаанд босч хөл дээрээ тогтсон салбар одоо юу болох гээд байгаа юм. Уг нь хүн хоёр хөл дээрээ явдаг. Үүнтэй адил Монгол Улс уул уурхай, газар тариалан гэдэг хоёр хөл дээрээ явж байсан.Одоо газар тариалан гэдэг хөлийг сонгогчдын боловсрол ярьсан хүнээр салбараа бусниулчихлаа. Төр уул уурхай гэсэн ганцхан хөл дээрээ догонцож байна. Улстөрчид ийм муухай увайгүй, өнгө мөнгө харсан байж болохгүй. Үнэндээ энэ төр рүү харж байгаа ард түмний нүд өөр болчихлоо. Хэзээ ч гал асч магадгүй. Галыг гаргахад амархан. Унтраах хэцүү. Гэвч улстөрчид өнөөдөр үүнийг тоохгүй, анзаарахгүй үнэхээр аймаар байна. Ард түмэн Оюутолгой, Тавантолгой, Өршөөлийн хуулиар амьдардаг юм биш. Гурилаа, махаа идэж амьдардаг юм.

Тэгвэл одоо яах ёстой юм бол?

Ширээний ард нүүр нүүрээ харж сууж байгаад эвээр асуудлыг ярих ёстой.

Ардчилсан намын гишүүн, МоАХ-д харьяалагддаг

Та эрх баригчдыг шүүмжилж байна. Ер нь улс төрд орьё гэж боддог уу?

Өөрийгөө дотор нь яваад байна байна гэж боддог.

Тийм гэж үү. Ингэхэд та аль намын гишүүн юм бэ?

Ардчилсан намд 20 гаруй жил зүтгэлээ. Намынхаа Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн нь.

Танай нам олон фракцитай. Аль нэгд нь харьяалагддаг байх?

МоАХ.

Уг нь танай нам фракцгүй болно гэж байсан. Тэр нь хэрэгжиж байна уу?

Алга болох нь бүү хэл фракц нь бүлэглэл болчихоод байна. Одоо Ц.Элбэгдоржийн, З.Энхболдын. Н.Алтанхуягийн гэсэн бүлэглэл бий болчихлоо.

Танай намыг засаг барьж байхад ийм олон үл ойлголцол, бүтэлгүйтэл газар авч байна. Үүнийг юу гэж харж байна вэ?

Энэ бол аль нэг намын бус засаглалын буруу. Би чамд нэг үлгэр ярьж өгье. Хоёр могой замаар гарах гэж байна гэнэ. Тэр могойны нэг нь гурван толгой, нэг сүүлтэй харин нөгөө нь нэг толгой гурван сүүлтэй. Гэтэл гурван толгойтой могой нь энүүгээр гарна тэрүүгээр явна гэж байгаад замын голд машинд дайруулж. Харин нэг толгой гурван сүүлтэй нь эвийг нь олоод гарсан байгаа юм. Өнөөдөр манай төр гурван толгойтой могой шиг болчихсон. Та нар бод. Монгол Улс аль үедээ илүү хүчтэй байсан бэ гээд. Эзэн Чингисийн, Богд хаант Монгол Улсын үед мөн социализмын үед. Муу хэлээд байдаг Ю.Цэдэнбал даргын үед хүчтэй байсан юм шүү. Тэгэхээр бид Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж засаглалын тогтолцоог өөрчлөх ёстой. Оросын гав гинжнээс гарсан гэх Казахстаны хөгжлийг хар. Назарбаев ганцаараа, 20 жилийн хугацаанд тэр улсыг ямар болгов. Гэтэл манайд ардчилал хэдхэн хүний өмч болчихлоо.

Танай нам төр барьж байна шүү дээ?

Нам биш ээ. Манай улстөрчдийн байгаа байдал. Улстөрчдийн ард том гүрэн байна гэж хардаг. Гадныхны бодлого биднийг ийм болгож байна. Тэд удирдаад байна. Ардчилал гарснаас хойших 20 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын төрийг 200 өрх ээлжлээд барьсан. Тэдний хамгийн муухай зүйл нь идэж уусан мөнгөө Монголдоо байлгадаггүй. Гадагшаа гаргадаг. Авлигын сүлжээ бий болчихсон. Өнөөдөр Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад охин нь хүртэл авлигын хэрэгт холбогдсоныг ард түмэн харж байна. Шинэчлэл л хэрэгтэй.

Уг нь танай намд энэ шинэлэлийг хийх боломж байна. Та энэ тухай ярьдаг уу?

Уулзалдахгүй юм даа..

Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүд хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ?

Н.Алтанхуягийг унагах гэж цуглах шив. Эцэст нь хэлэхэд би 20 гаруй жил бизнес хийж байна. Тэглээ гээд би зээлээс зээлийн хооронд явж байна. Авсан мөнгөө төлөх гэж маш хөдөлмөрлөдөг. Гэтэл төрд дөнгөж гарсан нөхөр асар баян болчихон, түүнийгээ гаднын банкинд байршуулаад явж байна. Боддоо хэдхэн жилийн өмнө миний жолоочийг хийж байсан хүн дарга нарын цүнхийг барьж гүйж байгаад албан тушаал авчихсан. Одоо хэнээс ч билүү баян болчихсон байна. Иймээс Үндсэн хуульд яаралтай өөрчлөлт оруулах хэрэгтэй.

Та ирэх сонгуульд нэр дэвших үү?

Үгүй ээ, тэрэнд санаа зоволтгүй. Намайг тариаланчдынхаа төлөө дуу хоолойгоо гаргаж байхад зарим нь улс төрд орохын тулд шоу хийж байна гэж ойлгодог бололтой.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!