Х.Булгантуяагийн зүтгүүлж буй хуулийн төслийн ард Г.Занданшатар бий юү?

-Хэлэлцэх асуудлын 52-т эрэмбэлэгдсэн төслийг яагаад гэнэт яаралтай хэмээн очёр дайруулав-

Хөрөнгө оруулалтын тухай гэх гоё нэртэй ч үнэндээ Гадаадын иргэн харьяатын асуудлаар хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэсэн Х.Булгантуяа, Х.Ганхуяг нарын оролдлого сүүлийн хэдэн өдөр сошиал орчинд хэрүүлийн алим болж байна. Тэд дөрвөн зүйл бүхий ганц хуудас хуулийн төсөлд гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүл Монгол Улсад хувийн хэргээр оршин суух хүсэлт гаргасан тохиолдолд 50 мянган ам.доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт хийснийг нь үндэслэн олон удаагийн орж, гарах виз олгох эрх зүйн орчинг бүрдүүлэхээр тусгасан байгаа юм.

Чухамдаа энэ хэмжээний мөнгөөр Монголд эзэн мэт дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэнэ гэсэн үг. 

50.000 ам.доллар гэдэг хэр их мөнгө вэ. Өнөөгийн ам.долларын ханшаар 150 сая орчим төгрөг. Энэ мөнгөөр хотын захын дүүрэг хороодод л хашаа байшин авах байх. Монгол төгрөг ингэтэл унасныг Х.Булгантуяа, Х.Ганхуяг нар мэдэхийн дээдээр мэддэг байж таарна.

Монгол Улсад хөрөнгө оруулалт хэрэгтэй юу гэвэл маш их хэрэгтэй байгаа. Тэр тусмаа авдрын ёроолоо гаргачихаад байгаа энэ үед бүр ч хэрэгцээтэй байгаа хэдий ч 50-хан мянган ам.доллараар эх орноо худалдах хэмжээнд бол биш юм.

Г.Занданшатар хууль санаачлагчдын нэг үү эсвэл…

Чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллын 52-т эрэмбэлэгдэж байсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн нэмэлт өөрчлөлт гэнэт яаралтай гэх горимоор хэлэлцэгдэв.

Гэнэтийн энэ шуурхайлалт УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нар АНУ яваад ирсний дараахан гэрлийн хурдаар өрнөж буй нь хардлага дагуулж байна. Г.Занданшатар, Х.Булгантуяа нарын хувьд эртнээс гар нийлж, хамтран ажиллаж дадсан нөхөд. Тэдний холбоо сүлбээг Г.Занданшатарын Гадаад хэргийн сайд байх үеэс эхэлсэн гэдэг.

Сангийн дэд сайдаар ажиллаж байсан Х.Булгантуяа Европын холбоонд захидал хаягласнаас үүдэн Монгол Улс саарал жагсаалтад орсон “хэрэг”-ийг тухайн үеийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд олон нийтэд дэлгэж байлаа.

Гэсэн хэдий ч УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсыг саарал жагсаалтад оруулсан “гэмт этгээд”-ээр Х.Булгантуяаг бус тухайн үеийн Монголбанкны удирдлага Н.Баяртсайханыг нэрлэж, албан тушаалаас нь чөлөөлөх үндэслэл болгож байсныг бүгд мэднэ.

Мөнгө цохих хошин үзэгдлүүдийн нэг гэгдээд байгаа “Өсвөрийн парламент” төслийг санаачлагчид нь Х.Булгантуяа, Г.Занданшатар нар.  Санаа нэг, зорилго ижил загалууд гэгддэг тэднийг Засгийн газартай холбох гүүр нь Ж.Мөнхбат болдог.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар нарын харилцаа тийм ойр биш. Нааш харж маасайн, цааш харж нүдэлддэг мань эрс У.Хүрэлсүх, Х.Баттулга нараар холбогддог хэдий ч хоноц хоноцдоо дургүйн үлгэрээр хөшигний ардах эрх мэдлийн төлөөх дайсагналцал нь улам ширүүсч байгаа.

Гэлээ гэхдээ Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтийг Засгийн газар илүү дутуу үггүй дэмжсэнийг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хүчин чармайлт хэмээн кабинетийнхан хэлж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн суганы үс гэгдээд байгаа Ж.Мөнхбатыг Х.Булгантуяатай нутаг ус төдийгөөр хязгаарлагдахгүй дотно нөхөд гэдгийг ойр тойрныхон нь андахгүй.

Засгийн газрын хуралдаанаар ийнхүү Ж.Мөнхбатын дэмжлэгийг аван ногоон гэрлээр гарч ирсэн хуулийн төслийг жагсаалт дайруулах эрх ганц Г.Занданшатарт бий.

Тэрбайтугай хуулийн төслийн санаачлагчдын нэг нь Г.Занданшатар гэх яриа хүчтэй яригдах болов. Үнэхээр ч Х.Ганхуяг мэдээлэл хийх бүртээ “Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар байсан” хэмээн тодотгоод байгаа нь санаандгүй хэрэг биш биз.

Хуульд Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-ын гишүүн хууль санаачлах эрхтэй. Харин УИХ-ын даргад хууль санаачлах эрх бий эсэх талаар тусгагдсан заалт байхгүй. Тэгэхээр очёр дайруулан зүтгүүлсэн Г.Занданшатар нэр нь бичигдээгүй санаачлагч байж мэдэх юм.

Нөгөөтэйгүүр хууль санаачлагчдын 50 хувь нь хуулийн төслийг эргүүлэн татвал шууд буцаах хуультай. Санаачлагч биш атал санаачлагч мэт харагдуулж, харлуулж, халхавч болгож буйд бухимдсан П.Анужин, Д.Өнөрболор нар хуулийн төслийг эгүүлэн татахаа мэдэгдсэн. Алин ч байлаа гэсэн, тэд хуулийн төслийг эргүүлэн татахаар болсон бол эгүүлэн татагдсанд тооцох ёстой. МАН-ын бүлгийн дарга ч эргүүлэн татна гэсэн байгаа.

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөг хүртэл очёр дайруулж ирээд, чичрэн зүтгүүлсээр байгаа нь хардлагын олон асуултыг бий болгож байна. 

Х.Булгантуяа бусдын захиалгаар хөдөлсөн үү?

Хуулийн төслийг өргөн мэдүүлэх тухай УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн албан бланк дээр гарын үсэг зурсан нэрсийн хамгийн эхэнд Х.Булгантуяагийн нэр бий. Өргөн барьсан хуулийн төслийн санаачлагчийг нь тэргүүнд эрэмбэлэн гарын үсэг зуруулдаг улс төрийн “дэг” бий.

Эл “дэг”-ээр бол Хөрөнгө оруулалтын босгыг хашаа байшингийн үнийн хэмжээнд навс буулгаж, 50.000 ам.доллар өвөртлөөд ирсэн хэнбугайд ч Монголд нүүдэллэх эрх олгох санаачилга Х.Булгантуяагийнх байх нь.

Сангийн дэд сайдаар ажиллаж байсан энэ бүсгүйг Хятадад мэдлэг боловсрол эзэмшсэнийг нь мэдэхгүй хүн ховор. Тэр бүү хэл, УИХ-ын сонгуулийн компанит ажлыг нь Тайваниас удирдаж байсан гэх баримт тухайн үед дэлгэгдэн шуугиан тарьж байв.

УИХ-ын гишүүн агсан М.Батчимэгийн зөвлөхөөр ажиллаж байсан З.Пагмажав Тайванийн тагнуулын хэргээр шүүхээс 16 жилийн хорих ял сонсоод удаагүй байсан үе тул олон нийт эл мэдээлэлд нэлээд цочир хандаж байлаа.

Х.Ганхуяг 33 тэрбум төгрөгийн зээлээрээ “барьцаанд” орчихсон юм биш байгаа

Тооны ухаан гадарладаг эл залууг парламетын босго давахад олон хүн алга ташиж байв.

2016 онд АН-аас УИХ-ын сэнтий рүү мөлхөөд бараагүй тэрбээр 2020 оны сонгуулиар МАН-ын нэрээр дэвшиж ялалт байгуулсан юм. Чухамдаа үзэл баримтлал, үнэт зүйл ховор. Эрх мэдэл, эрх ашгийн төлөө өнгөө хэд ч хувиргаж чадах нэгэн гэгддэг.

Дархан эрх ямба эдлээд удалгүй Хөгжлийн банкнаас 33 тэрбум төгрөгийн зээл авсан хэрэг нь дэлгэгдэв. “Би биш, улс төрийн гүжирдлэг” хэмээн улстөрчдийн хэлдэг цайны үгээр хэргээ хаацайлах гэж мэлзсэн ч зээл авсан “Вертекс майнинг партнер” компани нь Х.Ганхуягийн дүү Х.Хашчимэг болон гишүүн Д.Дамдинням нарынх болох нь баталгаажсан.

Өрөнд баригдсан нэгэн бусдын хувьд зөөлөн өгөөш.

П.Анужинг хуулийн төсөлд “наах”-ын учиг

П.Анужин, Д.Өнөрболор нарын хэлж байгаагаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлд тэдний мэдэхгүй олон заалт тусгагдсан гэж байгаа. Тангараг өргөсөн гишүүд худлаа хэлэх учиргүй. Тэгэхээр энэ бол санаатай үйлдэгдэж буй хуулийн хулгай байж таарах нь.

П.Анужин гишүүн хуулийн төслийг дэмжээгүй төдийгүй санаачлагчдын нэг ч биш гэдгээ хэлж байгаа. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг ч хэлэлцүүлэгт Д.Өнөрболор оролцож байсан л гэж дурьдсанаас П.Анужин байсан талаар ганц удаа дуугараагүй. 

Үүнийг нь Хуулийн төслийг өргөн мэдүүлэх тухай Х.Ганхуяг гишүүний бланктай албан тоотод нэр бүхий 4 гишүүний нэр зоолттой ч П.Анужингийн гарын үсэг байхгүй байгаа нь нотолж байгаа юм. Тэгвэл яагаад түүний нэрийг ашиглав, албан тоотод “зоов”…

Арай УИХ-ын даргадаа хөтлүүлсэн Х.Булгантуяа нарын нөхөд “хуулийн хулгай” хийх гэсэн юм биш байгаа…

Эл хардлагыг нотлох мэт УИХ-ын гишүүдэд тараагдсан хуулийн төслийн анхны хувилбар дээр ч П.Анужингийн нэр, гарын үсэг байхгүй байсан нь өнөөдөр Төрийн ордонд шуугиан тарьж байна.

Тиймээс хуулийн төслийг эргүүлэн татсан ч нэр бүхий гишүүдийг шалгуулах ёстой гэх хатуу шаардлагыг олон гишүүн илэрхийлжээ.

Тэд “Очёр дарааллаа хүлээлгүй яаруу давчуу оруулж ирж буй ганц хуудас эл хуулийн төсөл хэний захиалгаар боловсруулагдав. Хууль санаачлагч нь Х.Булгантуяа атал яагаад Х.Ганхуягийн бланк дээр албан тоотоо буулгав. Хууль санаачлагч нь биш, гарын үсэг нь ч байхгүй байтал өнөөг хүртэл П.Анужинг тоглолтод чирч оруулж ирэн чичлүүлж буйн учир юув. Хуулийн төсөл олон нийтийн хардаж байгаачлан тодорхой захиалагч, санхүүжүүлэгчидтэй юм биш байгаа… Хэрэв тийм бол Хууль тогтоох дээд байгууллагын гишүүд эх орноо худалдах хэмжээний барьцаанд орсон уу. Тэдний цаана өөр хэн давхар худалдагдаж, ямар лобби өрнөснийг яаралтай шалгаж, тогтоох хэрэгтэй” хэмээн бужигналдаж, өрөө хооронд шивэр авир хийн бөөгнөрч эхлэв…

Үнэхээр ч хэлэлцэх асуудлын жагсаалтад 52-т эрэмбэлэгдэж байсан төсөл яагаад ингэтэл дараалал дайран орж ирснийг УИХ-ын дарга Г.Занданшатар тайлбарлах хэрэгтэй байх.  

Энэ бол сошиал орчинд хэн нэгнийг харлуулан зүхэж, хараан загнаж байгаад батлуулчихдаг хоол цайны цэс төдийхөн зүйл биш юм.

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо

Орчуулах »