“Залуучууд судлал-Хөгжлийн үйлчилгээ” эрдэм шинжилгээний бага хурлын шилдэг илтгэлүүд шалгарлаа

0
30

Монгол Улсад залуучуудын хүний эрхийн байдал, өнөөгийн залуучуудын амьдралд тулгамдаж буй асуудал, хүчин зүйлсийн нөлөөллийг салбар бүрээр нь судалж гаргасан тоо баримт, судалгаанд үндэслэн хөгжлийн үйлчилгээ үзүүлэх жишиг загвар бий болгох зорилгоор “ЗАЛУУЧУУД СУДЛАЛ-ХӨГЖЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ” эрдэм шинжилгээний бага хурлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын Залуучуудын Холбоо хамтран 3 дахь жилдээ зохион байгуулж байна.

Эрдэм шинжилгээний бага хуралд Их дээд сургуулиудын эрдэмтэн багш, судалгаа, шинжилгээний ажилтан, судлаачид,  залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төр болон төрийн бус байгууллага, нийгмийн болон бусад салбарын ажилтнуудаас эхний шатанд 26 илтгэл хүлээн авсан байна. Сүүлийн шатны хэлэлцүүлэгт нийт 9 илтгэл шалгарсанг 2018 оны 11-р сарын 29-ны өдөр хэлэлцүүлж, шилдгүүдээ шалгарууллаа. Эрдэм шинжилгээний бага хурлыг нээж ГБХЗХГ-ын дарга О.Алтансүх, МЗХ-ны ЕНБД Б.Бэлгүтэй нар үг хэлсэн юм. Сүүлийн шатны хэлэлцүүлгийн шүүгчдээр ГБХЗХГ-ын ЗХГ-ын дарга Э.Бат-Эрдэнэ, МУИС-ийн Социологи Нийгмийн ажлын тэнхимын багш, доктор П.Цэрэнбазар, Нийгмийн Ардчилал, Монголын оюутны холбооны Ерөнхийлөгч Г.Батдорж, МЗХ-ны залуучуудын боловсролын байнгын хорооны дарга, Соёмбо академийн захирал, Боловсрол судлалын доктор А.Санжмятав, Нийслэлийн залуучуудын хөгжлийн газрын Захиргааны хэлтсийн дарга Н.Мандуул нар ажиллаа.

Сүүлийн шатны хэлэлцүүлэгт дараах илтгэлүүд явагдсан юм. Үүнд:

  1. “Хараана бэрхшээлтэй залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн асуудалд” Ч.Даариймаа, П.Батболд
  2. “Шүүхээс өсвөр насны хүнд оногдуулсан хорих ялыг хойшлуулах ажиллагааны зарим асуудалд, Залуучуудын хөгжлийн төвийн оролцоо” Б.Галбадрах, С.Бямба-эрдэнэ
  3. “Орон нутаг дахь өсвөр насныхны мансууруулах бодисын талаарх ойлголт, хандлага, хэрэглээний асуудал” Д.Анхбаяр, Б.Хулан
  4. “Залууст гэр бүлийн боловсрол олгож буй сургалтын хөтөлбөрийн хэрэгцээ, агуулга, үр дүн” Б.Оюун-Эрдэнэ
  5. “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтэд тулгамддаг асуудал” Б.Эрдэнэдалай, Г.Хулан, П.Үүрийнтуяа
  6. “Залуучуудын хөгжлийн төвийн үйлчилгээг залууст хүртээмжтэй хүргэх арга зам” Г.Оюунбаяр
  7. “Залуучуудын хөгжлийн үйлчилгээ ба төрийн байгууллагын мандат” Г.Сумъяабаатар, Д.Ганчимэг
  8. “Завхан аймгийн залуучуудын хөдөлмөр эрхлэх боломж” Д.Бямбадорж, Д.Оюунпүрэв
  9. “Ахлах ангийн сурагчдын сайн дурын ажлын талаарх ойлголт хандлага, тэдний оролцоог нэмэгдүүлэх арга зам” Ө.Халиун

Дараах илтгэлүүдээс нэгдүгээр байрт “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтэд тулгамддаг асуудал” Б.Эрдэнэдалай, Г.Хулан, П.Үүрийнтуяа, хоёрдугаарт байрт “Завхан аймгийн залуучуудын хөдөлмөр эрхлэх боломж” Д.Бямбадорж, Д.Оюунпүрэв, гуравдугаар байрт “Залууст гэр бүлийн боловсрол олгож буй сургалтын хөтөлбөрийн хэрэгцээ, агуулга, үр дүн” Б.Оюун-Эрдэнэ нар шалгарлаа. Судлаачдын дэвшүүлсэн санал, санаачилга, эрдэм шинжилгээний шилдэг бүтээлүүдийг  мэдээлэл болгон ашиглаж, эрдэмтэн судлаачидтай хамтын ажиллагаа тогтоож, шилдэг илтгэлүүдийг олон нийтийн хүртээл болгоно.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!