Зэс хайлуулах үйлдвэр мөрөөдөл төдий үлдэх ёсгүй

0
120

Шинэ засгийн газарзэс хайлах үйлдвэр байгуулах асуудлыг хөндлөө. Олон арван жилийн туршид байнга л яригдаж, хөрөнгө мөнгө зарж судалгаа хийдэг ч биелэлээ ололгүй өдийг хүрсэн уг үйлдвэрийг шинэ Засаг байгуулах чадамжтай юу. Хэр баргын аавын хүүгийн зориг, чадал үл хүрэх уг ажлыг эхлүүлж чадвал Монголын уул уурхайн салбарын түүхэнд алтан үсгээр бичигдэх шинэ хуудсыг нээнэ. Иймээс зэс хайлах үйлдвэр байгуулахад шинэ засгийн өмнө тулгарсан хамгийн том бэрхшээлийг тодруулж байна. Хэрэв уг бэрхшээлийг шийдэх чадамжгүй гэдгийг салбарын яам, Засгийн газар эртнээс хүлээн зөвшөөрвөл болсон болоогүй судалгаа, ажлын багт төсвийн мөнгө үрэхээ больсон нь дээр биз ээ. Дашрамд дурдахад, Уул уурхайн дэд сайд, одоо “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал болсон Х.Бадамсүрэн өмнө нь Зэс хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирлаар ажиллаж, Бор-Өндөрт зэс хайлах үйлдвэр байгуулах ажил өнгөрсөн хавар буюу энэ онд эхлэх боломжтой хэмээн мэдэгдэж байсан юм.

Зэс хайлуулах үйлдвэр байгуулах мөрөөдөл

тээсээр яваа шалтгаан

Монголчууд өнгөрсөн 30 орчим жилийн хугацаанд зэс хайлуулах үйлдвэрийг судлахад хөрөнгө хүч, цагаа зарцуулж, инженер металлургичдын оюун ухааныг уралдуулж ирсэн нь юутай холбоотой вэ. Маш товчоор хариулбал, өвөг дээдсээс өвлүүлсэн баялгаа дэлхийн түвшинд үнэлүүлж, үр шимийг нь бүрэн дүүрэн хүртэх боломж бол зэсээ хайлуулж борлуулах явдал байв. Энэ агуулгыг тоо баримтаар хачирлан доор сийрүүлэхийг хичээе.

Зэс дэлхий дээр хамгийн өргөн хэрэглэгддэг түүхий эд юм. Та бидний өдөр тутам хэрэглэж буй цахилгаан хэрэгсэл, тоног төхөөрөмжөөс эхлээд маш олон салбарт зэсийн хэрэглээ өндөр байгааг бэлээхэн харж болно. Дэлхийн цэвэршүүлсэн зэсийн хэрэглээг авч үзвэл 23 хувь нь барилга угсралт, 17 хувь нь дэд бүтэц, 16 хувь нь үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, 13 хувь нь тээврийн тоног төхөөрөмж, 31 хувь нь бусад салбарт хэрэглэгддэг. 2020 он гэхэд зэсийн хэрэглээ өнөөгийн түвшингээс 40 хувиар өсч 27 сая тоннд хүрэх төсөөллийг олон улсын судалгааны байгууллагууд танилцуулж байна. Зэсийн хэрэглээ өсөхийн хэрээр уг эрдэс баялгаар арвин улс орнуудын “хэтэвч улам түнтийх” боломж бүрдэнэ.

Үүний нэг нь байх боломжтой орон бол Монгол. Учир нь дэлхийн технологийн хөгжилд амин чухал үүрэг гүйцэтгэдэг уг металлын нөөцөөр манай улс дөрөвдүгээрт бичигддэг. Чили улс 150 сая тонн нөөцөөр дэлхийд тэргүүлдэг бол ОХУ 63 сая тонноор хоёр, Австрали 41,3 сая тонн нөөцөөр гуравдугаарт бичигдэж байна. Харин манай улсад судлагдаад байгаа нөөц 36 сая тонноор хэмжигдэж байгаа. Тиймээс Хятадын хувьд манай улсыг зэсийн салбар дахь томоохон түншээ хэмээн хардаг нь дамжиггүй. Оюутолгойн зэсийн баяжмалын экспорт өссөнөөр энэ харилцаа улам гүнзгийрч байна. Цэвэр зэсийг зэсийн баяжмалтай харьцуулахад 5-6 дахин өндөр үнэтэй борлуулагддаг. Манай улсын нийт олборлож буй зэсийн 0.017 хувь нь цэвэр зэс болж байна. Энэ өчүүхэн бага хувийг “Эрдмин” үйлдвэр үйлдвэрлэдэг. “Эрдмин” үйлдвэрийн олж буй мөнгөн дүнг “Эрдэнэт” үйлдвэртэй харьцуулахад өчүүхэн бага. “Эрдэнэт” жилд 500 гаруй мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж байхад “Эрдмин” 2-3 мянган тонн зэсээр хязгаарлагддаг. Харин байгалийн баялгийн үр шимийг хэн нь бүрэн дүүрэн хүртэж байна вэ гэсэн цензурт аваачвал “Эрдмин” илүү юм. Хэрэв манай зэсийн нөөц шавхагдашгүй бол Эрдэнэт, Оюутолгой дээр нь дахин хэд хэдэн үйлдвэр байгуулж аваад баяжмалаа сая сая тонноор зөөгөөд байвал бидэнд ашигтай. Гэхдээ нөөц хязгаартай. Оюутолгой орж ирснээр жилд сая гаруй тонн баяжмал үйлдвэрлэнэ гэж тооцвол 30 гаруй жилийн дараа шавхагдах энэ баялгийг аль болох нэмүү өртөг шингээх нь чухал юм. Гэхдээ 30 жил гэдэг илүү өөдрөг төсөөлөл шүү. Экспортлогчдын холбооны тэргүүн Д.Галсандорж 2018 он гэхэд манай зэсийн баяжмал үйлдвэрлэл 2.2 сая тоннд хүрэх тухай төсөөллөө танилцуулсан. Зөвхөн Оюутолгойн далд уурхай л гэхэд 650 мянгаас 1.8 сая тонн баяжмал үйлдвэрлэх хүртлээ өргөжих аж. Хэрэв энэ баяжмал биш цэвэр зэс байсан бол ч…  Тиймээс зэс эдлэл үйлдвэрлэж томордоггүй юм гэхэд катодын зэсээ хайлуулаад байя хэмээн эртнээс мөрөөдөж ирсэн нь ийм учиртай.

Зэс хайлуулах мөрөөдөл хаана явна вэ

“Эрдэнэт” дээр нэмэгдэж Оюутолгойн зэсийн баяжмалын экспорт өссөн. Баяжмалын хэмжээ өсөхийн хэрээр зэсээ хайлуулах асуудлыг түргэвчлэх учиртай. Харьцангуй найдлага төрүүлж буй нь хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдээс танилцуулсан зэс хайлуулах үйлдвэрийн 1-2 төсөл байв. Гэвч эдийн засгийн хүндрэлээс үүдэлтэйгээр сураг алдараад байна. Хамгийн их найдлага төрүүлж байсан Сайншандын аж үйлдвэрийн цогцолборт баригдах зэс хайлах үйлдвэрийн төсөл бүр замхарсан. Хэдхэн жилийн өмнө “Шандмин” компани Сайншандын аж үйлдвэрийн цогцолборт баригдах зэс хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийн урьдчилсан шатны ТЭЗҮ-г хийж гүйцэтгэснээ танилцуулж, 2014-2016 онд 175 мянган тонн катодын зэс үйлдвэрлэх үйлдвэр ашиглалтад оруулах тухай төлөвлөлтөө танилцуулж байв. Энэ нь өөрчлөгдөж нийтлэлийн эхэнд дурдсанчлан Бор-Өндөрт байгуулахаар болсон. Бүр УИХ-ын 2015 оны 41 дүгээр тогтоолоор баталсан Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөрт зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийн төслийн санхүүжилтийг шийдвэрлэхээр заасан байдаг.

Уг нь “Шандмин” компанийн хийсэн төлөвлөлтөөс харвал 2016 он гэхэд 175 мянган тонн катодын зэс үйлдвэрлэж, 2019-2021 он гэхэд нэмж 300 мянган тонн, 2024-2025 он гэхэд 450 мянган тонн катодын зэс боловсруулах байв. Бараг л сая тоннд дөхчихөж байгаа юм. Монголын экспортлогчдын холбооны тэргүүн Д.Галсандорж 2018 он гэхэд 120 гаруй мянган тонн цэвэр зэс, 13.8 мянган тонн зэс утас, нэмээд 2.2 сая тонн зэсийн баяжмал үйлдвэрлээд эхэлбэл жилд энэ салбараас 4.2 тэрбум ам.доллар ороод ирнэ гэсэн тооцоолол танилцуулж байв.

Сайншандаас гадна зэсийн хоёр төсөл байгаа нь “МАК”, “Ачит-Ихт” компанид харьяалагдаж байна. “Мөнхийн мөрөөдөл” болсон Сайншандын аж үйлдвэрийн цогцолборт баригдах зэс хайлуулах үйлдвэрийн төлөвлөлттэй харьцуулбал дээрх хоёр төсөл  чамлалттай. Учир нь “МАК” компани зэсийн баяжмал үйлдвэрлэнэ. Харин “Ачит-Ихт” 10 мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэнэ. Сайншандад эхний ээлжинд төлөвлөж байсан 175 мянган тонн зэстэй харьцуулахад 17 дахин бага юм. Гэхдээ түрүүлж ургасан чихнээс сүүлд ургасан эвэр урт гэдэг хэмээдэг.

Хүхрийн хүчлийг хэрхэн шийдвэрлэх вэ

Зэс хайлуулах үйлдвэрийн тухай ярихад хүхрийн хүчил нэлээн том байр суурийг эзлэнэ. Өнгөрсөн хугацаанд зэс хайлуулах үйлдвэр байгуулах асуудал хойшлогдсоор ирсэн гол шалтгаан нь хүхрийн хүчил юм. Хувийн хэвшлийнхэн сайндаа л 10 мянган тонн зэс үйлдвэрлэх тухай ярьж, үүнээс томорвол баяжмал руу орж байна. Энэ нь зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрийг далайцтай хөгжүүлэхэд үүсэх хүхрийн хүчлийн асуудлыг хувийн хэвшил шийдэх бололцоогүй гэсэн үг. Тиймээс Сайншандын аж үйлдвэрийн цогцолборт баригдах үйлдвэрийн хүхрийн хүчлийн асуудлыг төрөөс хэрхэн шийдвэрлэхийг зэсийн ордтой компаниуд анхааралтай ажиглаж байна. Хэрэв төрөөс хүхрийн хүчлийг дараагийн шатны бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ашиглах тодорхой шийдэл гаргаад хэрэгжүүлээд эхэлбэл хувийн хэвшлийнхэн зэсийн баяжмалаа хайлуулахад бэлэн байгаа юм. Хүхрийн хүчлийг тойрсон асуудлыг илүү ойлгомжтой болгох үүднээс эхнээс нь сийрүүлье.

Зэсийн баяжмалаа хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулалтын 46-65 хувийг хий цэвэршүүлэх, хүхрийн хүчил үйлдвэрлэх хэсэг эзэлдэг. Өөрөөр хэлбэл, яг зэсийн баяжмалаа хайлуулж, цэвэр зэс гаргах үйлдвэрлэлийн хэсгийн хөрөнгө оруулалт харьцангуй бага. Гол нь зэсийн баяжмал хайлуулах процесоос хүхрийн давхар исэл агуулсан хий их хэмжээгээр ялгардаг. Уг хийг исэлдүүлэн өөр нэгдэлд шилжүүлснээр хүхрийн хүчил бий болдог. Үүнийг хадгалах, тээвэрлэх, цаашлаад хилийн чанадад борлуулахад ихээхэн төвөгтэй, эдийн засгийн хувьд ямар ч ашиггүй. Мэдээж хүхрийн хүчлийг хэрэггүй гээд асгаад, агаарт дэгдээчихвэл байгаль орчинд асар их хохирол учруулна. Тиймээс зэсийн баяжмал хайлуулахын тулд хүхрийн давхар исэл агуулсан хийг цэвэршүүлж, хүхрийн хүчил үйлдвэрлэх үйлдвэрлэлийг давхар шийдэх шаардлагатай байдаг. Өөрөөр хэлбэл, хүхрийн хүчлийг ашиглан уул уурхай, дэд бүтэц, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн салбарт шаардлагатай түүхий эдийг үйлдвэрлэх бололцоотой. Дэлхийн хүхрийн хүчлийн хэрэглээг авч үзвэл 7 хувь нь хүдрийн уусгалт, 2 хувь нь цаасны үйлдвэрлэл, 2 хувь нь фигмент, 5 хувь нь газрын тосны цэвэршүүлэлт, 3 хувь нь резин хуванцар үйлдвэрлэл, 11 хувь нь химийн урвалжуудад ашиглагддаг. Харин хамгийн их буюу 60 хувийг фосфорын бордоо эзэлдэг. Энэ бол хөдөө аж ахуйн салбарт ихээхэн эрэлттэй, үнэ хүрч болох бүтээгдэхүүн юм. Иймээс манай улс зэсийн баяжмал хайлуулах үйлдвэр байгуулснаар бий болох хүхрийн хүчлээр фосфорын бордоо үйлдвэрлэх шаардлагатай тулгардаг. Гэхдээ фосфорын бордоо үйлдвэрлэхийн тулд зайлшгүй фосфоритын ордыг ашиглах шаардлагатай болдог. Ерөнхийдөө зэс хайлуулах үйлдвэрийн асуудал яван явсаар фосфоритын ордыг хэрхэн ашиглах вэ гэсэн уг асуудал дээр зангилагдаж гацдаг.

Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр”-ийн хийсэн судалгаагаар 120 мянган тонн катодын зэс үйлдвэрлэснээр653 сая метр куб хүхрийн давхар исэл агуулсан хий ялгарах аж. Үүнийг исэлдүүлснээр 570 мянган тонн хүхрийн хүчил гарна. Үйлдвэрлэсэн зэсээсээ 4-5 дахин их хүхрийн хүчил юм. Энэ их хүхрийн хүчлээр фосфорын бордоо үйлдвэрлэж газар тариалан хөгжсөн улс орнуудад борлуулж ашиг олохоос өөр сонголт байхгүй. Яахав, хүхрийн хүчлийг уул уурхай, тэр дундаа ураны салбар, гипс үйлдвэрлэх зэрэгт хэрэглэнэ л дээ. Гэхдээ манай 570 мянган тонн хүхрийн хүчлийн ядаж аравны нэг хувийг шингээчих зах зээл дээрх салбаруудад байхгүй. Тиймээс бордоогоо л голлож үйлдвэрлэхээс өөр сонголтгүй болдог.

Инженер металлургич С.Дамбадаржаа “1992 онд Засгийн газарт орж, батлагдсан Зэс хөтөлбөрийн ажлын хэсгийг ахлаж ажиллах боломж олдсон юм. Тэр үеийн уул уурхай, химийн үйлдвэрлэлийн чиглэлийн эрдэмтэд, мэргэжлийн олон инженерүүд энэ зэс хөтөлбөрийг хийхэд оролцсон. Тус хөтөлбөрт олон хувилбараар тооцоо хийсний дүнд зэс хайлуулах явцад дагавар бүтээгдэхүүн болон гарах хүхрийн хүчлийг үр ашигтайгаар ашиглах хамгийн зөв хувилбар нь Бүрэнхааны фосфоритын хүдрийг олдворлох, баяжуулах замаар фосфо баяжмалыг үйлдвэрлэн, зэс хайлуулах үйлдвэрийн дэргэд байгуулах тусгай химийн үйлдвэрт фосфо баяжмалыг хүхрийн хүчлээр боловсруулах замаар фосфорын бордоо үйлдвэрлэх арга юм гэж тогтоосон. Тэгэхээр дан ганц зэс хайлуулах үйлдвэр байгуулах биш хими-металл ургийн цогцолборыг байгуулах нь ашигтай” хэмээн ярьж байна.

Бүрэнхааны орд дахин хөндөгдөж байна

Манай улс фосфоритын нөөц бүхий 50 гаруй орд илрэлтэй. Таамаг нөөц нь 2.4 тэрбум тонн.Гэхдээ эдгээр олон ордоос хамгийн сайн судлагдсан нь Хөвсгөлийн болон Бүрэнхааны ордуудюм. Тиймээс анхнаасаа ашиглахад хамгийн боломжтой хэмээн Бүрэнхааны ордын асуудлыг тавьж ирсэн байдаг. Тус орд нь Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотоос баруун хойш 20-25 км, Дэлгэр мөрөнгөөс хойдзүгт 20 км, Хөвсгөл нуураас урагш 110 км зайд, далайн түвшнээс дээш 1600-2100 метр өргөгдсөн 150 хавтгай дөрвөлжин км талбайг эзлэн оршино. Энд 22-28 хувь P2O5 бүхий хэд хэдэн үе давхарга агуулсан хэсгүүд байна. Хүдрийн нөөцийн үйлдвэрлэлийн B+C категориор 162.6 сая тонн нөөцтэй гэж тогтоогджээ. Судалгаагаар “Эрдэнэт үйлдвэр”-ийг түшиглэн жилд 120 мянган тонн цэвэр зэс хайлуулах хүчин чадалтай үйлдвэр барихад гарах хүхрийн хүчлээр бордоо үйлдвэрлэхэд Бүрэнхаанаас жилд 560 гаруй мянган тонн фосфо баяжмалыг Эрдэнэт хүртэл тээвэрлэх хэрэгтэй гэсэн тооцоо байдаг. Нэг үгээр хэлбэл, бордооны үйлдвэрийг зэсийн үйлдвэрийн дэргэд барина. Тиймээс фосфорын баяжмалыг тээвэрлэн авчирч бордоо үйлдвэрлэх шаардлагатай юм. Үүний тулд Хөвсгөлөөс Эрдэнэт хүртэл 410 км төмөр зам тавьж байж 560 гаруй мянган тонн ачааг тээвэрлэх хэрэгтэй. Эсвэл хүнд даацын машин явах 425 км авто зам тавих ёстой. Тухайн үедээ (1990-ээд оны эхэн үе) зам барих нь хэт өндөр өртөгтэй хэмээн тооцож зэс хайлуулах үйлдвэр барих асуудал хойшилсон. Бас нэг асуудал нь Бүрэнхааны ордыг ашиглавал Хөвсгөл нуурын байгаль экологид сөрөг нөлөө үзүүлнэ хэмээх тухайн үеийн эсэргүүцэл билээ. Энэ тухай нэрт сэтгүүлчдийн томоохон нийтлэлүүд гарч байсныг уншигч та санах биз. Гэхдээ олон судлаач Бүрэнхааны ордыг ашиглах нь Хөвсгөл нуурт ямар ч нөлөөлөлгүй гэдгийг барин тавин хэлдэг бөгөөд энэ чиглэлээр судалгаа хийсэн олон улсын байгууллагууд ч эерэг хариулт өгсөн байдаг.

Бүрэнхааны ордыг ашиглах уу

Бүрэнхааны ордыг ашиглан бордоо үйлдвэрлэх хувилбар одоо ч ганц боломж хэвээр байгаа бололтой. Учир ньхамгийн сүүлд 2013 онд “Эрдэнэт үйлдвэр”-ээс “Металс Монголиа” чуулга уулзалтад оролцох үеэр цаашид Бүрэнхааны фосфоритын ордыг түшиглэн бордооны үйлдвэр байгуулахад хүхрийн хүчлийн их хэмжээний хэрэглээ бий болох боломжтой тухай онцолсон. Мөн хүхрийн хүчлийг дараагийн шатны бүтээгдэхүүний  үйлдвэрлэлд ашиглахын тулд төр засгийн зүгээс шийдвэр гаргах нь нэн чухал байгааг анхааруулсан. Эндээс Бүрэнхааны ордыг ашиглах асуудал одоо ч хамгийн найдвартай хувилбар хэвээр байгаа бөгөөд төрөөс тодорхой шийдэл гаргах шаардлагатай гэсэн санааг харж болно. Нөгөө талаас судлаачид Эрдэнэтээс гадна Оюутолгой, Цагаансуваргын төслүүд хэрэгжиж эхэлсэн энэ үед Бүрэнхаанаас зам тавих нь эдийн засгийн хувьд ашигтай болсон хэмээн баталдаг.

Бүрэнхааныг ашиглах чиглэлээр ямар дэвшил гарсан бэ

Зэс хайлах үйлдвэр байгуулж, хүхрийн хүчлийг ашиглан бордоо үйлдвэрлэхэд Бүрэнхааны фосфоритын ордыг ашиглах хувилбар одоо ч хэвээр байгаа юм бол ордын ашиглалттай холбоотой асуудал ямар шатанд яваа юм бэ гэсэн асуулт гарна. Харамсалтай нь төрд тус ордыг болон фосфоритын бусад ордыг ашиглахтай холбоотой тодорхой бодлого, чиглэл бий гэхэд эргэлзэхэд хүрч байна. Зэс хайлуулах үйлдвэр барина хэмээн мөрөөдөж, төлөвлөөд яваад байдаг. Гэтэл хамгийн гол зүйл болох фосфоритын ордыг ашиглах асуудал аль 20 гаруй жилийн өмнөх түвшиндээ байна. Үүнийг илтгэх нэг сонирхолтой зүйл нь Сайншандын аж үйлдвэрийн цогцолборт баригдах зэс хайлуулах үйлдвэрийн танилцуулгад бордоо үйлдвэрлэх асуудал байхгүй байсан юм. Танилцуулгад хүхрийн хүчил үйлдвэрлэнэ хэмээн тусгаснаас бус фосфоритын бордоо үйлдвэрлэх талаар мэдээлэл алга. Эндээс хүхрийн хүчлээ шууд борлуулна хэмээн тооцсон юм болов уу хэмээх таамаглалд хүрч байна. Гэтэл ийм бололцоо бий юу, байлаа ч эдийн засгийн хувьд ашигтай байж чадах уу гэдэг тун эргэлзээтэй. Учир нь манай судлаачид хүхрийн хүчлийг дангаар нь борлуулах нь эдийн засгийн хувьд ямар ч ашиггүй хэмээн баталж, фосфоритын бордоо үйлдвэрлэхээс өөр сонголтгүй гэсэн дүгнэлтэд суурилан өнгөрсөн олон арван жилийн турш энэ асуудлыг судлаж ирсэн.

Тиймээс хоёр асуудлыг маш тодорхой болгох хэрэгтэй байна. Юуны өмнө нь хүхрийн хүчлийг дангаар нь үйлдвэрлэх нь эдийн засгийн хувьд ашигтай эрсдэлгүй байж чадах, дараагийнх нь фосфоритын ордыг ашиглах чиглэлээр тодорхой шийдэлд хүрсэн үү гэсэн асуулт юм. Дээрх хоёр асуултын аль нэг нь тодорхой хариулттай байсан тохиолдолд зэс хайлах үйлдвэр баригдах нь хэмээн итгэх үндэслэлтэй билээ. Хэрэв өнөөг хүртэл хүхрийн хүчил, фосфоритын ордыг тойрсон асуудлыг хэрхэн шийдэхээ тодорхойлж, ажил болгож эхлээгүй бол зэс хайлах үйлдвэртэй болох мөрөөдөл замхаран сарних магадлал өндөр болно гэсэн үг. Төр та хариултаа өгнө үү…

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!