fbpx
/

“Эрчис ойл”-ыг амилуулахаар Д.Сумъяабазар оросуудтай нийлж хомсдол үүсгэсэн үү?!

10 мин уншина

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, хотын дарга Д.Сумъяабазар нар цаг эргэж, Засаг солигдоход аавын хаалга татаж мэдэхээр галт бөмбөг эргүүлж, ёстой толгойгоороо тоглон тоосноосоо бусгана гээч болж байх шиг байна. 

МИАТ-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөрийг өнгөрөгч есдүгээр сард үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Цар тахлын үед иргэдээ эх оронд нь авчрах ажилд илүүтэй анхаарснаас болж алдагдалтай ажиллаж байна гэж үглэхээс илүүг хийж чадахгүй байсан түүнийг хугацаанаас нь өмнө ийнхүү чөлөөлж, түр орлон гүйцэтгэгчийг томилоод байгаа.

МИАТ-ийн хувьчлалыг эрчимжүүлэх даалгавартайгаар томилогдож байсан Д.Баттөрийг Сү.Батболдын “уяаных” гэдэг.

Тэрбээр Сү.Батболдын Засгийн газрын үед Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд ах, дүүгээ төрийн албанд “чихсэн” хэргээр ажлаасаа чөлөөлөгдөж, Герман дахь Элчин сайдын яаманд Эдийн засгийн зөвлөх нэрийн дор түр бүгж байсан билээ.

Харин У.Хүрэлсүх Засгийн эрхийг авсны дараагаар Сү.Батболдод төлөх олон өрийнхөө нэгэнд МИАТ-ийн захирлаар ажиллаж байсан Т.Тамирыг хугацаанаас нь өмнө чөлөөлж, Д.Баттөрийг нь томилон нэг удаагийн ам хаасан байдаг. Харин Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болохтой зэрэгцэн Д.Баттөрийг чөлөөлнө гэх дуулиан чих дэлсэж байсан нь ийнхүү өнгөрөгч сард биеллээ олсон хэрэг.

Хэнийг ч хугацаанаас нь өмнө хөөхөд шалтаг, шалтгаан хэрэгтэй…

Д.Баттөрийг Ц.Анандбазарын гар хөл, “Бага тэнгэр”-ийн аманд байрлах “Сод Монгол” группийн хаусанд амьдардаг гэх мэдээлэл хээрийн түймэр мэт гэнэт ассан нь тохиолдлын, тэнэсэн мэдээлэл байсангүй. Ц.Анандбазарын шуугиант мэдээлэлтэй зэрэгцэн төрийн албанд олон жилийг өнгөрүүлсэн, өөрийн гэсэн бизнесгүй, халаас хоосон гэгддэг Д.Баттөрийн үнэтэй хаусын мэдээлэл олон нийтэд яаж таатай сонсогдох билээ.

Нэг сумаар хоёр туулай онохын үлгэрээр Тусгаар тогтнолын ордноос шидсэн чулуу Ц.Анандбазарыг, Д.Баттөртэй мөлхүүлсний учиг одоо л тайлагдах бололтой.

МИАТ бол зарим нэгэнд бэлэн мөнгөний “ATM”, монополь компаниудын саалийн үнээ байсаар ирсэн. Тэдний нэгийг Ц.Анандбазар гэдэг байсан бөгөөд үнэхээр ч МИАТ-д өндөр үнэтэй шатахуун нийлүүлдгээрээ Сод Монгол зартай. Энэ давуу эрх нь улс төр, бизнесийн бүлэглэлийнхний үсчих шүлсний шалтаг болж ирсэн.

Гэвч цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй ээ гэж…

Түүний эрх дураараа авирт цэг хатгаж, төр нэрийн дор Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар нар ашиг орлогын нь амыг хааж, “Роснефть”-д атгууллаа.

Шатахууны үнэ тогтворжуулах, нөөц нэмэгдүүлэх гэх гоёмсог шалтгаар нэрийн хуудас хийн “Эрчис Ойл” компанийг Д.Сумъяабазар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа буюу 2020.01.01-нд яамныхаа дэргэд байгуулсныг өмнөх нийтлэлүүдэд дурьдсан. Компанийн захирлаар Замын цагдаагийн газрын дарга асан Т.Занаширын хүү З.Ширзаныг томилсон билээ.

Гэхдээ энэ компани төрийн өмчит эсэх нь огтоос тодорхойгүй байсаар ирэв.

Засгийн газрын тогтоолоор 2020.01.01-нд байгуулсан гэх боловч 2020.04.22-нд “Эрчис-Ойл” ХХК-г байгуулсан баримт бичгүүд бий. Шилэн дансны хөтлөлт ч мөн ялгаагүй ХХК.

Шинэ нисэх буудлын шатахуун хангамжийн байгууламжийг концессийн шууд гэрээгээр авах сонирхол Оросын “Роснефть” компанид байсаар ирсэн. Тэд Монголд салбараа нээх санаархлаа удаа дараа илэрхийлж, тухай бүрт крантаа хаан дарамталсаар яваа нь нууц биш.

“Роснефть”-ийнхэн Ц.Анандбазараар дамжуулан шинэ нисэх буудлын шатахуун хангамжийн байгууламжийг авах оролдлогыг 2017 оноос хийж байсныг учир мэдэх хүмүүс бүгд мэднэ.

Тухайлбал, 2017.09.07-нд Владивостокт зохион байгуулагдсан Дорнын эдийн засгийн форумд оролцох үеэр тухайн үеийн Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат “Роснефть” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн захирал И.И.Сечинтэй шинэ нисэх буудлын шатахуун хангамжийн байгууламжийг шатахуунаар хангахаар хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулсан байдаг.

Тэрхүү концессийн эзэмшигч нь “Сод Монгол групп”-ийн охин компани гэгддэг “Мэргэ ван” байлаа. Гэхдээ У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед өнөөх санамж бичгийг албажуулж, тогтоол гаргуулах гээд дөнгөөгүй. Арайхийн 2018.07.09-ний өдрийн 223 дугаар тогтоол батлагдсан ч УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр “Засгийн газар нэг аж ахуйн нэгжтэй шууд гэрээ хийх эрхийг Засгийн газрын хуралдаанаас гаргачихлаа” хэмээн сенсаацилснаар Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө цуцлагдсан хэрэг.

Энэ үймээний хажуугаар шүүр унасан шулам нисч явсан нь энэхүү “Эрчис ойл” байж. Эхэндээ Төрийн өмчит компани гэсэн халхавчтай байсан бол өдгөө ОХУ-ын “Роснефть”-тэй 60/40-өөр хамтарсан компани болчихлоо. Ноцтой нь Д.Сумъяабазар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа энэ хэлцлийг хийчихсэн байгаа юм.

Өнгөрсөн өдрүүдэд шатахуун хомсдож, импортлогчид ОХУ-ыг зорьсон өдрүүдэд Д.Сумъяабазар “Би л утастаж шатахуун авахаар болсон шүү” хэмээн сошиалд попорсныг энэ зуурт эргэн саная.

Үнэхээр тэр утастсан байх нь…

Гэхдээ шатахууны хомсдол үүсгэж, цар тахлын хажуугаар олон түмний бухимдлыг дээд цэгт хүргэсний эцэст хотын захирагч Роснефть рүү утас цохиод л шатахуун шийдчихсэн нь нэг л хиймэл, худлаа санагдсан нь үнэн.

Гэтэл эл үйлдэл нь Роснефть-тэй нийлж байгуулж буй “Эрчис ойл”-ыг амилуулах гэсэн “хамтарсан” зохиомж байсан гэх мэдээллийг нэгэн эх сурвалжаас өгч байна… Үгүй гэх өнцөг бас үгүй юм!!! Магадгүйгээр барахгүй магадлалт үнэн байж мэднэ.

Учир нь “Эрчис ойл” амилснаар Монгол Улсын онгоцны шатахууныг “Роснефть” бүрэн хангана. Монголын дотоод болон гадаад нислэг, шатахуунаа цэнэглээд дамжин өнгөрөх бүх онгоцыг шатахуунаар цэнэглэнгээ нарийн мэдээллийг цэг таслалгүй аваад, бүртгэлжүүлээд сууж байх бүх боломж “Роснефть”-ийн гарт орно гэсэн үг.

Энэ бол Д.Сумъяабазар Уул уурхайн сайд байхдаа юу хийчихвээ хэмээн зогтусан анхаарах ноцтой асуудал… Ийм боломжийг нээж өгсөн Д.Сумъяабазарыг утастахад “Роснефть” нуур нугас болон тонголзохоос өөр яалтай. Ер нь ч энэ бүх үйл явдал болоод өөрийг нь 1000 эмэгтэйг хүчирхийлсэн гэх байж боломгүй ялд унагасан этгээд Хотын захирагч бөгөөд тэрбээр оросуудтай нийлэн эл сценарийг бичиж, хэрэгжүүлсэн байж мэднэ хэмээн Ц.Анандбазар хардан уурссан гэдгийг парламентын гишүүд хэлж байна.

Тэрчлэн Засгийн газрын өнгөрсөн хуралдаанаар “Роснефть” компани Монголд салбараа нээх тухай дахин хэлэлцсэн байдаг. Энэ мэдээллийг сонссон шатахуун импортлогчид хэдэн цагаар шатахуун түгээлтээ зогсоосон нь тэр дундаа “Эрчис ойл” гэх маск зүүсэн Роснефтэд эгдүүцэхдээ эсэргүүцэл үзүүлсэн Ц.Анандбазарын үйлдэл гэж байгаа.

Арга ч үгүй биз. МИАТ-д шатахуун нийлүүлдэг сувгийг нь Төр нэрээр “Эрчис ойл” компани дээрэмдэн авч, улмаар түүний гар хөл гэгддэг Д.Баттөрийг хугацаанаас нь өмнө “хөөгөөд” явуулчихсан байхад яаж ч тэвчилтэй билээ.

Гэхдээ тэр мянга тэлчлээд намын удирдлагуудаа барьж дийлэх биш… Тэгээд ч Д.Баттөр захирлыг МИАТ-ийг алдагдалд оруулж, дампуурлын ангалд хүргэсэн гэх хэд хэдэн ноцтой гэрээ, контрактад буруутгаж байгаа бөгөөд түүнд нь Ц.Анандбазарын Сод Монгол групп, сахал хочит Д.Эрдэнэбилэгийн Худалдаа хөгжлийн банк тэргүүлсэн хэд хэдэн групп компаниуд холбогдож байгаа юм байх. Тиймээс тэрбээр уур омгоо дарж, намжмал байдалд орсон гэдгийг Засгийн газар дахь албаны эх сурвалжаас хэлж байна.

Үнэхээр ч эл зохиомол хомсдлын дараа “Сод Монгол” болоод Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газраас цуварсан мэдээлэл яаран сандран хийж, тушаал шийдвэрүүдээ үгүйсгэн бужигналдсаныг өнгөрөгч өдрүүдийн үйл явдлууд гэрчилнэ.

Тиймээс Ц.Анандбазарыг “номхруулсан”, Д.Баттөрийг шүүхийн үүд сахиулж мэдэх ноцтой фактууд гээч нь юу болохыг бид нэхэн сурвалжилж, баримттайгаар хүргэх болно.

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо

Latest from Blog

Мэдээ орчуулах »